Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.18 14:22
1531
Шувуу ажиллагааны хүрээнд интерполын шугамаар 50 этгээдийг олжээ

ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГААС “ШУВУУ” АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ИНТЕРПОЛЫН ШУГАМААР 50 ЭТГЭЭДИЙГ ОЛЖ ТОГТООЖЭЭ.

Цагдаагийн байгууллага Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хэмжээнд 92 этгээд эрэн сурвалжлаж байгаагаас 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар Интерполын “Улаан булант” зар мэдээгээр 4, “Хөх булант” зар мэдээгээр 46, нийт 50 этгээдийг олж тогтоон, олон улсын эрэн сурвалжлалтыг зогсоосон байна. 

Олж тогтоосон этгээдүүдэд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, одоогын байдлаар 28 этгээдэд холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэжээ. Интерполын шугамаар эрэн сурвалжлагдаж буй үлдсэн 42 этгээдүүдээс оршин байгаа газар нь тогтоогдсон 25 /үүнээс Ази тивд 15, Америк, Европ тивд 10/ этгээд байна. Байгууллага хоорондын хамтын ажиллагаа, зохих хууль, журмын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт хүргүүлж, 29 этгээдийн гадаад паспортын бүртгэлийг хүчингүй болгож, холбогдох гадруудад мэдээлэл дамжуулжээ.

Мөн “Эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээ” байгуулсан улс орнуудаас 12 этгээдийг шилжүүлэн авахаар тухайн улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны хүрээнд оршин суугаа улс нь одоогоор тодорхой бус үлдсэн этгээдүүдийг Олон Улсын Цагдаагийн байгууллага буюу Интерпол болон бусад байгууллагын дэмжлэгтэй эрэн сурвалжлах ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байгаа аж.