Б.Мөнхцацрал
Шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2023.11.17 13:27
2398
МОНГОЛЫН ОЮУТНЫ ХОЛБОО оюутнуудыг хүчээр цэрэгт татах асуудалд нүд, чихээ тагласан уу?

Өнөөдөр Оюутны эрхийг хамгаалах ОУ-ын өдөр тохиож байна. МУ-ын хэмжээнд их дээд сургууль, коллежд нийт 143 мянга гаруй оюутан суралцаж буй. 

Гэтэл оюутан залуучуудын эрх зүйн байдал,  боловсролын чанарыг дээшлүүлэх, болон хамгийн гол нь тэдний өмнө тулгамддаг нийгмийн асуудлуудыг шийдвэрлэж, нийтлэг эрх ашгийг хамгаалах зорилготой Монголын оюутны холбоо оюутнуудынхаа дуу хоолой болж, төр засагт асуудлаа тавьж,  шийдвэрлэж чадаж байна уу гэвэл үгүй. 

Хамгийн сүүлийн харамсалтай жишээ.

Зэвсэгт хүчний 0326-р ангид алба хааж байсан Мандах их сургуулийн төгсөх курсын оюутан цэрэгт татагдаж 20 гаруй хоногийн дараа учир битүүлгээр амиа алдлаа. Талийгаачийн эцэг, эхийн зүгээс төгсөх курсын оюутан учир цэргийн албыг зориулалгүй, сургуулийг нь төгсгөх хүсэлт гаргасан ч арми амийг нь авч, гэр бүл, найз нөхөд, ангийн андуудаа орхисон юм.

Нийтлэг эрх ашгийг хамгаалах ёстой ОЮУТНЫ ХОЛБОО  цэрэг татлагад 1-4 дүгээр курсын төлбөрөө төлсөн, төгсөх курсын оюутнуудын эрх ашгийг хамгаалж ямар ажил санаачилж, юу хийсэн бэ гэж дахин асууя. Дуу хоолой болж, залуучуудынхаа өмнөөс дуугарсан уу. 

Ер нь энэ байгууллага хэний төлөө ажиллаж, нүдэнд харагдах ямар ажил хийдэг вэ?  

Үнэндээ төрийн яам, агентлагаас мөнгө авч,  жил бүр аян нэртэй үр дүн нь үл үзэгдэх ажлыг зохион байгуулж, 21 аймгаа тойрч ажилласан нэр л зүүдэг.

Мөн холбооны тэмдэг, шагнал, автобусны карт зэргээр мөнгө чимээгүй угаадаг  газар.  Шат ахисаар удирдлагууд нь улстөрд орох гишгүүрээ болгодог гэхэд үнэнээс хол зөрөхгүй болсон.  

Тус холбооны Ерөнхийлөгчөөр Г.Анударь ажилладаг бөгөөд 2021 онд шинэ бүтцээр ажиллаж эхэлсэн байна. Бид дээрх асуудлуудын хүрээнд Ерөнхийлөгч Г.Анударьтай холбогдох гэсэн болов ч утсаа аваагүй учир  Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Мягмарсүхээс дараах тодруулгыг авлаа. 

Тэрбээр “Манай холбооны зүгээс оюутан, залуучуудынхаа эрх ашгийг хамгаалах тодорхой ажлуудыг хийгээд явдаг. Сүүлд цэрэг амиа алдсан харамсалтай хэрэг гарсан өдрөөс хойш холбогдох яам, байгууллагууд руу өнөөдрийг хүртэл холбогдон ажиллаж байна. Түүнчлэн 2021 оноос хойш 1-4-р курсын оюутнуудыг цэрэгт татахгүй байх асуудлыг үргэлж хөндсөөр ирсэн.

Энэ удаад ч мөн хүсэлт гаргасан бөгөөд өнөөдөр Батлан хамгаалах яам, ЗХЖШ-тай 16:00 цагт уулзана” гэлээ.