Баялаг бүтээгч
2023.11.08 18:05
7463
Монголын үндэсний үйлдвэрлэгчид БНАЛАУ-ын Таналенг хуурай боомттой танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНАЛАУ-д хийж буй айлчлалд 70 гаруй үндэсний үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчид багтан, тус улсын мэдлэг туршлагаас судлах, бизнесийн түншээ олох, харилцан ашигтай хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг олон үр дүнтэй арга хэмжээнд хамрагдлаа.

Үүнийг нэг нь Вьентьян логистикийн парк буюу БНАЛАУ-ын 1-р зэрэглэлийн хуурай порт болох Thanaleng Dry Port юм. БНАЛАУ болон Монгол улс нь далайд гарцгүй гэдгээрээ адилхан бөгөөд зөв зохион байгуулалт бүхий хуурай боомтыг бий болгосноор үр ашигтай ажиллах боломжийг тус улсаас судаллаа.

Тус боомт нь НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрээр батлагдсан "олон улсын ач холбогдол бүхий" 9 хуурай боомтын нэгд багтдаг бөгөөд Меконг мөрний дээгүүр орших анхны найрамдлын гүүрнээс ердөө 1 км-ийн зайд оршдог. Таналенг Хуурай боомт нь Лаосыг далайд гарцгүй газраас хуурай газартай холбоотой улс болгон хувиргах зорилготой үндэсний ложистикийн стратегид хүрэх гол төсөл болох Вьентьян логистикийн нэгдсэн паркийн нэг хэсэг юм. Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг эхлээд Японы Жайка байгууллага, дараа нь Нидерландын Роял Хасконинг байгууллага гүйцэтгүүлж, БНАСАУ-ын Засгийн газар 2020 онд баталсан.

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссоос батлагдсан 9 хуурай боомтуудын дунд Таналенг хуурай боомт нь олон улсын хилийн үүрэг гүйцэтгэж, төмөр зам/авто замаар шилжүүлэн ачих байгууламжаар хангадаг анхны бөгөөд цорын ганц хуурай боомт юм.

Thanaleng Dry Port (TDP) нь бүх төрлийн гаалийн систем бүхий импорт, экспортын олон улсын худалдааны төв байх үүрэгтэй. Хамгийн гол нь олон тооны чингэлэгт үйлчлэх тав тухыг хангах үүднээс TDP-д чанартай тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл, агуулахын системийг мэргэжлийн түвшинд суурилуулдаг байна. Терминалын үйлдлийн системийг ашигласнаар хурд, аюулгүй байдал, найдвартай байдлын хамгийн сайн үйлчилгээг баталгаажуулдаг.