Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Мишигдорж 326-р ангид амиа алдсан цэргийн алба хаагчийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Цагдаагийн байгууллагын 102 дуудлагын утсанд 2023 оны 11 дүгээр сарын 12-13 ныг шилжих шөнө 06:21 цагт Зэвсэгт хүчний 326-р ангийн байранд хугацаат цэргийн алба хаагч Д нь нас барсан байна гэсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас очиж үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Шалгалтын явцад тухайн ангийн хяналтын камерт үзлэг болон талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор Шүүх шинжилгээний байгууллагаас үзлэг, шинжилгээ хийж байна.
Мөн цэргийн алба хаагчдын ундны ус, тухайн өдөр идсэн хоолноос дээж авсан.
2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өглөө 06:00 цагт бослого зарлахад талийгаач босоогүй, нас барсан байдалтай байсан. Одоогоор шинжилгээний дүгнэлт гараагүй. 14 хоногийн хугацаанд дүгнэлт гаргуулахаар өгсөн. Шаардлагатай тохиолдолд хугацаа сунана.
Ар гэрийнхний зүгээс тухайн камерын бичлэгийг үзье гэсэн хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээн авч өнөөдөр бичлэгийг 13:00 цагт ар гэрийнхэнд нь үзүүлнэ" гэв.