m.mn
түрүүлж мэдээлнэ
Спорт
2023.11.02 11:47
15853
Монголын сагсан бөмбөгийн спортын их хөгжлийг гацаах “хор найруулагдан” гарлаа

Үндэсний Дээд Лигийн 2023-24 оны улирлын тоглолт арваннэгдүгээр сарын 3-ны өдөр эхлэх хуваарьтай байгаа. Гэтэл Монголын сагсан бөмбөгийн холбооны шийдвэртэй холбогдуулан дээд лигийн баг, тамирчдын эрх ашиг ноцтой зөрчигдөх нөхцөл байдал үүсээд байна.

Тодруулбал, Монголын сагсан бөмбөгийн холбоо болон UG arena сагсан бөмбөгийн дээд лигийн тоглолтын тасалбар болон бусад бүх төрлийн орлогыг 70/30 хувиар нь хуваан авдаг. Дээд лигт тоглодог 8 баг жилд дунджаар 1-2 тэрбум хүртэлх хэмжээний зардал гаргадаг атал Лигийн зохион байгуулалтад хамгийн гол үүрэг гүйцэтгэж, хамгийн их хөрөнгө мөнгө, зардлыг гаргаж байгаа баг тамирчдад орлогоос огт хүртээдэггүй, багуудын спонсоруудын сурталчилгааг байршуулах ч эрхгүй байгаа нь цаашид багууд тогтвортой үйл ажиллагаа явуулахад эрсдэл учирсан байна.

Иймд багийн эзэд, хөрөнгө оруулагчдын холбооноос:

1. Улирлын тоглолтыг 3 тойрогтой болгох

2. Орлогоос 20 хувийг багийн эзэд, хөрөнгө оруулагчдад, 5 хувийг тамирчдын холбоонд хуваарилах

3. Тухайн өдрийн тоглолттой багуудад 5 ширхэг нүүрний эгнээний суудлуудыг давхардуулахгүй олгох гэх мэт зүй ёсны шаардлага хүргүүлсэн.

Харамсалтай нь МСБХ-ноос таван багийг тоглолтод оролцох эрхийг хасаж нэг үзээд, буцаан зөвшөөрсөн шийдвэр гаргасан. Гэхдээ нэр бүхий есөн хүнийг МСБХ-ноос зохион байгуулах аливаа үйл ажиллагаанд оролцох эрхийг 2026.12.31-ний өдрийг дуустал хугацаанд хасаж шийдвэрлэсэн нь Монголын сагсан бөмбөгийн спортод үнэтэй хувь нэмэр оруулж буй хүмүүсийг энэ спортоос нэг мөр явуулах гэсэн увайгүй үйлдэл юм.

Багийн эзэд, хөрөнгө оруулагчид энэ спортод хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулсан ч МСБХ, UG arena хоёр “бялуугаа хоёулхнаа хувааж идэх” хүсэлдээ хэт автаж, тамирчдыг багийн эзэн, менежер, хөрөнгө оруулалтгүйгээр амь амиа аргацаагаад яв гэснээс өөрцгүй     гэсэн үг. Дашрамд дурдахад, дээрх хоёр нь хоёул MCS группийн угшилтай бөгөөд өмнөх дээд лигийн тоглолтоос дор хаяж 10 гаруй тэрбумын ашиг орлого олсон гэдгийг эх сурвалжууд хэлдэг.

Арав гаруй жилийн хугацаанд хагархай бутархай, хоёр толгойтой явсан холбооноос болж тамирчид хамгийн их гарз хохирлыг амсаад зогсохгүй Монголын сагсны спортын хөгжлөөс хойш татсан гашуун сургамж угтаа бий. Атал МСБХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч тэргүүтэй хэдхэн хүний гараар энэ их спортыг дахин гацаах “хор найруулагдан” гарав. Харамсалтай...

Товчхондоо, энэ мэтээр хөрөнгө оруулагчдаа хавчин гадуурхсан увайгүй үйлдлийн гор эцэстээ энэ спортод хайртай, дуртай хэн бүхнийг арчин хаях, адаглаад арав гаруй жил хуваагдсан түүхээ дахин давтах алсын хараагүй шийдвэр боллоо!