Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийгэм
2023.10.05 14:42
17295
"Хүчирхийллийн эсрэг хуулиа чангалж, хүүхэд хамгааллын төсвийг 14 тэрбум болгоно"
Х.Булгантуяа сайдаар ахлуулсан цагдаа, хүүхдийн байгууллагууд Дорноговь аймагт алга болсон 12 настай охины асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж: Эрэн сурвалжлах ажил Дорноговь аймгаас Өмнөговь аймгийн хэмжээнд үргэлжилж байна. Онцгой байдлын газраас агаараас эрэн хайж байгаа. Зарим нэр бүхий хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүн батлагдаагүй мэдээллийг олон нийтийн сүлжээнд байршуулж байгаа нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж байна. Мөн өчигдөр цагдаагийн байгууллагын цахим хаягаар худал мэдээлэл оруулсан алба хаагчаа бид шийтгэнэ. Мөрдөн байцаалтын нууцыг задруулж байгаа хүн, алба хаагч прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэх нь гэмт хэрэг.
 
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг: Хүүхэд хамгаалах чиглэлээр бүх байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод мэдээлж, цахим орчинд байршуулдаг болно.
Ингэснээр хүүхэд хамгааллын ажилд чухал нэмэр болно. 
 
 
ХНХ-ын сайд Х.Булгантуяа: Бид хүүхдийг эсэн мэнд олдоосой гэж хувь хүнийхээ хувьд ч, эмэгтэй хүнийхээ хувьд ч сэтгэл зовниж ажиллаж байна. Манай улсад сая орчим хүүхэд бий. Жилд 1000 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 1500 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Манай 108 төвд эхний найман сард 70 мянга орчим дуудлага ирсний 50 хувь нь зорилтот дуудлага байна.
Бид хүчирхийллийн эсрэг хуулиа чангалах шаардлагатай гэдэгт санал нэг байгаа. Бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг нийтэд ил тод зарлаж, цахим орчинд нэр, зургийг нь байршуулдаг болно.
Хүүхэд болгон дээр цахим хувийн хэрэгтэй болно. Хүүхэд хамгааллын мэдээлэл сурталчилгааны ажлыг хийх шаардлагатай байна. Суманд малын асуудал хариуцсан 5 ажилтан байдаг хэр нь хүүхэд хамгааллын мэргэжилтэн байдаггүй.
Манай ХНХ-ын харьяа ГБХЗГ-ын төсвийг бодоод үзэхээр Монголын нэг хүүхдэд оногдож байгаа мөнгө 5000 төгрөг байдаг. Найман тэрбумыг хүүхдүүддээ хувааж үзэхээр ингэж гардаг. Нийт хүүхдүүдийн 400 гаруй мянга нь нийгмийн халамжийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай өрхөд амьдарч байгаа хүүхдэд 15 мянган төгрөг оногддог. 2024 онд хүүхэд хамгааллын 8 тэрбум төгрөгийг 14 тэрбум болгож нэмэгдүүлнэ.