Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.09.09 18:54
10876
Утаатай тэмцэх үү? Улс төржсөөр улсаараа угаартах уу?

Улаанбаатар хот УТААНБААТАР болсоор олон өвлийг үдэж байна. Харамсалтай нь нийслэлчүүд хавар зуны дэлгэр сайхан өдрүүдэд утааны асуудлыг мартаж, хүйтэн сэрүүний улирал сая нэг ирмэгц л агаарын бохирдолтой хийх тэмцэл ид өрнөдөг. Улмаар аймгийн төвүүдийн агаарын бохирдол нэмэгдэх болсноор утаа нь зөвхөн нийслэлчүүдийн гэлтгүй нийт Монголчуудын асуудал болсон.

Тэгвэл утаа багасгах асуудлаар ямар ямар арга хэмжээ авсан талаар товч өгүүлэхэд,

Сайжруулсан зуух: Гэр хорооллын айл өрхүүдийн уламжлалт зуухыг бүрэн шаталттай, утаа ялгаруулалт багатай “Цэвэр” зуухаар солих нь утаа бууруулах арга гэж үзэн нам даралтын муудсан зуухнуудыг солих ажлыг 2011 оноос хойш зохион байгуулж, нийслэлчүүд утаагүй, сайжруулсан гэх тодотголтой зуухтай нөхөрлөсөн.

Харамсалтай нь одоо л нэг утааны эсрэг тэмцэл дуусгавар болох нь гэтэл хөтөлбөрийн үр дүн биднийг түлшээ бэлтгэх зуур утаа буурна гэх итгэлтэй цуг замхарсан байлаа.

Шахмал түлш: 2018 онд Засгийн газраас “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” тогтоол гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 15-аас эхлэн зөвшөөрснөөс бусад хэрэгцээнд түүхий нүүрс хэрэглэхийг хориглож байв.

Гэтэл түлшийг тараахаас урьтаж зуухны зөв хэрэглээний талаар мэдээлэл, мэдлэг хомс байснаас үүдэн угаартах ослууд гарч тухайн үед 12 хүний амь эрсдэж, олон мянган хүн угаартсан гэсэн дуудлага бүртгэгдэж байсныг мартах учиргүй.

Тэгвэл уржнан жилийн өвлийн хувьд идэр есийн хүйтэн эхлэхэд утаа багассан юм уу хэмээн эргэлзсэн нэгэн байхад нүдэн баримжаагаар нээрээ багасчихсан ч юм уу даа гэх нэг нь ч байлаа.

Гэвч сүүлийн 2 өвөл нийслэлчүүд том жижиггүй, хөгшин залуугүй утаандаа угаартаад, эмнэлгийн үүд сахиатай өвөлжсөн нь ч гашуун үнэн тул бид алдаагаа хүлээн зөвшөөрч байж урагшилна гэдгийг ч бас санах нь зөв.

Тэгвэл энэ удаагийн агаарын бохирдлыг бууруулах туршилт бол хагас кокс.

Тодруулбал, Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулах зорилгоор БНХАУ-аас хагас коксожсон 80 тонн түлш импортолж, үйлдвэрлэлийн туршилт хийн лабораторийн шинжилгээ хийж холбогдох үнэлэлт, дүгнэлт гаргах ажлуудыг зохион байгуулсан байна.

Ингэхэд, хагас коксон түлшний техникийн үзүүлэлт, утаанд агуулагдах хорт хийн хэмжээг мидлингээр үйлдвэрлэсэн түлштэй харьцуулахад дэгдэмхий 51.9%, хүхэр 57.7%, үнслэг 37.2%-иар тус тус бага, хаягдал утаанд агуулагдах тоосонцрын хэмжээ 72.6%, хүхэрлэг хийн хэмжээ 85.5%, угаарын хийн хэмжээ 10.8%, азотын исэл 23.5%-иар тус тус буурсан үр дүн гарчээ.

Хагас коксын түлшээс гадна гал асаагч бүтээгдэхүүнийг давхар туршиж, дотоодын үйлдвэрүүдийн хийж байгаа модны үртэс, өөх тосны багсармалтай бүтээгдэхүүн, хагас кокс асаагч зориулалтын цахилгаан асаагч зэргийг туршиж үзсэн байна.

Дээрх хагас коксын түлшийг хийхийн тулд БНХАУ-аас хагас коксын түүхий эдийг авч аравдугаар сараас эхлэн Тавантолгой түлш ХХК-ийн үйлдвэрт үйлдвэрлэхээр тооцоолсон байна. Хэрэв дээрх 45 хоногийн хугацаанд утаа 50 хувиар багасаж үр дүнгээ өгвөл ирэх оноос Багануурын уурхайг түшиглэн хагас коксын үйлдвэр барьж хүрэн нүүрснээс кокс ялгаж авах юм байна.

Бидний сурвалжлах баг 45 хоногийн туршилтаас урьтаж, БНХАУ-ын Хөх хотыг зорьсон юм.

Ингээд шахмал түлшний технологийн компани, “Хун Шайн Шүн Мэй”, Шанши нүүрс химийн үйлдвэрийн Шэнмү эрчим хүчний технологийн компани болон “Ван Жон Вэй Еэй” нарын үйлдвэрүүд дээр газар дээр нь ажиллаж, утааны асуудлаараа дэлхийд “цойлж” байсан Хятад улс өнөөдөр утаатай тэмцэх ажлын үр дүнгээрээ хэрхэн дэлхийн үлгэр жишээ улсуудын нэг болсон талаар судаллаа.

Хагас коксон түлш гэдэг нь нүүрсийг өндөр градусын температурт халууны задралд оруулан боловсруулж гаргаж авсан утаагүй түлш бөгөөд ахуйн болон нийтийн халаалтын зориулалтаар хэрэглэгддэг. БНХАУ-д хагас кокс үйлдвэрлэдэг 300 гаруй үйлдвэр бий.

Үйлдвэр 1: Манай улсын Тавантолгой Түлш ХХК-тай ижил үйл ажиллагаатай буюу шахмал түлш үйлдвэрлэдэг компани. Ингэхдээ бүрэн автомат технологитой байх бөгөөд жилд 600 мянган тоннын хүчин чадалтай. Хүний гараар хийгдэх процесс байхгүй тул шат дамжлага нь хурдан. Нийт 120 гаруй ажилтантай. Дулааны улиралд амарч, хүйтэн сэрүүний улирал буюу есдүгээр сараас эхлэн үйл ажиллагаагаа явуулдаг байна.

Үйлдвэр 2: Хагас кокс, эрчим хүчний үйлдвэр. Жилд 800 мянган тонн хагас кокс үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд хагас кокс үйлдвэрлэхэд гарсан хийг цахилгаан станц руу явуулж эрчим хүч үйлдвэрлэдэг. Харин давирхайг химийн үйлдвэрт өгнө. 

Үйлдвэр 3: 1999 онд байгуулагдаж 2011 оноос төслийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус компани 600 сая юанийн өртөгтэй. 900 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай.

Хагас коксон нүүрсийг ширхэглэлээр нь дөрөв ангилж, хамгийн том бүхэлтэйг гангийн үйлдвэрт, хамгийн нунтаг бүтээгдэхүүнийг манай "Тавантолгой түлш" ХХК-ийн шахмал түлшний үйлдвэртэй ижил үйлдвэрт нийлүүлдэг аж.

Товчхондоо, Хагас коксжуулах аргаар сайн чанарын нүүрс тухайлбал, коксождог болон чулуун нүүрсийг өндөр температурт боловсруулж, хар төмөрлөгийн үйлдвэрийн чухал хэрэгцээт түлш ба ангижруулагч кокс, байгаль орчинд хоргүй утаагүй түлш, нүүрсэжсэн нүх сүвэрхэг материал зэрэг үндсэн хатуу бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэн хэрэглэж байна. Эдгээр үндсэн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх явцад давирхай ба хий дагалдан үүсдэг.

Давирхай нь органик химийн үйлдвэрийн гол түүхий эд болдог бөгөөд давирхайг боловсруулан шатахуун, эм, бордоо, тэсрэх ба угаалгын бодис, будаг зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн болоод химийн бодисыг гарган авах боломжтой байдаг бол хийг цахилгаан станцад нийлүүлж эрчим хүч үйлдвэрлэж байна.

Маш олон дамжлага дамжиж үйлдвэрлэгдсэн тул стандарт нь нарийн судалгаатай, байнгын шинжилгээнд хамруулдаг тул алдаа гарах боломжгүй гэдгийг тухайн үйлдвэрүүдийн холбогдох албаныхан онцолж байсан юм. Агуулгаараа аюулгүй гэсэн үг.

Тэгвэл Монголчууд туршилтад бэлэн үү гэдэг асуудал хөндөгдөнө.

Мэдээж хэн хүнгүй туршилт гэх үгнээс цэрвэж буй. Нэг л өглөө нийслэлчүүд тэр аяараа сэрэхгүй унтсан байх вий гэсэн болгоомжлол ч бий. Гэхдээ бид анх удаа туршилтын туулай болох гэж байгаа юм биш. Олон улс оронд  хэдийнээ туршиж, хэрэглээндээ нэвтрүүлсэн зүйлийг бид ашиглах гэж байна. Шахмал түлштэй харьцуулахад агаарын бохирдол 50 гаруй хувиар буурах нь судалгаа шинжилгээгээр батлагдсан.

Гол нь алийн болгон айлаас давсаа хүртэл гуйх вэ? Бидэнд бүх түүхий эд, боломж нь бий. “Мэргэжлийн” хүмүүсийнхээ үгийг сонсож, судалгаа шинжилгээндээ түшиглэн үйлдвэрээ л нэн яаралтай байгуулах шаардлагатай.

Ямартай ч сайжруулсан нэртэй туршилтууд Улаанбаатарын утааны асуудлыг шийдээгүй. Тиймээс бид алдаагаа хүлээн зөвшөөрч, хий хоосон улс төржиж, талцахгүйгээр урагшлах ёстой. Шахмал түлш, сайжруулсан зуух гээд олон удаагийн оролдлогын эцэст зөв шийдэл рүү алхам алхмаар ойртож ч байж болох... Үндсэндээ утаатай тэмцэх бодлого шийдлээ үгүйсгэж, улс төржсөөр улсаараа угаартах  эсэх сонголт бидний гарт байна гэсэн үг!