Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2023.11.20 13:19
5789
Төр нь иргэнийхээ газар эзэмших эрхэд ноцтойгоор халдаж байна гэв

Газрын тухай багц хуулийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Тэгвэл ТББ-ын төлөөлүүд НҮБ-ын хүний эрхийн зөвлөлд хандахаа илэрхийллээ.

Тухайлбал мэдээлэлдээ" Монгол улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, төрийн бүрэн эрх, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа, монголчууд болон байгалийн нөөц баялгийн оршин байрших, амьдрах, өсөн үржих тулгуур үндэс, анхдагч өлгий болох Газрын тухай хуулийн төслүүдийг УИХ-ын намрын чуулганаар яаралтай батлахаар хэлэлцүүлж байна.

Харамсалтай нь Монгол улс болон монгол хүн бүрийн амин чухал асуудлыг хөндсөн эдгээр хуулийн далд санаа, үр дагавар нь төрийн дур зорго, эрх мэдлийг хязгаарүй, хяналтгүй нэмэгдүүлж, эсрэгээр нь иргэдийн газрын эрхийг хумиж хязгаарласан, халдаж булаасан шинжтэй байна. Газрын тухай багц хуулийг анх 2022 оны 12 дугаар сард 01-нд УИХ-ын гишүүдийн 84,1%-ийн саналаар хэлэлцэх эсэхийг дэмжсэн. Гэвч Хууль тогтоомжийн тухай хуулийг зөрчиж, олон нийтээр хэлэлцүүлж, санал аваагүй тул ИНБ-уудын эсэргүүцэлтэй тулгарч, буцааж татсан.

Түүнээс хойш 2023 оны 7 дугаар сард 20 гишүүн, 5 гишүүн, Засгийн газар нь Газрын тухай хуулийг гурван хэсэг хууль болгон иргэдээр хэлэлцүүлэлгүйгээр өргөн барьж УИХ-аар хэлэлцүүлсэн. Мөн иргэд, ИНБ-ууд эсэргүүцэж, зарим хэсгийг нь буцааж татсан. Өнөөдөр бас дахин 2 хэсэг хувааж, хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж, яаралтай горимоор хэлэлцүүлж эхэллээ.
Газрын тухай хуулийг хэлэлцэж буй үйл явцыг ажиглахад хуулийн төслийг хэсэглэж хуваасан, өөр нэртэй хуулийг дагалдуулж далдалсан, олон хуулиудад хэсэглэн тараан байршуулсан учраас хийдэл цоорхой ихтэй, давхардал, зөрчилтэй, логик дэс дараалалгүй, уялдаа холбоогүй, ойлгомжгүй, хэрэглэхэд түвэгтэй, хэрэгжих боломжгүйгээр батлагдаж гарах төлөвтэй боллоо. УИХ, Засгийн газар Газрын тухай хуулийг олон нийтээр хэлэлцүүлэхгүй, маш хурдан хугацаанд багцаар нь шууд батлахаар ийнхүү яаран даарч байгаа нь бидэнд хардлага төрүүлж байна. Эдгээр хуулийн төсөлд тусгагдсан ашиг сонирхлын зөрчилтэй зарим заалтуудаас дурдвал:

Аймаг, сумдын газрыг тусгай хэрэгцээнд авч, нийслэлийн эдийн засгийн тусгай бүс байгуулан дарга нар хоорондоо тохиролцон ашиглах

• "Нийтийн ашиг сонирхлыг хангах зайлшгүй шаардлагатай тохиолдол"-д төрийн зүгээс иргэдийн газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах

• Хайгуул судалгаа, "ижил төстэй бусад үйл ажиллагаа" явуулах, инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, усны сан болон ойн сангийн газарт байгалийн дагалт баялаг ашиглах, аялах зориулалтаар бусдын газар өмчлөхэзэмших, ашиглах эрхийг хязгаарлах

• Зөвхөн малчдын бүлгийн гишүүдэд л бэлчээрийг гэрээгээр эзэмшүүлэх

• Шинээр өрх тусгаарласан болон шилжиж ирсэн малчин өрхийг бүлэг оруулах эсэхийг булгийн саналыг харгалзан бэлчээрийн даацад тохируулан сумын Засаг дарга шийдэх

• Засаг дарга малчин өрхөд өвөлжөө, хаваржааны зориулалтаар 1.0 га хүртэлх газрыг нэг удаа үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэх. Тус газартаа малын тэжээл тарих зэрэг 

Нүүдэл нь бэлчээрт үзүүлж буй ачааллыг багасгах, биологийн төрөл зүйлийг , өртөг өндөртэй нэмэлт тэжээл бэлтгэх хэрэгцээг бууруулдаг ногоон эдийн засгийн арга болохын зэрэгцээ органик хүнс бэлтгэх технологийн чухал хэсэг юм. Тиймээс бэлчээрийн мал аж ахуйн тогтолцоо нь суурьшмал мал аж ахуйгаас илүү тогтвортой, өртөг хямд, экологид ээлтэй газар ашиглалтыг бий болгодог давуу талтай.

Гэтэл дээрх хуулиудын зохицуулалт нь Монголын ард түмнийг уламжлалт амьдралын хэв маягаас хүчээр салгаж, суурьшмал тогтолцоонд шилжүүлэхэд чиглэж байна гэж бид үзэж байна. Монгол Улс НҮБ-ын гишүүн орон бөгөөд Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактыг 1974 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр соёрхон баталсан. Уг пактын 1 дүгээр зүйлд "Бүх ард түмэн өөрөө засан тохинох эрхтэй.

Энэхүү эрхийнхээ дагуу тэд улс төрийн стастусаа чөлөөтэй тогтоож, эдийн засаг, нийгэм, соёлоо чөлөөтэй хөгжүүлнэ.... Аль ч ард түмнийг, ямар ч тохиолдолд оршин тогтнох хэрэглүүрээс нь хагацааж үл болно" гэж заасан байдаг. Энэхүү олон улсын гэрээнд заасан эрхийг иргэн бүрт эдлүүлэх үүргийг Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн билээ.

Монгол Улсын төр эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэнд оруулах бодлого хэрэгжүүлсэн цагаас эхлэн энэхүү үүргээ зөрчиж, иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг байнга зөрчсөөр ирлээ.

ИНБ-ууд олон удаа шаардлага тавьж, шахалт үзүүлж, шүүхэд хандаж, хариуцлага нэхэж байсан ч үл тоомсорлож, Үндсэн хууль болон олон улсын гэрээгээр баталгаажсан иргэдийн үндсэн эрхийг ноцтой зөрчсөн хэвээр байна. Энэхүү зөрчил нь улам бүр даамжирч, үндэсний хэмжээнд өргөн тархаж, "онц ноцтой", хамгаалагдсан "тогтолцооны шинж"-тэй болох эрсдэлтэй байна.

НҮБ-ын тусгай илтгэгчид олон удаа ирж, хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг газар дээр нь баримтжуулж, дүгнэлт гаргаж, зөвлөмж өгч байгаа хэдий ч төр, засаг хүний эрхийг хамгаалах үүргээ биелүүлэхийн оронд иргэдийн эрх, эрх чөлөөнд халдаж, иргэний нийгмийн орон зайг улам бүр хумиж байна. Ийм учраас НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хандаж байгаль орчин ба хүний эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд хамтран гомдол гаргахаар шийдэж байгааг энэхүү хэвлэлийн бага хурлаар төр, засаг болон олон нийтэд мэдэгдэж байна" гэв.