Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.09.18 19:00
538
Хөгжлийн төлөвлөгөөг бодлогын баримт бичгүүдтэй уялдуулах шаардлагатайг санууллаа

Нийслэлийн ИТХ-ын Засаглал, эрх зүйн шинэтгэлийн хороо өнөөдөр хуралдлаа. Хурлаар Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцсэн юм. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүү төлөвлөгөөний талаарх танилцуулгыг хийв. 

Төлөвлөгөөг боловсруулахдаа нийслэлийн нутгийн захиргааны 82 байгууллага, нэгжээс санал авсан байна. Улмаар нийт 6.7 их наяд төгрөгийн санхүүжих дүнтэй 734 төсөл, хэмжээний саналыг авсан аж. Ирсэн саналуудыг эрэмбэлж “Нийслэлийн хөгжлийн 2024 оны төлөвлөгөө”-ний төсөлд нийт 418 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Ингэхдээ ирсэн саналуудаас нэн тэргүүний хэрэгцээ шаардлага байгаа эсэх, санхүүгийн эх үүсвэр баталгаатай эсэхийг харгалзан үзэж, төлөвлөгөөг боловсруулахдаа эрх зүйн шинэчлэл, эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлж, эрүүл засаглалыг хөгжүүлэх гурван суурьт хөтөлбөрийг баримтлан ажиллаж байна гэдгийг онцолсон юм. 

Хуралдаанаар мөн их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврээр сар бүр 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт олгодог. Тэгвэл оюутан нийтийн тээврээр зорчих эрхийг нэмэгдүүлэн 44 болгож, өмнөх журамд өөрчлөлт оруулах төслийг боловсруулжээ. 2023 онд оюутныг нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчуулсны нөхөн олговорт олгох төсвийг₮ 6,3 тэрбумаар баталсан. Тэгвэл эхний хагас жилд 1,1 тэрбум төгрөгийг зарцуулсан бөгөөд оюутны зорчих эрхийг нэмэгдүүлсэн ч нөхөн олговор энэ онд батлагдсан хэмжээнээс давахгүй гэж Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудлуудын талаар төлөөлөгчид саналаа хэлсэн юм. Тухайлбал, 2020-2022 оны Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөөний үр дүн, үйл явцыг танилцуулах, 2023 оны төлөвлөөний урьдчилсан биелэлт, гүйцэтгэлийг гаргах, хэрэгжих боломжтой ажлуудаа төлөвлөж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрүүдээ ялгаж ажлуудаа эрэмбэлэх талаар санал гаргаж байсан юм.

Мөн төлөвлөгөөг Засгийн газрын болон нийслэлийн богино, дунд хугацааны төлөвлөгөөтэй уялдуулах, бодит үр дүн, хэрэгжих үндэслэл суурьтай байхыг анхаарах ёстойг хэлж байсан юм.