Эдийн засаг
2023.11.20 18:30
1590
"Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгч" арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хурал боллоо

"Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгч" арга хэмжээ зохион байгуулах ажлын хэсгийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Улсын Их Хурлын 2022 оны "Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 дугаар тогтоолын хүрээнд байгаль орчинд ээлтэй технологи, инновац, шинжлэх ухааны ололт нэвтрүүлж, үйлдвэрлэлийн бүтээмж, экспортыг нэмэгдүүлэх, орон нутгийн нөөцөд түшиглэн чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан шинэ, шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан "Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгч"-ийг шалгаруулах Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2023 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 412 тоот тушаал гарсан.

Уралдааныг улсын хэмжээнд зарлаж байгаа бөгөөд үйл ажиллагааны төрөл, үйлдвэрлэлийн хүчин чадал, өмчийн хэлбэрээс үл хамааран иргэн аж ахуй нэгж, хоршоо, газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн баялаг бүтээгчдийг хамруулах юм. 21 аймаг болон нийслэлийн аж ахуй нэгжүүдээс шалгаруулалт хийгдэнэ.

Аж ахуйн нэгжүүдийн хүнсний аюулгүй байдлын зохистой дадал, стандартыг нэвтрүүлсэн байдал, тухайн жилд шинээр бий болгосон ажилчдын тоо, санхүүгийн үзүүлэлтүүд, компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлууд зэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.