Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.18 17:43
889
БНХАУ-тай хиллэх боомтын менежментийг сайжруулах нь

(Гашуунсухайт боомтын нүүрс тээврийн жишээн дээр) ХУРААНГУЙ

Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа, зохион байгуулалтад тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, менежментийг сайжруулах хувилбар, шийдлийг дэвшүүлснээр нүүрсний экспортыг нэмэгдүүлэх боломжийг судалсан. Энэ хүрээнд Монгол Улс БНХАУ-ын хил хамгаалах байгууллагын тогтолцоо, эрх зүйн орчин, хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг судалж, Монгол Улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлэгч нүүрсний экспортыг өнөөгийн байдал, зорилтот зах зээлийн цаашдын төлөвт тулгуурлан Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа менежментийг сайжруулах боломж, арга замыг дэвшүүлэхийг зорьсон. Ингэхдээ Гашуунсухайт боомтын үйл ажиллагаанд бүтцийн хүчин зүйлийн доголдлын шинжилгээ хийн бөглөрөл үүсгэж буй хүчин зүйлийг тодорхойлсон болно.

Түлхүүр үг: Гашуунсухайт боомт, нүүрс тээвэр, бүтцийн хүчин зүйлийн доголдлын шинжилгээ

УДИРТГАЛ

Судалгааны ажлын үндэслэл: Монгол Улсын эдийн засагт уул уурхайн салбар зонхилох байр суурь эзэлж, улсын төсвийн орлогын дийлэнх хувийг бүрдүүлж буй өнөөгийн нөхцөлд хилийн бүсийн хөгжилд хөрш орны зорилтот зах зээлийн хэрэгцээтэй уялдуулан хилийн боомтуудын хүчин чадлыг хөгжүүлэх шаардлага тулгамдсаар байна. Ингэхдээ хилийн боомтуудыг өргөжүүлэх замаар худалдаа, эдийн засгаа тэлэхийн сацуу хилийн бүсийн хөгжлийг дэмжин тээврийн дэд бүтцийг хөгжүүлэх нь гол шийдэл болно.

Энэ хүрээнд Тавантолгойн нүүрс, Оюутолгойн зэсийн баяжмалыг БНХАУруу экспортолдог гол гарц болох Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа, менежментийг сайжруулснаар ашигт малтмалын бүтээгдэхүүний экспорт нэмэгдэж, эдийн засгийн үр ашиг өсөх боломжтой юм. Монгол Улс Шинэ сэргэлтийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний хүрээнд боомт бүрийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч дотоодын санхүүжилтээс гадна, гаднын улсын тусламж, санхүүжилтийг нэлээдгүй авсан. Гэвч төрийн байгууллагуудын уялдаа холбоо тааруу, чиг үүргийн давхардал зэрэг хүчин зүйлээс үүдэн тээвэрлэгч ААН-д олон байгууллагаас зөвшөөрөл авах, нэлээдгүй шаардлагыг биелүүлэх процессын төвөгтэй хүндрэлүүд тулгарсаар ирсэн.

Гашуунсухайт боомтоор Монгол Улсын нийт нүүрсний экспортын 60 орчим хувь нэвтэрч байгаа ч дэд бүтэц, боомтын хүчин чадал, тоног төхөөрөмжийн хоцрогдсон байдал, менежмент, зохион байгуулалтын уялдаагүй байдал зэргээс боломжит ашиг, орлогыг бууруулж, экспортыг нэмэгдүүлэх нөхцөл бүрэлдэхгүй байна. Иймд Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа, хүчин чадлыг нэмэгдүүлэх нь Монгол Улсын нүүрсний экспортод эергээр нөлөөлөн эдийн засгийн хөгжилд ихээхэн үр ашгийг нэмэгдүүлэх тул тус боомтын менежментийг сайжруулах шаардлагатай хэмээн үзсэн болно.

Сэдвийн хамрах хүрээ;  Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний гол хэрэглэгч БНХАУ-ын нүүрсний зорилтод зах зээлийг судалж, хоёр талын байнгын ажиллагаатай Гашуунсухайт-Ганцмод боомтын өнөөгийн байдал, хил орчмын хөгжил, тулгамдаж буй хүндрэлийг судална. Энэ хүрээнд нүүрсний уурхайгаас боомт хүртэлх авто болон төмөр замын тээвэр, Гашуунсухайт-Ганцмод боомтоор нэвтэрч буй чингэлэг болон задгай тээвэр, жолоочгүй тээврийн төхөөрөмж (AGV) гэсэн тээврийн үйл явцыг авч үзнэ. Харин Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын холболтын бүтээн байгуулалт хараахан хийгдээгүй байгаа тул энэ судалгаанд хөндөхгүй. Мөн Оюутолгойн баяжмалын экспортын тээвэрлэлтийн нэвтрэлт харьцангуй тогтвортой, тээврийн явц цэгцтэй хэмээн үзсэн тул энэ судалгаанд тусгаагүй болно.

Судалгааны ажлын зорилго: Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, хилийн бүсийг хөгжүүлэх, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, боомтын менежментийг сайжруулах боломжийг судална.

Судалгааны ажлын зорилт:

- Логистик менежмент болон олон улсын худалдааны тээврийн хэлбэр,

- Монгол Улс, БНХАУ-ын боомтын хөгжлийн бодлого, цаашдын төлөв,

- БНХАУ-ын нүүрсний зах зээл

- Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын өнөөгийн байдал,

- Гашуунсухайт боомтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох,

- Гашуунсухайт боомтын менежментийг сайжруулах боломж, арга замыг судална.

Судалгааны ажлын объект, судлагдахуун:

- Өмнөговь аймгийн Гашуунсухайт автозамын боомт

- Нүүрс тээврийн үйл явц, шинж чанар

Судалгааны ажлын онол, арга зүй: Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлт, Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын эрх зүйн орчныг баримт бичиг судлах арга зүйгээр чанарын судалгаа хийсэн. Үүндээ Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтэд хүчин зүйлийн доголдлын шинжилгээ буюу “Bottleneck analysis” хийж, асуулгын аргаар тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон. Тулгамдаж буй асуудлыг тодорхойлсноор Гашуунсухайт боомтын менежментийг сайжруулах шийдлийг дэвшүүлэн үүнийгээ Жигнэсэн матрицын аргаар эрэмбэлсэн болно.

Судалгааны ажлын таамаглал:  Байгал орчинд ээлтэй, нөөцийн зохистой хэрэглээнд тулгуурлан хилийн боомтын нэвтрэлтийг хөнгөвчилсөн боомтын менежментийг сайжруулах боломжийг судалснаар Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн үзсэн. Хэдийгээр БНХАУ-ын Засгийн газар нүүрсийг сэргээгдэх эрчим хүчээр орлуулахыг зорьж, 2030 оноос үе шаттайгаар нүүрсний хэрэглээг бууруулахаар төлөвлөж буй ч, эрчим хүчний зарцуулалт, боловсруулах аж үйлдвэрийн хэрэглээнд 2060 он хүртэл нүүрс зонхилсон хэвээр байх төлөвтэй байна. Иймд БНХАУ-ын Ганцмод боомтын зохион байгуулалт, менежментийг сайжруулж, нүүрсний экспортыг төрөлжүүлснээр өнөөгийн экспортын хэмжээг Монгол Улсын Шинэ сэргэлтийн бодлогод тусгасны дагуу 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой юм.

Практик ач холбогдол:  Монгол Улсын Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт, БНХАУ-ын Ганцмод боомтын үйл ажиллагаа, менежментэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, сайжруулах шийдлийг хэрэгжүүлснээр Монгол Улсын эдийн засгийн үр өгөөжийг дээшлэх бүрэн боломжтой. Мөн тус боомтын хүчин чадал сайжирч, тээврийн зардлыг бууруулснаар коксжих нүүрснээс гадна, эрчим хүчний нүүрсний экспортыг нэмэгдүүлэх бололцоо бий гэдэг нь БНХАУ-ын нүүрсний эрэлтээс харагддаг. Үүнээс гадна Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт Говийн бага дархан цаазат газар болох байгалийн үзэсгэлэнт өвөрмөц тогтоцтой бүсэд оршдог бөгөөд урт хугацаандаа аялал жуулчлал хөгжих боломжтой юм.

ОНОЛЫН ҮНДСЭН ОЙЛГОЛТ

Логистик менежментийн тухай үндсэн ойлголт

Үйлдвэрийн харилцагч байгууллагуудын дунд хамтын ажиллагааг бий болгодог байгууллагын нийлүүлэгчийг захиалагчтай холбосон системийг интегралчлагдсан логистик систем гэдэг. Логистик нь эцсийн үр дүнд хялбар аргаар хэмнэлттэй зардлаар зорилгодоо хүрэхийн тулд өөрөө өөрийгөө зохицуулах системийн хүрээнд явагдаж буй бүх үйл ажиллагааг системийн нийт хэмжээнд зохицуулах болон оновчлох асуудлыг авч үздэг.

Тээвэр-агуулахын логистикт тээвэрлэлт хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд тээврийн зардал бараа бүтээгдэхүүний өртөгт шууд нөлөөлдөг. Мөн материалын урсгалыг тээвэрлэлтийн процессоос ангид авч үзэх боломжгүй байдаг. Үүнээс гадна тээвэр-агуулахын логистикт ачаа боловсруулалт ихээхэн чухал үүрэгтэй бөгөөд дараах хүчин зүйлс нөлөөлдөг. Тухайлбал:

- Ачааны хөдөлгөөний бүтэц, урсгал

- Цаг хугацааны шаардлага

- Ачаа тээврийн хэмжээ, эзлэхүүн

- Орон зайн бүтэц, масштаб

 Ачаа боловсруулалтын үйл ажиллагаа нь агуулах байгууламжуудыг үр ашигтай хэрэглэх, агуулахын боловсон хүчин, үйл ажиллагааны бүтээмж, үйлчилгээний чанарыг дээшлүүлэх болон зардлуудыг багасгахад чиглэсэн байх шаардлагатай. Тээвэр-агуулахын логистикийн технологийн шинжтэй зохион байгуулалт-функционал системийн зорилго нь хадгалалт-тээвэрлэлтийн үйл ажиллагаанд эдийн засгийн гол ач холбогдол болох “нөөц-бараа бүтээгдэхүүн”-д нэмэлт үнэлгээг бий болгоход оршдог.

Терминалын үйл ажиллагаа, төрөл, хэлбэрүүд:  Терминалын тээвэрлэлт анхлан томоохон далайн боомтууд, хуурай замын тээвэрлэлтийн зангилаа гэх мэтчилэн ачаа тээврийн холимог системүүдэд үүссэн бөгөөд терминалуудаар дамжуулан зохион байгуулалтыг хийх ачаа тээвэрлэлтийн үйл явцыг хамарна. Терминалын тээвэрлэлтийг тээвэр зуучлалын байгууллагууд болон тусгай терминалуудыг ашигладаг төрөлжсөн тээврийн операторууд зохион байгуулан ажилладаг. Терминалын тээвэрлэлтийн технологийн процесс үндсэн 3 үе шатнаас бүрдэнэ.

Терминал тээвэрлэлтийн технологийн процессын үе шатын дагуу олон улсын тээвэрлэлтийн үед гаалийн бүрдүүлэлт, ангилал, хадгалалт хийгдэх, шаардлагатай ачаануудыг терминалаар дамжуулан оруулдаг. Логистикийн үйл ажиллагаа тухайн ачааны төрөл, хэмжээ, тээврийн зай, ачаа боловсруулах хугацаа болон бусад хүчин зүйлээс үндсэндээ шалтгаална.

Терминалын операторууд: Терминалын операторууд бол агуулахын болон тээвэр зуучлалын үйлчилгээ үзүүлэх зорилгоор байгуулагдсан төрийн болон орон нутгийн, хувийн өмчийн хэлбэртэй бие даасан тээвэр-агуулахын цогцолборууд байна.

Терминалуудын гол. Ачаа тээврийн даатгал Олон улсын тээврийн ачаа бараа заавал даатгуулсан байх шаардлагатай бөгөөд ингэхдээ нэг бол тухайн ачааг өөрийг нь даатгуулсан эсвэл тээвэрлэгч бүх ачаагаа ерөнхий даатгалд хамруулсан байх ёстой. Олон улсын агаарын тээвэрлэгч нар цэвэр үнэлгээгээр даатгахыг санал болгодог. Далайн тээврийн ачааны даатгалын үнэлгээ нь харьцангуй өндөр байдаг бөгөөд энэ нь тухайн тээврийн нэвтэрсэн даатгалын онцлог нөхцөлүүдтэй холбоотой. Жишээ нь усан онгоц живэх аюул тулгарвал, түүнийг живүүлэхгүйн тулд ахмад нь тээвэрлэж буй ачааны зарим хэсгийг далайд хаях эрх эдэлдэг. Ингэхдээ усан онгоц дээр үлдсэн ачааны эзэд болон усан онгоц эзэмшигч нар ачаагаа далайд хаяулсан үйлчлүүлэгчийн хохирлыг хамтран барагдуулах журамтай.

Тээврийн бичиг баримт бэлтгэх, мэдээллийг өгөх үйлчилгээ: Бараа бүтээгдэхүүн худалдах үед гарах санхүүгийн үйл ажиллагаа тус бүр нь ачааны бодит хөдөлгөөнтэй уялдаатай байх ёстой. Гаалийн холбогдох журам зохицуулалтыг нэг бүрчлэн судалж мэдэх, ингэснээр барааны төлбөрийг ачааг хүргэмэгц баталгаатай авч байх нөхцөлийг бүрдүүлнэ. Мөн экспортын тээвэрлэгч нь ачааг улсын хилээр нэвтрэх үед шаардагдах бичиг баримтыг бэлтгэх мөн валют хөрвүүлэх зэрэг үйлдлийн гүйцэтгэлийг өөрсдөө хийнэ. Иймд тээвэр зуучлагч нь бичиг баримт эргэлт, санхүүжилт болон логистикийн бүхий л үйл ажиллагааг уялдуулан зохицуулан ажилладаг.

Экспортын асуудлаар зөвлөгөө өгөх үйлчилгээ: Олон улсын тээвэр зуучийн байгууллагуудын орлого дараах эх үүсвэрүүдээс бүрддэг. Нэгдүгээрт дотоод болон гадаад тээврийн аль алинд нь тээвэр зуучлагч нар ачааг бөөнөөр захиалж жижиглэнгээр зардаг. Ачилтуудыг нэгтгэж цуглуулснаар нэгж ачааны тээврийн хөлсний үнэлгээ буурдаг. Хоёрдугаарт ихэнх тээвэрлэгч нар тээвэр зуучлалын байгууллагуудад олж өгсөн ачаанд ноогдох тээврийн хөлснөөс тооцсон шимтгэл урамшуулал төлдөг ч, энэ нь Монголд байдаггүй байна. Гуравдугаарт, тээвэр зуучлалын байгууллагууд бичиг баримт бүрдүүлсэн, тээвэрлэгч олж өгсөн гэх мэт үйлчилгээний хураамжийг ачаа илгээгч нараас авдаг.

Терминалын тоног төхөөрөмж: Орчин үед маш өргөн хүрээний ажил гүйцэтгэх зориулалтын терминалын тоног төхөөрөмжийг дараах байдлаар ангилдаг.

 Боомтын кранууд: Энэ төрлийн крануудыг далайн боомт болон гол мөрний зогсоолууд дээр түгээмэл ашигладаг. Тэдгээрийн бүтэц нь шууд усан онгоцны зогсоол дээр байрлуулах боломжтой байдаг. Боомтын крануудын техникийн үндсэн үзүүлэлт бол хүчин чадал, өргөх өндрийн хязгаар, усан онгоцны ходоод дотор краны атгах механизм орох өндөр, ажлын механизмын хурд зэрэг юм. Өргөх хүчин чадал 5–40 тоннын, вылет 6-30 метр хооронд хэлбэлздэг. Боомтын кранууд усан онгоцны зогсоолоос гадна мөн боомтын дотоод хэсэгт түгээмэл ашиглагддаг. Тэдгээрийн ачаа атгах механизмуудыг сольж ашигласнаар нурмаг, ширхгийн болон чингэлгийн ачааг боловсруулах боломжтой байдаг.

Зураг 2. Боомтын зориулалттай шилжүүлэн ачигч кран 

Эх сурвалж: Н.Отгонсар, (2018)

Гүүрэн болон шилжүүлэн ачигч кранууд. Тээвэрт ерөнхий зориулалтын гүүрэн краныг ачаа хадгалах задгай болон битүү талбай дээр өргөнөөр ашиглагддаг. Гүүрэн крануудыг суурьтай ерөнхий зориулалтын болон тусгай зориулалтын гэж ангилна. Тусгай зориулалтын краны төрлүүдэд шилжүүлэн ачигч кран болон кран-штабеллер (өрөгч кран) багтана. Агуулах доторх гүүрэн кран нь хадгалах хэсгийн талбайг эзлэхгүй, маневр хийх шаардлагагүй тул тун тохиромжтой байдаг. Харин задгай талбайд ажиллах крануудад заавал рельсэн зам болон зориулалтын замын өндөрлөгөө хийх хэрэгтэй. Краны гүүр нь далайн болон зогсоолын талын 2 консол суман хэсгээс бүрдэнэ. Далайн талын консол сум нь дээшээ өргөгдөх боломжтойгоор хийгдсэн байдаг. Энэ нь усан онгоц зогсоол руу орж кран доор зогсох боломжийг хангах зориулалттай бөгөөд сум өргөх механизм нь машины хэсэгт байрладаг байна.

Авто өргөгч механизм. Авто ачигч тус бүрийг овор хэмжээ, эргэлтийн радиус, ачаа өргөх өндөр, даац, ажиллах хурд, бүтээмж болон бохир жин гэсэн үзүүлэлтүүдээр тодорхойлдог. Цахилгаан ачигчийг агуулах доторхи ажилд (ачаа хүлээн авах, хадгалах хэсэгт) мөн ачилтын фронт дээр (тээврийн хэрэгслээс тээврийн хэрэгсэлд ачиж, буулгах) хэрэглэдэг. Мөн бага оврын автоачигч нарт утааны нейтрализатор суурилуулан агуулах дотор, усан онгоцны ходоод дотор, битүү вагонд хийгдэх ачиж буулгах ажилд ашиглана.

(Эх сурвалж: https://www.mdpi.com/applsci/applsci-09-02558/article_deploy/html/images/applsci)

Хүнд даацын ихэнх чингэлгүүд усан замын болон төмөр замын тээврээр, мөн гол мөрний болон агаарын тээврээр зөөвөрлөгддөг. Чингэлгүүдийг боомт руу төмөр замын болон авто тээврээр, өртөө болон нисэх онгоцны терминалууд руу ихэвчлэн авто тээврээр хүргэдэг. Далайн боомтуудад хуурай замын тээврээс усан замын тээвэрт чингэлэгийг дамжуулахад шилжүүлэн ачигч гүүрэн краныг, гол мөрний тээвэрт боомтын краныг, төмөр замын терминалууд дээр ямаан краныг болон телескоп сумтай чингэлгийн авто ачигчийг ашигладаг.

Логистик менежментийн ойлголтод дурдагдсан хялбар аргаар хэмнэлттэй зардлаар зорилгодоо хүрэх процессыг чухалчлах нь аливаа ААН-ийн үйл ажиллагаанд нэн шаардлагатай хүчин зүйл нь бөгөөд логистик тээврийн хөгжил сул, цогц логистик систем бүрдээгүй байх нь үйл ажиллагааны өртгийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний үнэд эзлэх тээврийн зардалд нөлөөлөх гол хүчин зүйл юм. Иймд төрөөс нэгдсэн бодлогоор логистикийн бүсчилсэн хөгжлийг чухалчилж, ингэхдээ хувийн хэвшил, ААН-үүдтэй хамтарч ажиллах нь хөгжлийг хурдасгах арга замуудын нэг болно. Терминал агуулахын хүчин чадал гадаад худалдааны бараа эргэлтэд шууд нөлөөлөх хэдий ч, эдийн засгийн багтаамжаас шалтгаалан тохирсон тоног төхөөрөмж, механизмыг ашиглах нь зохистой. Одоогоор Монгол Улсын хилийн боомтын дийлэнх терминал дээр авто өргөгч буюу калмар ашиглаж байна.

 Монгол Улсын Гашуунсухайт боомтын нүүрсний экспортын тээврийн нөхцөл өнгөрсөн хугацаанд EXW-Ex works буюу уурхайн ам нөхцөл болон FCA-Free Carrier буюу хил нөхцөлөөр худалдаалагдсаар ирсэн. Харин Монгол Улсын Засгийн газраас нүүрсний экспортыг нэмэгдүүлэх, ил тод байдлыг хангах зорилгоор Тавантолгойн бүлэг ордын нүүрсний худалдааг 2023 оны 01 дүгээр сараас Хөрөнгийн биржээр дамжуулан DAP-Delivered at Terminal буюу хил цаана нөхцөлөөр арилжаалах болсон. Үүний зорилго нь нүүрсний үнийг тогтвортой байлгах, тээврийн үйл ажиллагаа эрхлэгч ААН-үүдийн тэгш оролцоог хангах тул цаашид бусад боомтын нүүрсний экспортыг шат дараатайгаар биржийн худалдаанд шилжүүлэхээр төрөөс төлөвлөсөн. Иймд Бүтцийн хүчин зүйлийн доголдолын шинжилгээгээр Гашуунсухайт боомтын үйл ажиллагаа, менежментийг сайжруулах шаардлагыг тодорхойлж, тулгамдаж буй асуудлыг илрүүлэн бөглөрөл үүсгэж буй шалтгаан нөхцөлийг арилгах шийдлийг дэвшүүлэх ач холбогдолтой үзэн уг судалгааны ажлын онол, арга зүйд ашигласан болно.

СУДАЛГААНЫ ХЭСЭГ

Монгол Улс БНХАУ-ын хилийн боомтын тогтолцоо, хөгжлийн бодлого, хамтын ажиллагаа

Монгол Улсын Хилийн боомтууд

 Монгол Улс автозамын 39, төмөр замын 3, агаарын замын 4, нийт 46 хилийн боомттой. Үүнээс 29 боомт ОХУ-тай, 13 нь БНХАУ-ын хилийг нэвтрэх чиглэлд бол 4 боомт нь олон улсын нислэг хийх зориулалттай нисэх буудал байдаг. Гэхдээ ОХУ-тай хиллэдэг 19 боомтын дэд бүтэц бүрдээгүйн улмаас 1994 оноос хойш ажиллаагүй хэвээр байна.

Монгол Улсын хилийн боомтын эрх зүйн орчин: Монгол Улсын үндсэн хуульд “Монгол Улсын хилийг хуулиар бататгана. Монгол Улсын хил халдашгүй дархан байна” хэмээн заасан байдаг бөгөөд уг тулгуур хэм хэмжээг хэрэгжүүлэх, хилийн аюулгүй байдлыг хангах, эрх зүйн орчныг 1993 онд Монгол Улсын Хилийн тухай бие даасан хууль батлагдан мөрдөгдөж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц, 2010 онд батлагдсан Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, УИХ-ын 2002 оны тогтоолоор батлагдсан Төрөөс хилийн талаар баримтлах бодлого зэрэг тулгуур баримт бичиг бий. Үүнээс гадна УИХ-аас 2016 онд Хилийн тухай хуулийг шинэчлэн баталсан байдаг. Монгол Улсын Засгийн газраас тухайлан хилийн боомттой холбоотой харилцааг ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай байгуулсан хэлэлцээр, Хилийн тухай хууль, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоолоор зохицуулдаг. Хилийн боомт, түүний үйл ажиллагаатай холбоотой дараах голлох олон улсын хэлэлцээр, хуулийг дагаж мөрдөж байна. Үүнд:

  • 1991 онд Гаалийн тухай хууль,
  • 1994 онд Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтын хэлэлцээр,
  • 2002 онд Төрөөс хилийн талаар баримтлах бодлого,
  • 2004 онд Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын хэлэлцээр,
  • 2006 онд Монгол Улс, ОХУ-ын хилийн дэглэмийн гэрээ,
  • 2010 онд Монгол Улс, БНХАУ-ын хилийн дэглэмийн гэрээ,
  • 2016 онд шинэчлэсэн найруулсан Хилийн тухай хууль
  • 2021 онд Монгол Улс, ОХУ-ын хилийн боомтын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай протокол бий. Үүнээс гадна хилийн хяналтын байгууллагууд дээрх хууль, хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд бусад дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаагаандаа дагаж мөрддөг байна.

Монгол улсын хилийн боомтын тогтолцоо: Монгол Улсын хил, гаалийн байгууллагын түүхээс авч үзвэл одоогийн Гаалийн ерөнхий газар 1912 оноос Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэгч яам, Гадаадын иргэн харьяатын газар 1922 оноос Дотоодыг хамгаалах газар, Хил хамгаалах ерөнхий газар 1933 оноос хилийн отряд, 1950 оноос хилийн пункт, байцаан өнгөрүүлэх хороо, 1960 оноос хязгаарын цэрэг гэх нэршилтэй байжээ. Монгол Улсын 2016 оны шинэчлэсэн Хилийн тухай хуульд “Хилийн хяналтын байгууллагад улсын хил нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хяналт шалгалт явуулах, бүртгэх эрх бүхий улсын хил хамгаалах, гааль, гадаадын иргэн, харьяатын байгууллагууд багтана” гэж заасан. Мөн Хилийн тухай хуульд “Хилийн боомтыг хөгжүүлэх бодлого боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг зохицуулах үүрэг бүхий орон тооны бус Боомтын сэргэлтийн үндэсний хороо ажиллана” хэмээн заасан байдаг.

Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагаанд төрийн хяналт шалгалт, зохион байгуулалтыг гүйцэтгэдэг хилийн хяналтын байгууллагууд дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг. Үүнд:

Боомтын сэргэлтийн үндэсний хороо: Хилийн боомтыг хөгжүүлэх, өргөтгөх талаар төлөвлөгөө гарган, боловсруулж, хөрөнгө оруулалтын хөтөлбөр баталж, зохион байгуулна. Мөн боомтын дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагын албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал боловсруулах, хилийн боомтод мөрдөх нийтлэг журмыг батлах чиг үүргээр ажилладаг.

Хилийн боомтын захиргаа: Ашигт малтмал, газрын тос, бараа бүтээгдэхүүний экспорт, импорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн зохицуулалтаар хангана. Боомтын хөгжлийн асуудлыг төлөвлөх, орон сууц, цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус болон бусад дэд бүтцийг хариуцаж, боомтын хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх, хилийн боомт дахь төрийн өмчийн бүртгэл, хяналтыг хариуцах чиг үүргээр ажилладаг. Гаалийн ерөнхий газар,

Боомтын хөгжлийн газар: Хилийн боомтын болон гүний гаалийн байгууллагын дэд бүтэц, үйл ажиллагааг сайжруулах, боомтын олон улсын стандарт, туршлагыг судлан, хилийн боомтын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлнэ. Боомтын үндэсний зөвлөлийн үүргийг гүйцэтгэж, хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлагын бодлого, төслийг боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг.

 ЭЗХЯ, Хилийн боомтын хөгжил, чөлөөт бүсийн бодлогын газар: Хилийн боомт, чөлөөт бүсийн хөгжлийн судалгаа, бодлого, төлөвлөлт хийж, хэрэгжилтийн зохион байгуулалтад хяналт тавих, салбаруудын үйл ажиллагаатай уялдуулан зохицуулж, нэгдсэн бодлогоор хангах, үйл ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн удирдлага, бодлого, арга зүйгээр хангах чиг үүрэгтэй.

 ГХЯ, Олон улсын гэрээ, эрх зүйн газар, Хилийн хэлтэс: Монгол Улсын олон улсын хилийн дэглэм болон боомтыг зохицуулсан хоёр талт гэрээ хэлэлцээр хариуцах, хэрэгжилтэд хяналт тавих, төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг үндэслэн хилийн асуудлаар гэрээ байгуулах, төрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хилийн боомт нээх, хаах, горимд өөрчлөлт оруулах асуудлыг хөрш улстай харилцан хэлэлцээр байгуулахыг хариуцна. Мөн боомтын зэрэглэлийг өөрчлөх саналаа холбогдох байгууллагад уламжлах чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Хил хамгаалах ерөнхий газар: Хилийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх, хил хамгааллыг хангах, удирдах, хилийн дэглэмийг сахиулах, хилийн зөрчлөөс урьдчилан сэргийлж, хилийн зөрчлийн асуудлыг хуульд заасны дагуу шийдвэрлэнэ. Улсын хилээр зорчигч, тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлэх, хилийн боомтын аюулгүй байдлыг хангах, хилийн боомтод мөрдөх журмыг сахиулах, хилийн зурвас, боомтын бүсэд үүссэн нийтийг хамарсан эмх замбараагүй байдлыг таслан зогсоох арга хэмжээ авна. Хил дамнасан гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсоох, агаарын хилийг зөрчсөн байж болзошгүй нисгэгчтэй болон нисгэгчгүй нисэх төхөөрөмжмйн талаарх мэдээллийг зэвсэгт хүчний агаарын цэргийн анги, салбарт шуурхай дамжуулах чиг үүрэгтэй.

Гаалийн ерөнхий газар: Хилийн боомтын болон гүний гаалийн байгууллагын дэд бүтэц, үйл ажиллагааг сайжруулах, боомтын олон улсын стандарт, туршлагыг судлан, хилийн боомтын хөгжлийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх, боомтын үндэсний зөвлөлийн үүргийг гүйцэтгэнэ. Хилийн нэгдсэн зохицуулалттай удирдлагын бодлого, төслийг боловсруулж, хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр ажилладаг.

Гадаадын иргэн харьяатын газар: Дээрх төрийн байгууллагуудаас гадна ашигт малтмалын экспортын тээвэрлэлтийн онцлогоос шалтгаалан зарим төрийн өмчийн газар болон уурхай эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагын зохион байгуулалтад оролцон ажилладаг.

Монгол Улсын хилийн боомтын ангилал.  Монгол Улсын Хилийн тухай хуулийн 3.1.12-р зүйлд "хилийн боомт" гэж улсын хилээр нэвтрэх зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд хилийн хяналтын байгууллага хяналт шалгалт хийх зориулалтаар төхөөрөмжилсөн, тусгайлан тогтоосон газрыг хэлнэ хэмээн тодорхойлсон байдаг. Мөн тус хуулийн 3.1.19-р зүйлд "хоёр талын боомт" гэж хил залгаа улстай хилийн боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хил залгаа улсын зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх боомтыг нэрлэнэ хэмээн тайлбарласан байна.

Хүснэгт 2. Хилийн боомтын дэглэмийн төрөл

Байнгын ажиллагаатай боомт

Монгол Улсын олон улсын гэрээнд заасан цагийн хуваарийн дагуу байнга ажиллах боомт.

Түр ажиллагаатай боомт

Боомтын асуудлаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу түр хугацаанд ажиллах боомт.

 

Олон улсын боомт

Монгол Улсын олон улсын гэрээний дагуу иргэний харьяаллыг үл харгалзан зорчигч, тээврийн хэрэгсэл, бараа, мал, амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх боомт.

(Эх сурвалж: Хилийн тухай хууль)

Боомтын объектыг үндсэн болон нэмэлт байгууламж хэмээн ангилдаг. Боомтын үндсэн байгууламжид цахилгаан, дулаан, усны хангамж, интернэт, ариутгах, татуурга, лаборатори, зорчигч тээврийн терминал, ачаа тээврийн терминал багтдаг. Харин боомтын нэмэлт байгууламжид ачиж буулгах терминал, шилжүүлэн ачих терминал, чингэлэг тээврийн терминал, жолоочгүй тээврийн төхөөрөмж (AGV), дүүжин тээвэр, нарийн царигийн төмөр зам багтдаг байна.

БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтууд: Монгол Улс, БНХАУ-тай 13 хилийн боомтоор хиллэдгээс олон улсын зорчигч, ачаа тээврийн зориулалттай байнгын ажиллагаатай Булган-Такашикен, Замын-Үүд-Эрээний төмөр зам, Замын-Үүд-Эрээний авто зам, Бичигт-Зүүн хатавч, олон улсын зорчигч, ачаа тээврийн зориулалттай түр ажиллагаатай Сүмбэр-Рашаан, хоёр талын тээврийн зориулалттай байнгын ажиллагаатай Шивээхүрэн-Сэхээ, ГашуунсухайтГанц мод, түр буюу улирлын ажиллагаатай Даян-Хуншаньзюй, Байтаг-Улиастай, Бургастай-Лаоемяо, Ханги-Мандал, Баянхошуу-Өвдөг, Хавирга-Архашаат боомт бий. Үүнээс Замын-Үүд-Эрээн боомт нь төмөр зам, автозам гэсэн ангилалтай тул 2 боомтод тооцогддог.

Хүснэгт 3. Монгол Улсын БНХАУ-тай хиллэх боомтуудын зэрэглэл, ажлын горим

Аймаг

Боомтын нэр

Зэрэглэл

Горим

БНХАУ-ын

боомтын нэр

1

Дорноговь

Замын-Үүд

Олон улсын

Байнгын

Эрээн

2

Сүхбаатар

Бичигт

Олон улсын

Байнгын

Зүүн хатавч

3

Ховд

Булган

Олон улсын

Байнгын

Такашикен

4

Дорноговь

Ханги

Хоёр талын

Байнгын

Мандал

5

Өмнөговь

Гашуунсухайт

Хоёр талын

Байнгын

Ганц мод

6

Өмнөговь

Шивээхүрэн

Хоёр талын

Байнгын

Сэхээ

7

Дорнод

Хавирга

Хоёр талын

Байнгын

Ар хашаат

8

Дорнод

Баянхошуу

Хоёр талын

Байнгын

Өвдөг

9

Дорнод

Сүмбэр

Хоёр талын

Түр

Рашаан

10

Баян-Өлгий

Даян

Хоёр талын

Түр

Хуньшанзуй

11

Ховд

Байтаг

Хоёр талын

Түр

Улиастай

12

Говь-Алтай

Бургастай

Хоёр талын

Түр

Лаоемяо

(Эх сурвалж: ГЕГ)

Дээрх боомтуудаас гадна Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар шинээр Цагаандэл-Уул-Өлзий боомт байгуулах, хаагдсан Нарансэвстэй-Мазуншань боомтыг дахин нээхээр хэлэлцэж байна. Тухайлбал 2010 оны 7 дугаар сард болсон Монгол, Хятадын хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах газрын дарга нарын түвшний уулзалтын механизмын хоёрдугаар уулзалтын протоколоор Өмнөговь аймагт Цагаандэл-Уул боомт, БНХАУ-ын Өлзий боомтыг шинээр нээн ажиллуулах асуудлыг хоёр улсын дотоодын хууль тогтоомжийн шаардлагыг хангасны дараагаар дипломат шугамаар харилцан тохиролцохоор шийдвэрлэсэн. Гэвч Цагаандэл-Уул боомт дархан цаазат газар байрладаг тул нутгийн иргэдийн зүгээс тус боомтыг нээх асуудлыг ихээхэн эсэргүүцсээр ирсэн.

Монгол Улсын боомтын хөгжлийн бодлого Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газраас 2018 оны дөрөвдүгээр сард Замын Үүд-Эрээний боомтыг түшиглэсэн эдийн засгийн хамтын ажиллагааны бүс байгуулах ажлыг эрчимжүүлэх санамж бичиг байгуулж, бэлтгэл ажлыг эхлүүлсэн ч, өнөөг хүртэл дорвитой шийдэлд хүрээгүй хэвээр байна. Харин Монгол Улсын Засгийн газрын “Гаалийн шинэчлэл” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр одоогийн байгаа боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинэчлэх бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэснээр хилийн гол боомтуудын шинэчлэлийн ажил эхлүүлсэн ч, 2020 оны эхээр шинэ төрлийн коронавирусын халдвар дэлхий дахинд дэгдсэнээр Монгол Улсын хилийн боомтын шинэчлэлийн ажил болон бүтээн байгуулалтын явц удаашрахад хүрсэн.

Монгол Улсын БНХАУ-тай хиллэдэг гол боомтууд: Замын-Үүдээс бусад нь өргөтгөл, шинэчлэлийн ажил зарим нь эхлээгүй, зарим нь бүтээн байгуулалтын ажил удаашралтай байна. Монгол Улс Алсын хараа-2050 бодлогын хүрээнд дундаж давхаргыг тэлж, нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлтийг 2050 онд 15,000 ам.долларт хүргэж, экспортыг 52 тэрбум ам.долларт хүргэхээр төлөвлөсөн. Одоогоор Монгол Улсын бүх боомт дэд бүтцийн хүчин чадлын дээд хэмжээндээ тулан ажиллаж байгаа бөгөөд боомтуудыг өргөтгөх, шинэчлэхгүйгээр Алсын хараа-2050 бодлогын зорилт биелэх боломжгүй юм.

Хүснэгт 2. Алсын хараа-2050 зорилт/ам.доллароор/

 

2019

2025

2030

2040

2050

Нэг хүнд ноогдох ДНБ

4,294

6,520

8,300

12,000

15,000

Экспорт

7.6 тэрбум

14

тэрбум

20

тэрбум

36

тэрбум

52

тэрбум

(Эх сурвалж: Алсын хараа-2050)

Дээрх хүснэгтээс харахад өнөөгийн Монгол Улсын экспортын хэмжээг 2050 онд 3 дахин нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байгаа бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэхэд боомтын хөгжил ихээхэн чухал ач холбогдолтой юм. Нүүрс экспортлогч аж ахуйн нэгж байгууллагуудын зүгээс боомтын хүчин чадлыг нэмэгдүүлсэн тохиолдолд нүүрсний жилийн экспортыг 100 сая тонн хүртэл олборлолтыг хийх бүрэн боломжтой гэдгээ илэрхийлсээр ирсэн. Өөрөөр хэлбэл одоогийн экспортолж буй хэмжээг 3 дахин нэмэгдүүлэх олборлолтыг хийх хүчин чадал нь дотоод бүрдэлдсэн хэмээн хэлж болно. Энэ хүрээнд Гашуунсухайт боомтын шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын буцалтгүй тусламжаар боомтын үндсэн байгууламжийн ачаа тээврийн хэсгийг өргөтгөн шинэчлэх, хувийн хэвшлийн санхүүжилтээр чингэлэг тээврийн болон автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал тус тус байгуулах, төмөр замын ачиж буулгах терминалууд байгуулах төслүүд хэрэгжүүлж байна.

Гашуунсухайт боомтыг шинэчлэх ажил 2022 оны 05 дугаар сард 8 хувийн гүйцэтгэлтэй байсан бол 2023 оны 04 дүгээр сараас бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын “Гаалийн шинэчлэл” хөтөлбөрийн хүрээнд ачаалал ихтэй Замын-Үүд, Гашуунсухайт, Боршоо, Бичигт боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхээр дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эхэлж, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэсэн. Замын-Үүд, Гашуунсухайт боомтын Хятадын Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Жүнмэй инженеринг” групп барилгын ажлыг гүйцэтгэх бол Бичигт боомтыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэхээр болсон. Үүнээс гадна шинээр нэг боомт нээхээр хоёр тал харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, мөн хаагдсан нэг боомтыг дахин нээх талаар яригдаж байна.

Шинээр боомт байгуулах болон боомтын дэд бүтэц, хүчин чадлыг сайжруулах ажлууд нь хятадын талд уул уурхайн түүхий эдийн импортын хэмжээг нэмэгдүүлэх, боомт бүхий бүс нутгийн хөгжил дэвшил, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. Мөн шинээр баригдах Цагаандэл-Уул-Өлзий боомтыг талууд Хятад-Монголын жишиг боомт болгох зорилго тавиад байгаа бөгөөд Өлзий боомтод нэг цэгийн хамтарсан шалгалт хийх байртай байхаар зохион байгуулахаар болсон.

Хилийн боомтын дэд бүтцийн шинэчлэлт:  Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д боомтын сэргэлтийг тусгасан бөгөөд хүчин чадлыг 3 дахин нэмэгдүүлэх талаар тусгасан. Ингэхдээ боомтуудын хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлэн ачаа болон зорчигч нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхээр тусгасан. Мөн хилийн боомтуудыг төмөр зам болон хатуу хучилттай авто замаар үе шаттайгаар бүрэн холбох, тээвэр, логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэн ачаа тээврийн урсгалыг сайжруулах, цаашид транзит улс болох суурь нөхцөлийг бүрдүүлэхээр тусгажээ. Энэ хүрээнд БНХАУ, ОХУ-тай хиллэх 11 боомтын зураг төсөл хийгдэж, үүндээ аялал жуулчлалын салбарыг давхар хөгжүүлэхээр тусгасан байдаг.

Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 дугаар тогтоолоор баталсан Шинэ сэргэлтийн бодлогын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төслийн жагсаалтад БНХАУ-тай хиллэдэг боомтуудаас Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Сүхбаатар аймгийн Бичигт, Дорноговь аймгийн Ханги, Замын-Үүд боомт, ОХУ-тай хиллэдэг боомтуудаас Увс аймгийн Боршоо, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Сүхбаатар боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, ачаа, зорчигч тээврийн терминалуудыг байгуулахаар тусгасан. Одоогоор 6 боомтод бүтээн байгуулалтын ажил хийгдэж буй бөгөөд өргөтгөл шинэчлэлийн 50-70 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол 11 боомтын бүтээн байгуулалтын ажлын судалгаа, төлөвлөлт, зураг төслийг хийж байна.

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлтийг дэмжсэнээр хилийн боомтын нийт хүчин чадлыг 3 дахин, хилийн боомтыг төмөр зам болон авто замаар холбох, төмөр замын сүлжээ болон агаарын тээврийн хүчин чадлыг 2 дахин нэмэгдүүлэх 4 үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөөнд тусгасан бөгөөд голлох хилийн боомтуудыг дараах байдлаар хүчин чадлыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Тухайлбал: Гашуунсухайт боомт: БНХАУ-ын Засгийн газрын 107.7 сая юанийн буцалтгүй тусламжаар тус боомтын импорт, экспортын гарцыг нэмэгдүүлэн, дэд бүтэц, барилга байгууламжийн өргөтгөлийг хийж байгаа бөгөөд Монгол Улсын төсвийн 15.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр тээврийн хэрэгслээс дээжийн агууламж, чанарыг автоматаар тодорхойлох дэвшилтэт тоног төхөөрөмж, өндөр хүчин чадлын рентген, орчин үеийн теле хяналтын систем бүхий шуурхай удирдлагын төвтэй холбогдсон тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцуудыг суурилуулахаар төлөвлөсөн.

Гашуунсухайт боомтын үндсэн байгууламжийн шинэчлэлийн төслийн ажлыг 2023 оны 04 дүгээр сараас эхэлж байгаа бөгөөд тус боомтыг олон улсын зэрэглэлтэй болгох талаар БНХАУ-ын Засгийн газартай хэлэлцээ хийхээр зорьж байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд боомт: Замын-Үүд боомтыг БНХАУ-ын 75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр олон улсын жишигт нийцүүлэн шинээр барих, хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл 2019 оноос эхэлсэн бөгөөд зорчигч тээврийн хэсэгт 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга, байгууламж барихаар төлөвлөсөн. Түүнчлэн шуурхай удирдлагын төвтэй холбогдсон орчин үеийн теле хяналтын систем бүхий тээврийн хэрэгслийг автоматаар бүртгэх ухаалаг гарцууд болон өндөр хүчин чадлын рентген, тоног төхөөрөмжүүд суурилагдана.

Боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 2023 оны 03 дугаар сарын байдлаар 91 хувьтай хэрэгжиж, ачаа тээвэр, зорчигдын хөдөлгөөнийг хэвийн хүлээн авах болсон.

Монгол Улс, БНХАУ-ын авто тээврийн хамтын ажиллагаа, нүүрсний экспортын нөхцөл байдал

Монгол Улсын экспортын бараа бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч нь хилийн боомтын терминал, гаалийн хяналтын талбай дээр хүлээн авдаг тул автотээврийн хэрэгслээр нүүрсний экспортод зонхилсон хэвээр байна.

 

       Монгол Улсын 2022, 2021 оны нийт импорт, экспортын бараа эргэлтийг тээврийн төрлөөр нь авч үзвэл импортын тээвэрлэлтийг төмөр замаар, экспортын тээвэрлэлтийг автозамын боомтоор гүйцэтгэдэг нь харагдаж байна.

                      Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээр, түүнийг хэрэгжүүлэх яамд хоорондын протокол,

  • “Автотээврийн тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.2.21 заалт,
  • “Нийгмийн даатгалын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 2.1 заалт,
  • “Эрүүл мэндийн даатгалын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 заалт,
  • MNS 5346:2003 “Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ”,
  • MNS 5831:2007 “Улс хоорондын автотээврийн ачаа, зорчигч тээвэрлэлтийн ерөнхий шаардлага”,
  • MNS 4598:2011 “Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага”,
  • MNS 6278:2011 “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл, техникийн ерөнхий шаардлага”,
  • MNS 5345:2011 “Овор ихтэй ачааны тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага” болон 2013 оны Засгийн газрын 225 дугаар тогтоолын заалтуудын шаардлага хангасан байх шаардлагатай.

         Монгол Улс, БНХАУ-ийн засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийн хүрээнд хоёр улсын автозамын хилийн боомтуудаар нэвтэрч байгаа тээврийн хэрэгслүүд доорх зорчих болон онцгой зөвшөөрлийн бичгийг авдаг бөгөөд энэхүү зөвшөөрлийг жил бүр хэлэлцэн тохирогч талууд харилцан солилцдог.

             Дээрх зорчих зөвшөөрлөөс нүүрс тээвэрт “С” ангилалын зөвшөөрлийг тээвэрлэлт эрхлэгч ААН-үүдийн авто тээврийн хэрэгсэл авах шаардлагатай байдаг.

             БНХАУ руу тээвэр эрхлэгч ААН: Монгол Улсын талаас БНХАУ-тай байгуулсан Автотээврийн хэлэлцээр, Автотээврийн тухай хууль, Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм, журам болон бусад стандартын хүрээнд улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийг 10 чиглэлд 43 уурхайгаас 392 аж ахуйн нэгж байгууллагын 25,985 тээврийн хэрэгсэл, 24,112 мэргэшсэн жолоочтойгоор гүйцэтгэдэг байна.

Хүснэгт 8. БНХАУ-руу тээвэрлэлт гүйцэтгэдэг ААН, тээврийн хэрэгслийн тоо

 

 

Тээвэрлэлтийн чиглэл

Аж ахуйн нэгжийн тоо

Тээврийн хэрэгслийн тоо

 

1

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгой Ухаахудгийн уурхайгаас Гашуунсухайт- Ганц мод боомтын чиглэлд

 

245

 

19797

 

2

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Оюутолгойн уурхайгаас Гашуунсухайт-Ганц мод боомтын чиглэлд

 

5

 

217

 

3

Өмнөговь аймгийн Гурван тэс Овоот толгой МАК, Хүрэншанд болон Терра Энержи ХХК-ийн Баруун ноён уул нүүрсний уурхайгаас Шивээхүрэн- Сэхээ боомтын чиглэлд

 

53

 

3045

4

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Айлбаянгийн уурхайгаас Ханги-Мандал боомтын чиглэлд

28

904

5

Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас Эрээн боомтын чиглэлд

7

288

 

6

Дорнод аймгийн Матад сумын Хөөтийн нүүүрсний уурхайгаас болон Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт-Зүүн хатавч боомтын чиглэлд

 

18

 

362

 

7

Дорнод аймгийн Матад сумын Тамсагийн сав газраас Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигт-Зүүнхатавч боомтын чиглэлд

 

2

 

20

8

Дорнод аймгийн Матад сумын Тамсагын сав газраас Баянхошуу- Өвдөг боомтын чиглэлд

4

108

 

9

Ховд аймгийн Дарви сумын Хөшөөтийн уурхайгаас Булган сумын Ярант Такашикен боомтын чиглэлд

 

29

 

1148

 

10

Говь-Алтай аймгийн Цээлт сумын Таяннуурын уурхайгаас Бургастай- БНХАУ-ын Лаоемяо боомтын чиглэлд

 

1

 

96

НИЙТ

392

25985

(Эх сурвалж: АТҮТ-ийн Ачаа тээврийн хэлтэс)

         2022 онд дээрх боомтуудын чиглэлд ашигт малмталын тээвэрлэлтийг нийт давхардсан тоогоор 232,824 тээврийн хэрэгслээр гүйцэтгэсэн байдаг.

        Гашуунсухайт боомтын нөхцөл байдал, нүүрс тээвэр Монгол Улс, БНХАУ-ийн Засгийн газрын хэлэлцээр, Монгол Улсын үндсэн хуулийн дагуу Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомт нь 1992 оны 07 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан. Тус боомт улсын хилээс 100м, Ханбогд сумаас 135км, Цогтцэций сумаас 240км, аймгийн төвөөс 350км, Улаанбаатар хотоос 800км зайд байрладаг бөгөөд Монгол Улсын Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт, Говийн бага дархан цаазтай газрын хилийн бүсэд БНХАУ-ын хойд хилийн боомт болох Ганцмодтой хил залган оршдог.

 

Харин БНХАУ-ын Ганцмод боомт нь улсын хилээс 100м, ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн Урдын дунд хошууны Баяннуур аймгийн нутаг дэвсгэрт оршдог. Ганцмод боомтод Баяннуур хилээр орох, гарах асуудал эрхлэх, шалган нэвтрүүлэх анги, Хөх хот дахь гаалийн газрын зэрэг байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын 2004 оны хэлэлцээрээр хоёр талын, байнгын үйл ажиллагаатай боомтын статустай “Даваа–Бямба” гарагт 08:00-20:00 цагийн хооронд ажилладаг авто замын боомт юм. Гашуунсухайт боомтоор нийт 8 гарцаар экспортын бараа бүтээгдэхүүн, 4 гарцаар импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэж, өдөрт дунджаар 1500 тээврийн хэрэгслийг ажлын цагийн хуваариар гаргах хүчин чадалтай.

           Хил, гааль, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн харъяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын ажлыг хооронд нь уялдуулж нэгтгэсэн шинэ программыг 2014 онд нэвтрүүлсэн. Энэ программ гааль дээр хийдэг 10 шат дамжлагыг халж, цаасаар хэвлэж, биечлэн зөөдөг ажлыг бүрэн цахимжуулсан. Ингэснээр өмнө нь хагас цаг зарцуулдаг байсан ажлыг 1 минутанд багтаах боломжтой болсон бөгөөд ачаа тээврийн жолооч нарын виз, бүртгэлийг бүрэн цахимжуулж, машин дотроосоо хурууны хээгээ уншуулаад хилээр нэвтрдэг болсон.

          Монгол Улсын төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлэгч гол салбар болох уул уурхай бүтээгдэхүүн нүүрс, зэсийн баяжмалын экспортын талаас илүү хувийг Гашуунсухайт боомтоор гаргадаг. Тавантолгойн бүлэг ордоос боомт хүртэл Цагаанхад суурьшлын бүс хүртэл хатуу хучилттай авто замаар холбогдсон бөгөөд замын ашиглалт, урсгал засварыг “Гашуунсухайт автозам” ХХК хариуцдаг. Гашуунсухайт боомтоор дараах аж ахуйн нэгж байгууллагууд нүүрсний экспорт хийж байна. Үүнд:

            “Эрдэнэс тавантолгой” ХК: Эрдэнэс Тавантолгой төсөл нь 2010 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эхлэл тавигдсан бөгөөд тус орд газарт ашиглалтын үйл ажиллагаа явуулах "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийг УИХ, Засгийн газрын шийдвэрийн дагуу 2010 оны 12 дугаар сарын 23-ны өдөр байгуулж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Ашигт малтмалын тухай хуулийн дагуу стратегийн ач холбогдол бүхий нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үндсэн чиглэлээр ажилладаг байна. Тус компани нь “Зүүнбаян төмөр зам”-ын 66 хувь, “Гашуунсухайт автозам” ХХК-ийн 40 хувь, “Тавантолгой түлш” ХХК-ийн 51 хувь, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн 66 хувь, “Тавантолгой дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн 30 хувийг эзэмшдэг.

            “Энержи ресурс” ХХК: М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар 2005 онд байгуулж, 2009 онд олборлолын үйл ажиллагааг эхлүүлсэн. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тус уурхай нь нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтцүүдтэй, дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор юм.

         “Тавантолгой” ХК: Тус уурхай нь 1966 оноос эхлэн чулуун нүүрс олборлон борлуулах, кокс боловсруулах үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Өмнөговь аймаг 51 хувь, бусад хувьцаа эзэмшигчид 49 хувийг эзэмшдэг байна. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд 276.9 га талбай бүхий, MV-000287/A дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Мөн 2015 онд ордын нөөц коксжих нүүрс /VI, III давхарга/, сул коксжих нүүрс /V, VIII давхарга/, эрчим хүчний нүүрс /V8 VIII давхарга/ гэх 195,4 сая.тн нөөцтэй гэж батлагдсан.

        “Гашуунсухайт авто зам” ХХК: Монгол Улсын Засгийн газрын 2010 оны “Авто замын тухай” 83 дугаар тогтоолын хүрээнд “Энержи ресурс” ХХК-иас олгосон санхүүжилтээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд орших Ухаа худгийн уурхайгаас Гашуунсухайтын хилийн боомт хүртэлх 239 км, 196 ус зайлуулах хоолойтой, цементээр бэхжүүлсэн, асфальт бетон хучилттай 24 цагийн ажиллагаатай 3 шалган нэвтрүүлэх цэгтэй /ШНЦ/ авто замыг ашигт малтмалын тээвэрлэлтийг гүйцэтгүүлэхээр барьсан.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Нүүрсний экспортыг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолоор уг хатуу хучилттай авто замын өмчлөлийг “Эрдэнэс МГЛ” ХХК-д шилжүүлсэн бөгөөд “Гашуунсухайт авто зам” ХХК нь гэрээгээр тус замын ашиглалт, засвар үйлчилгээ, арчлалт, харуул хамгаалалт, аюулгүй ажиллагааг хариуцан ажиллаж байна.

 

Хүснэгт 10. Шалган нэвтрүүлэх цэгээр нэвтрэх процесс

АЧААТАЙ ТАЛД

АЧААГҮЙ ТАЛД

Тээврийн хэрэгсэл ШНЦ–рүү дөхөж ирэх үедээ хурдаа сааруулан, холын гэрлийг ойрын гэрэл дээр шилжүүлж ЗОГС тэмдэг дээр зогсоно.

Тээрийн хэрэгсэл ШНЦ–рүү дөхөж ирэх үедээ хурдаа сааруулан, холын гэрлийг ойрын гэрэл дээр шилжүүлж ЗОГС тэмдэг дээр зогсоно.

ШНЦ-ийн ажилтанд нүүрс ачилтын пүүний баримтыг хураалгана.

Шаардлагатай бол ШНЦ-ийн ажилтанд пүүний падаанаа шалгуулна.

Авто жин дээгүүр тээврийн хэрэгслийн бүх тэнхлэгийг жигд дайруулан 5км/ц жигд хурдтай өнгөрч нэвтрэх бөгөөд ШНЦ-ийн ажилтны өгсөн заавар, зөвлөгөөг чанд мөрдөж нэвтэрнэ.

 

Гэрээ нь хийгдээд анх удаа замаар явж эхэлж байгаа бол ШНЦ ажилтан замын хуудас бичиж өгч шалганаар нэвтрүүлнэ.

 

       Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт боомт хүртэл нүүрс тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл дунджаар 8 цагийг зарцуулдаг бөгөөд нэг талдаа 250,000 төгрөгийн хураамжийг Гашуунсухайт авто зам ХХК-д төлдөг. Гэхдээ тус авто зам хэт нарийн, эвдрэл ихтэй зэрэг хүчин зүйлээс үүдэн осол аваар гарах нь их байдаг.

         Чингэлэг тээврийн терминал:  Засгийн газрын 2021 оны 185 дугаар тогтоолын хүрээнд Өмнөговь аймгийн Тавантолгой Ухаахудгийн орд газарт үйл ажиллагаа явуулдаг “Тавантолгой” ХК 15 хувь, “Эрдэнэс Тавантолгой” ХК 60 хувь, “Энержи ресурс” ХХК 25 хувийн санхүүжилтээр нийт 40 тэрбум төгрөгөөр Гашуунсухайт боомтод 30 га нүүрсний чингэлэг тээврийн терминалыг байгуулан 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ашиглалтад оруулсан. Тус терминалыг 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 680 дугаар тогтоолоор хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааны өмчлөлд бүртгэсэн.

Зураг 15. Чингэлэг тээврийн терминал

Энэхүү чингэлэг тээврийн терминал нь орох, гарах чиглэлд нийт 8.1 мянган чингэлэгт 128 мянган тонн нүүрс нэг дор байршуулах хүчин чадалтай байна. Чингэлэг терминал нь 5 калмараар өдөрт 26 мян.тн, сард 640 мян.тн, жилд 8000 мян.тн нүүрсийг экспортлох хүчин чадалтай ба Гашуунсухайт боомтоос 0.6 км-д оршдог байна.

      БНХАУ-ын Засгийн газраас хилийн боомтын бараа тээврийн эргэлтийг чингэлэг тээвэрт шат дараатайгаар шилжүүлэх бодлого баримтлах болсноор Монгол Улс мөн боомтын үйл ажиллагааг үе шаттайгаар чингэлэг тээврийн зохион байгуулалтад шилжүүлэх болсон. Энэ нь урт хугацаандаа хилийн боомтын үйл ажиллагаа эмх цэгцтэй явагдах, орон зайг хэмнэх, байгаль орчинд ээлтэй зэрэг давуу талтай.

         Гашуунсухайт боомтын бүтцийн хүчин зүйлийн доголдолын шинжилгээ: Монгол Улсын нүүрсний экспортын гол гарц болох Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтын тулгамдаж буй асуудлыг тухай бүрт нь шийдэх, экспортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газар, төрийн байгууллагуудаас шийдвэрүүд гарч байсан ч, боомтын үйл ажиллагаа, зохион байгуулалтад хүндрэл байсаар ирсэн. Иймд энэ хэсэгт Гашуунсухайт боомтын үйл ажиллагаанд бүтцийн хүчин зүйлийн догогдолын шинжилгээ хийн бөглөрөл үүсгэж буй хэсгийг илрүүлэх, үүнийг арилгах арга замыг тодорхойлохыг зорив. Ингэхдээ тус боомтын нүүрс олборлогч уурхайн хүчин чадал, нүүрсний экспорт, тээвэрлэлтийн зохион байгуулалт болон зорилтот зах зээлийн харилцан хамаарлыг авч үзсэн болно.

Хүснэгт ….. Тавантолгой бүлэг ордын олборлолтын хүчин чадал

Ордын нэр

Аж ахуйн нэгжийн нэр

Олборлолтын жилийн хүчин чадал мян.тн

 

Тавантолгой

Эрдэнэс Тавантолгой ХК

35,000.0

Тавантолгой ХК

15,000.0

Энержи ресурс ХХК

10,000.0

(Эх сурвалж: Монгол Улсын Их хурлын 2007 оны 27 дугаар тогтоол )

        Тавантолгойн бүлэг ордын олборлолтын хүчин чадал жилд 60 сая тонныг нийлүүлэх боломжтой ч, БНХАУ-ын эрэлт болон Гашуунсухайт-Ганцмод боомтын хүчин чадлаас үүдэн экспортын хувь, хэмжээ төдийлөн өсдөггүй.

         Гашуунсухайт боомтын нүүрсний экспорт Монгол Улсын нийт нүүрс экспортын 60 орчим хувийг Гашуунсухайт боомтоор экспортолдог бөгөөд хоёр талын байнгын ажиллагаатай боомт тул экспортолж буй нүүрсийг БНХАУ-ын Ганцмод боомтын гаалийн хяналтын талбайд зайлшгүй буулгах шаардлагатай болдог.

           Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтийн зохион байгуулалт Гашуунсухайт боомтоор 4 гарцаар нүүрс тээвэр, 2 гарцаар зэсийн баяжмал нийт 6 гарцаар ачаа экспортолж байгаа бөгөөд өдөрт дунджаар 1500 тээврийн хэрэгсэл хил нэвтрэх хүчин чадалтайгаас 2023 оны эхний улирлын байдлаар өдөрт дунжаар 990 тээврийн хэрэгсэл хил нэвтэрч байна. Монгол Улсын Их хурлын 2021 оны 106 тогтоолоор батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд тус боомтыг ачаа экспортын 13 гарц болгох зорилтыг тавин ажиллаж байгаа. Ингэснээр боомтын хүчин чадал 3250 тээврийн хэрэгсэл экспортын тээвэрлэлт хийх боломжтой болно гэж үзэж байна.

Хүснэгт …. Нүүрс тээвэрлэлтийн төрөл

Он

Тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага

Тээврийн хэрэгслийн тоо

2018

169

11564

2021

246

18931

2023

349

23347

 

        Нүүрс экспортийн оргил үеийн зохион байгуулалт: Монгол улсын Засгийн газрын 2017 оны 11 дүгээр сарын 320 дугаар “Нүүрс тээвэрлэлтийн талаар авах зарим арга хэмжээ” тушаалаар Таван толгойн ордоос Цагаан хадны гаалийн хяналтын бүс хүртэл, Цагаан хадны гаалийн хяналтын бүсээс Гашуунсухайт боомт гэсэн чиглэлээр зохион байгуулж эхэлсэн.

         Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас 2018 онд Тавантолгой–Гашуунсухайт, БНХАУ-ын Ганцмод боомтын чиглэлийн тээвэрлэлтийг гүйцэтгэхийн тулд хоногт ачилт хийх тээврийн хэрэгслийн тоо болон хилээр нэвтрэх тээврийн хэрэгслийн тоог шалган нэвтрүүлэх постуудаар дайран өнгөрөх хугацаа, хурдатгалыг нарийвчлан тооцож уурхайгаас хоногт ачилт хийж, буулгах үеийн хугацааг тооцсон графикийн дагуу улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлт гүйцэтгэж байгаа тээвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудыг тээвэрлэлт гүйцэтгэх хуваарьт оруулсан бөгөөд энэхүү гар ажиллагааг хөнгөвчлөхийн тулд “Тээвэр төлөвлөлтийн програм”-ыг нэвтрүүлсэн. Гэвч тус хоногийн нэгдсэн графикийг хэрэгжүүлэхэд программд олон хэрэглэгч хандахад ачаалал нэмэгдэж, систем удаашран цаг цаг хугацаа алдах асуудал үүссэн, программын функцийн хувьд хайлт болон өгөгдөл хэсгүүдэд гар ажиллагаа ихээр шаардсан, бусад боловсронгуй болсон төлөвлөлтийн программын загварыг ашиглахад хүндрэлтэй байдал үүссэн.

            Мөн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Улсын бүртгэлийн газартай холбогдсон “Тээврийн нэгдсэн систем”-ээр дамжуулан холбогдох хууль, дүрэм, журам, стандартын дагуу хоёр улсын засгийн газрын автотээврийн хэлэлцээрийн хүрээнд хил нэвтрэх “С” төрлийн зөвшөөрлийн бичгийг олгож улс хоорондын байнгын ачаа тээвэрлэлтийн гэрээ байгуулан ажиллаж байсан.

        Нүүрс экспортын зогсонги үеийн зохион байгуулалт: Цагаанхад суурьшлын бүсийн нүүрс ачилт, буулгалтын талбай дүүрч нийт үлдэгдэл 9 сая тоннд хүрснээр 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уртын тээвэрлэлтийг зогсоож, Цагаанхад орчмыг Ногоон бүс болгон зөвхөн Цагаанхад-Ганцмод чиглэл буюу богинын тээвэрлэлтээр нүүрс экспортыг БНХАУын зүгээс тогтоосон квотын дагуу тээвэрлэж эхэлсэн. Коронавирус цар тахлын халдвар хамгаалалтын дэглэмийг сахиулах зорилгоор Монгол Улсаас ӨМӨЗО-ы Хөх хотод суугаа Ерөнхий консулын газар, Гашуунсухайт боомтын зөвлөл, Ганцмод боомтын захиргааны цахим хурлаар “Бөмбөлөг”-ийн системийг ашиглах талаар харилцан тохиролцоонд хүрч, 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжүүлсэн.

          Тус шийдвэрийн хүрээнд Өмнөговь аймгийн Цагаанхадны суурьшлын бүс орчим жолооч нарын байрлах байрны халдвар хамгаалалтын нөхцөл байдалд МХЕГ хяналт тавин, 40 хүртэлх жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм сахиулан битүүмжилсэн тээврийн багийн тээвэрлэлтийг зохион байгуулсан. Битүүмжлэгдсэн тээврийн багийн тээвэрлэлтэд тухайн үед Цагаанхад суурьшлын бүсэд 153 аж ахуйн нэгж байгууллагын 126 бөмбөлөгт 3412 жолооч тээвэрлэлт гүйцэтгэх боломжтой байсан бөгөөд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумд 1700 жолооч нарыг халдвар хамгааллын дэглэм сахиулан тээвэрлэлтэд гаргахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байсан. Ингэснээр коронавирусын цар тахлын үеэр нүүрс экспортын тээвэрлэлтийг тасалдуулахгүй байх гол алхам болсон юм.

             Нүүрс экспортыг эрчимжүүлэх үеийн зохион байгуулалт: Дэлхий даяар эдийн засгийн хямралыг давахаар ажиллаж байгаатай холбогдуулан манай улс мөн адил эдийн засгийн гол үүсвэр болох ашигт малтмалын экспортод тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 362 дугаар “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын 5 дахь зүйлд Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд ашигт малтмалыг уурхайн ам нөхцөлөөр борлуулах шинэ гэрээ байгуулахыг зогсоож, хилийн үнээр худалдан борлуулах байнгын ачаа тээврийн хил нэвтрэх “C” төрлийн зорчих зөвшөөрлийг олгох эрхийг олборлолтын үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүд буюу уурхайд шилжүүлсэн.

         Тус шийдвэрийн хүрээнд 2023 оны 01 сараас эхлэн Монгол Улсын Хөрөнгийн биржээр дамжуулан Тавантолгой ХК, Эрдэнэс Тавантолгой ХК, Энержиресурс ХХК-ууд DAP нөхцөлөөр дуудлага худалдаагаар нүүрс худалдан борлуулж байна. DAP нөхцөлөөр нүүрсний экспортыг тээвэрлэх нь эцсийн хэрэглэгчид хүрэх нүүрсний үнэд нөлөөлөхгүй бөгөөд харин тээврийн үнийг үндэслэлгүйгээр өсгөдөг, засварын олон шат дамжлагуудыг багасгах ач холбогдолтой. Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтэд 2022 оноос эхлэн техник технологийн дэвшил дээр суурилан чингэлэг тээврийн терминал, автомат удирдлагатай тээвэрлэлт, төмөр замын тээвэрлэлтийн туршилтын ажлууд явагдаж нүүрс экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажиллаж байна.

Дүгнэлт

                      Монгол Улсын нүүрсний экспортод Гашуунсухайт боомт чухал байр суурь эзэлж, БНХАУ-ын хойд бүсийн нүүрсний эрэлтийг хангах гол гарц болдгоос гадна үнэ болон байршил ихээхэн давуу талтай. Гэсэн хэдий ч боомтын дэд бүтэц, хүчин чадал сул, үйл ажиллагааны зохион байгуулалтын асуудал тулгамдсаар байдаг нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд сөргөөр нөлөөлж, бүтцийн хүчин зүйлийн доголдлын шинжилгээний бөглөрөл үүсгэж буй нөхцөл байдал байсаар байна.

          Гашуунсухайт боомтын үйл ажиллагаанд хийсэн судалгааны асуулгын үр дүн болон бүтцийн хүчин зүйлийн доголдлын шинжилгээгээр тус боомтод үүсээд буй хүндрэлийг Гашуунсухайт-Ганцмод боомтын нэвтрэх гарцаас илүүтэйгээр Ганцмод боомтын гаалийн хяналтын талбайнуудтай холбон талбайрлаж болохуйц дүр зураг ажиглагдсан. Өөрөөр хэлбэл дээрх зурагт харуулснаар Монгол Улсын Засгийн газраас боомтын хөгжлийн бодлогыг сүүлийн жилүүдэд дэмжин ажиллаж, Тавантолгой Ухаахудгийн нүүрсний орд газрын жилийн олборлолтын хүчин чадал нь нүүрсний экспортыг 60-аас дээш сая.тн хүргэх бүрэн боломжтой харагдаж байна. Гэсэн хэдий ч боомтын дэд бүтцийн хүндрэл нь нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд тулгамдаж буй гол асуудал болж байна.

           Харин нүүрсний эрэлтийн өнцгөөс авч үзбэл БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 2030 онд дээд хэмжээндээ хүрч 2060 он хүртэл шат дараалалтайгаар бууруулах төлөвтэй байгаа ч, дээрх хугацаанд асар том зах зээлийг хангахад Монгол Улсын нүүрсний үнэ болон байршил нь ихээхэн давуу талтай байх юм. Иймд Монгол Улс БНХАУ-ын нүүрсний эрэлт нийлүүлэлтийн огтлолцол нь аль аль талын хэрэгцээ бий гэдгийг илтгэж буй ч, хүчин зүйлийн доголдлын шинжилгээ болон ауулгын аргын үр дүнд Гашуунсухайт боомтын дэд бүтцийг сайжруулах шаардлагатайн харагдаж байна.

            Нэг талаас Монгол Улсын Засгийн газраас Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрлэлтэд тулгамдаж буй асуудлыг тухай бүр шийдэж, үйл ажиллагаа менежментийг сайжруулахаар анхаарал хандуулж буй ч, нөгөө талаас ӨМӨЗО-ы Баяннуур хотын удирдлагуудын бодлого шийдвэр, Ганцмод боомтод байрлах гаалийн хяналтын талбайнуудын үйл ажиллагааны зохион байгуулалтаас шалтгаалан нүүрс тээвэр тодорхойгүй байдлаас зогсдог, хоёр улсын хилийн дундын цэгээс нүүрс ачсан тээврийн хэрэгсэл буцдаг зэрэг асуудал буйг онцлох шаардлагатай юм.

          Монгол Улсын нүүрсний экпортыг нэмэгдүүлэхэд Гашуунсухайт боомт ихээхэн ач холбогдолтой хэдий ч, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэхэд БНХАУ-ын нүүрсний эрэлттэй уялдуулан хөгжүүлэх шаардлагатай. БНХАУ-ын нүүрсний хэрэглээ 2030 онд дээд хэмжээдээ хүрч, 2060 он хүртэл шат дараатайгаар буурах, нүүрстөрөгчийг бууруулах бодлогын хүрээнд сэргээгдэх эрчим хүчээр нүүрсний хэрэглээг орлуулах зорилго тавин ажиллаж байна. БНХАУ-ын нүүрсний эрэлтээс харахад коксжих нүүрснээс гадна, эрчим хүчний нүүрсний зах зээл дээрх хугацаанд эрэлттэй байх төлөвтэй байгаа бөгөөд иймд Монгол Улс нүүрс тээврийн дэд бүтцийг сайжруулж, тээвэрлэлтийн өртгийг бууруулснаар БНХАУ-д эрчим хүчний нүүрс нийлүүлэх боломж байна.

         Тавантолгойн бүлэг ордоос Гашуунсухайт боомт хүртлэх нүүрсний тээвэрлэж буй тээврийн хэрэгсэл дунджаар 8 цагийг зарцуулдаг бөгөөд замын эвдрэл их, хоёр урсгал нарийхан тул осол аваар гарах хүчин зүйл болдог. Мөн нүүрс худалдан авагч талууд Эрдэнэс Тавантолгой ХК-аас нүүрс худалдан авах сонирхол их байгаагаас шалтгаалан Гашуунсухайт боомтын тээвэрлэлтэд тээврийн хэрэгслийн ачаалал үүсдэг.

             Иймд экспортыг нэмэгдүүлэхэд тус уурхайгаас бусад БНХАУ-тай хиллэдэг хилийн ачаалал бага боомтуудаар гаргах боломж буйгаас гадна худалдан авагч талд олон гарцаар нүүрс авах сонголттой болох давуу талтай. Иймд тус Гашуунсухайт боомтоос гадна Тавантолгойн бүлэг ордыг бусад боомттой холбох, ингэснээр улсын хэмжээнд нүүрсний экспорт нэмэгдэх боломж бий. Үүнд Тавантолгойн уурхайгаас Замын-Үүд, Ханги, Цагаандэл-Уул боомтыг холбосон тээврийн чиглэлийг хөгжүүлэх боломжит хувилбар байна. Мөн боомтын бүтээн байгуулалтыг хөрш орны бодлого, төлөвлөлттэй уялдуулан нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, боомтын үйл ажиллагааны менежментийг сайжруулах замаар ашигт малтмалын бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж хоёр улсын боомтын хүчин чадлыг ижил түвшинд хөгжүүлэх шаардлагатай.

           Энэхүү үйл явцыг хэрэгжүүлэхэд хууль, эрх зүйн орчныг шинэчлэж байж хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулж, улмаар хилээр нэвтрэх болон хяналт шалгалтад зарцуулах хугацааг богиносгох, хуурай боомт болон гүний гаалийг бий болгох, цахим гаалийн үйл ажиллагааг дэмжих зэрэг асуудлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай. Мөн Гашуунсухайт боомтод тулгамдаж буй асуудалд боомтын дэд бүтэц, төрийн алба хаагчдын ажиллах, амьдрах орчныг сайжруулах нь нэн шаардлагатай байгаа бөгөөд энэ нь боловсон хүчний тогтворгүй байдал, хүний нөөцийн дутагдалыг шийдвэрлэх чухал алхам болно.

             Боомтын асуудал хариуцсан байгууллагыг нэгдсэн удирдлага, бүтэцтэй болгосноор боомтын бодлого, төлөвлөлтийг шинэчлэн тодорхойлох, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, боомтыг эдийн засгийн эргэлтэд оруулах, улмаар Шинэ сэргэлтийн бодлогын Боомтын сэргэлтийн хүрээнд төлөвлөгдсөн төсөл, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлж Монгол Улсын эдийн засагт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг хангах нөхцөл бүрдэхээр байна.

САНАЛ ЗӨВЛӨМЖ:

  • Гашуунсухайт боомтод хийгдэж буй өргөтгөл, шинэчлэлийн ажил хурдасгаж, боомтын дэд бүтцийг сайжруулах,
  • Төрийн байгууллагуудын давхардсан чиг үүргийг нягталж, хэвтээ тогтолцооноос босоо тогтолцоонд шилжих,
  • Дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлж, төрийн байгууллага болон ААН хоорондын үйл ажиллагааг хялбарчлах,
  • Гашуунсухайт боомтыг олон улсын зэрэглэлтэй болгосноор эдийн засгийн үзүүлэх үр ашгийн тооцооллыг хийх шаардлагатай.

НОМ ЗҮЙ

 

  1. Отгонсар, Н. (2018). Боомтын үйл ажиллагааг боловсронгуй болгох боломж, Улаанбаатар, Монгол.
  2. Азийн хөгжлийн банк, (2018). Саад тотгорыг арилгах нь: Монгол Улсын тээвэр, логистикийн салбарын хөгжлийн тухай.
  3. Энхбаяр, О. (2019) Монгол банк, Экспортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлын судалгаа
  4. "Алсын хараа-2050, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого
  5. БНХАУ-ын Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх XIV таван жилийн төлөвлөгөө, (2021)
  6. ӨМӨЗО-ын Нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх XIV таван жилийн төлөвлөгөө, (2021).