Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Улс төр
2023.09.18 15:42
2861
Хөрөнгө, орлого нь 3 тэрбум 122 сая болж өссөн "АЖНАЙ" Д.Бат-Эрдэнийн нүүрсний хэрэг ЗАМХРАХ НЬ...

Нүүрсний хулгайчдыг зарлахыг шаардсан жагсаал төв талбайд сар орчмын хугацаанд үргэлжилж нэр бүхий УИХ-ын гишүүдийн нэрсийг АТГ-аас зарласан. Улмаар нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан нарыг яллагдагчаар татах саналыг АТГ-аас прокурорт хүргүүлсэн билээ.

Ийн дөчин их наядын нүүрсний хэрэгт нэр нь холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түтгэлзүүлэхийг УИХ-аар хэлэлцэж, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарыг чөлөөлсөн юм. 

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцуүлэг болж, энэ үеэр "Эрдэнэс Тавантолгой"-н Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг "Бидэнд жорлонгийн хэрэг тохоод жинхэнэ эзэд нь ард үлдэх нь. 76-уулаа энд ирж шүүгд" гэв.

Оргүй үг биш. Ямар нэг учир зангилаа, түүний цаана том ар байгаа болохоор л зоригтой дуугарсан байж мэднэ. 

Гэтэл нүүрсний хулгайн хэрэг шүүхийн шатандаа явж байгаа үед уснаас хуурай гарч, хэрэг нь замхрах магадлалтай хүмүүсийн нэг бол УИХ-ын гишүүн асан "Ажнай"  Д.Бат-Эрдэнэ.

Бүрэн эрх нь түтгэлзсэн УИХ-ын хоёр гишүүний нэг нь шүүх танхимд, нөгөө нь учир битүүлэг байгаа нь нүүрсний хулгайд гар дүрсэн хүн бүрт хууль эрх тэгш үйлчлэх ёстойг харуулж байна. Мэдээж Т.Аюурсайхан нүүрсний гэх хэрэгт холбогдож буй хүмүүсийн тэргүүн эгнээнд гэдэгтэй санал нийлэх хүн олон. 

Д.Бат-Эрэдэнийн хувьд Т.Аюурсайхантай мөн л адил хамаарал бүхий гэдэг шалтгаанаар хэд хэдэн хүнийг шалгасан. Тухайлбал, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг шалгаж, Д.Бат-Эрдэнэтэй уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр хүртэл гарч байв.

"Ажнай" Д.Бат-Эрдэнэ нь орон нутгийн жижиг Тавантолгойн нүүрсийг олборлосон, зөөсөн хэрэгтэй холбоотойгоор хардагдаж ирсэн. 

УИХ-ын гишүүн өөрөө нүүрсээ хулгайлдаг хэмээн түүнийг онилж эхэлсэн үе бол 2017 он. Тухайн үед Д.Бат-Эрдэнийг 340 мянган тонн нүүрс хулгайлж, тэр нь 60 тэрбум төгрөгтэй тэнцэнэ хэмээн УИХ-ын нэгэн гишүүн ам нээж байв. 

Тодруулбал “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн Цанхийн Зүүн уурхайн урд хэсэг нь орон нутгийн жижиг “Таван толгой” ХК-ийн дөрөвдүгээр уурхайн тусгай зөвшөөрлийн талбайн хойд хэсэгтэй уртрагийн 4831181 солбилцлоор огтлолцдог. Яг энэ огтлолцол дээр нүүрсэн мөргөцөг байдаг. Энэ нүүрсэн мөргөцгийг хулгайгаар олборлож 268 мянган тонн нүүрсийг хил давуулсан, хохирол нь 20 сая ам.доллар, олборлогч нь “Ажнай” Д.Бат-Эрдэнийн мэдлийн орон нутгийн жижиг “Таван толгой” компани. Асуудал хөндөгдөж засгийн газар ажлын хэсэг байгуулж, дүгнэлтээ ЗГ-т танилцуулсан байдаг. 

“Ажнай” Д.Бат-Эрдэнэ нь “Таван толгой транс” компанийн 70 хувийг эзэмшдэг. Мөн орон нутгийн Тавантолгой ХК-ийн 49 хувийг эзэмшдэг. Гэхдээ үлдсэн 51 хувь нь орон нутгийн нэр дээр гэдэг ч үнэн хэрэгтээ бүхэлдээ шахуу Д.Бат-Эрдэнийн мэдэлд байдаг ч гэгддэг.  

Дашрамд дурдахад түүний хөрөнгө орлогыг давах УИХ-ын гишүүн хуруу дарам цөөн бөгөөд  2022 онд 3.5 дахин нэмэгдэж 3 тэрбум 122 сая болж өсжээ.