Одоогоос 12 жилийн өмнө “Эрдэнэс таван толгой” хувцаат компаний 20 хувь болох 3 тэрбум хувцааг иргэдэд үнэ төлбөргүй эзэмшүүлэх шийдвэр гарчээ. Тухайн үеийн хүн амдаа хуваагаад нэг хүнд 1072 хувьцаа хэлбэрээр эзэмшүүлэх болсноор Монголын улс төр хэмээх эмгэнэлт инээдмийн жүжгийн нэгэн сонирхолтой үзэгдэл эхэлжээ. Өнгөрсөн 10 гаруй жил та бид хувьцаа эзэмшиж байгаа гэж итгэж, сүүлийн хэдэн сонгууль дараалж засагласан эрх баригчид маань ч биднийг хувьтай, хувьцаатай гэж итгүүлж ирсэн юм. Гэхдээ итгэсэн, итгүүлсэн хоёрт ойлголтын багагүй зөрүү бий. Иргэд ХУВЬЦАА гэж ойлгодог, тийм болохоор хувьцааны ногдол ашгаа жил бүр авна гэж хүлээдэг. Харин эрх баригч МАН-ын дарга нар болохоор та биднийг харж үзээд тарааж байгаа БЭЛЭГ, хишиг гэж үздэг тул зөвхөн сонгуулийн жилд ам таглах ногдол ашиг өгнө, өгөхгүй гэж өвчүүний хоёр талын булчин өвчин орж хавдтал горьдоох ажээ.
1072 хувьцааны ногдол ашиг: Эрт, бас илүүг өгч болох байсан
Хүмүүс мартамхай. Уг зан нь тийм, бүхнийг санаад байвал тархины “хаард дүүрнэ”. Сануулахад, 2016 онд Ардчилсан нам анх 300 мянган төгрөгийн ногдол ашиг олгож, 1072 хувьцааг мөнгөжүүлэн амь оруулж байжээ. Дараа нь? 2020, 2021, 2022, 2023 онд ногдол ашиг хуваарилах ёстой байсан. Үгүй дээ, сонгуулийн жил биш учраас МАН өгөхгүй нь мэдээж. Харин 2024 он бол сонгуулийн жил...
“2022 оны ашиг болох 120 мянган төгрөгийг цагаан сарын өмнө, 4 дүгээр сарын сүүлээр 2023 оны ашгийг тараагаад нийт 450 мянган төгрөг өгөх гэж байгаа юм байна. Уг нь 580 мянган төгрөг өгөх боломжтой. 2016 оноос хойш ногдол ашиг огт тараагаагүй. Сүүлийн үед нүүрсний экспорт нэмэгдэж байгаа тул иргэдэд тодорхой хэмжээгээр хувьцааны ногдол ашиг тараах нь зөв” гэж УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж мэдэгджээ. Б.Пүрэвдорж гишүүн төдийгүй Ардчилсан нам ч алгасаж байсан, одоо алгуурлаж, өгөх ч юм шиг, үгүй ч юм шиг горьдоогоод байгаа ногдол ашгийг цөхөрсөн олон, сөхөрсөн түмэндээ өг гэж шаардаж байгаа юм байна.
Иргэн Пүрэвдорж 1072 хувьцаатай гэдэг нь тус компанийн тодорхой хэмжээний хувийг эзэмшиж байгаа гэсэн үг. Монголд ч, дэлхийд ч үүнийг өөр ямар ч салаа утгагүйгээр ингэж л ойлгодог. “Эрдэнэс таван толгой” ХК 2022 онд 1,5 их наяд, 2023 онд 3 их наяд гаруй төгрөгийн ашигтай ажилласан байна. Тэгвэл хувьцаа эзэмшигч 3 сая гаруй хүн ногдол ашгаа хуулийн дагуу авах ёстиой гэж сөрөг хүчин шахаж, шавдуулж байгаа нь зүйн хэрэг.
Тэгээд ч Монгол Улсын Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөд “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг ашиглахдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчимд нийцүүлэн түүний үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж цагаан дээр хараар, балархай биш илэрхий утгаар дурджээ.
Гэхдээ... 116 мянгыг тарааж шинэлээд өнгөрөх үү?
Өнөөдөр бид зөвхөн “Эрдэнэс таван толгой” компаний иргэнд эзэмшүүлсэн 1072 хувьцааны тухай ярьж байна. Ногдол ашиг өг гэж нэг нам нь шахаж, эрх баригчид нь хий дэлбэрсэн шокноос болоод “Харин ээ?” болчихсон дүлэгнээстэй. Ногдол ашиг хуваарилж болно, хууваарилах ч ёстой. Гэхдээ “Би чамд хайртай” киноны Баяраагийн аавын хэлдэгчлэн “Асуудал ингээд л болоо” юу? Цаашдаа яах вэ? Хачирхалтай нь гэхээсээ илүү харамсалтай нь 1072 хувьцаа өнөөдөр арилждаг, бэлэглэдэг, барьцаалдаг хувьцаа биш. Хоёрдогч зах зээлд арилжаалдаг сонгодог хувьцаа болгохгүйгээр эрх баригчид дуртай үедээ ногдол ашиг хуваарилдаг, хэдийг хэзээ өгөхийг төр шийддэг байж таарахгүй. Хувьцаа эзэмшигчид нь хяналт тавьдаг, эрх мэдлээ хэрэгжүүлдэг нээлттэй компани байх ёстой.
Үнэхээр ч их наядаар нь хулгайлж цөлмөөгүй, ил тод, мэргэжлийн менежменттэй явж ирсэн бол, нээлттэй, тунгалаг компани байсан бол ашиг нь асар ихээр нэмэгдэж, хуримтлал нь өнөөгийнхөөс хэд дахин их байх байлаа. Компаний засаглалыг сайжруулахгүй, эрх баригчдын цүнх баригчдыг томилон удирдуулсаар байвал “Нүүрсний хэрэг-2”, “Нүүрсний хэрэг-3” … “Нүүрсний хэрэг-14” гэх мэтээр олон олон шүүх хурлыг бид толгой сэгсрэн үзэх болно. Тийм учраас Засгийн газраас биш хөндлөнгийн, хараат бус удирдлагатай байх Үндэсний баялгийн сантай болъё гэж АН-ын санаачилсан хуулийн төсөлд тусгажээ. Гэснээс ямар хуулийн төсөл билээ?
“Тусгаар тогтнол” гэсэн үү? Юун хуулийн төсөл вэ?
Дэлхийн банкнаас хийсэн судалгаанд цочмоор нэгэн тоо бий. Олсноо хураадаггүй, хувааж иддэг хүн сүргийн тухай гэж хатуухан хэлж болмоор тоо. “Сүүлийн 15-16 жилд төсөвт шууд орж байгаа ашигт малтмалын салбарын орлого, түүнийг барьцаалж Засгийн газраас босгосон бондыг оролцуулаад 20 гаруй тэрбум долларын орлого орсон байна. Гэтэл олсон орлогынхоо 100 төгрөг тутмын 99 төгрөгийг нэгэнт зарцуулжээ. Тогтворжуулалтын сан болоод Ирээдүйн өв санд нийт орлогын 1 хувь үлдсэн” гэж энэ судалгааны тайланд гол зурмаар тоо дурджээ. Засаглал нь буруу бол зарцуулалт нь буруу байдгийн жишээ энэ. Засаглалын хувьд Засгийн газар захиран зарцуулах шийдвэр гаргадаг байх нь тогтолцооны гажуудал үүсгэдэг. Тийм ч учраас төрийн өмчит уул уурхайн компаниудыг нээлттэй хувьцаат компани болгож задлах хэрэгтэй гэж эдийн засагчид хэлж байна.
Ардчилсан нам энэ талаарх байр сууриа УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн бариад байгаа “Тусгаар тогтнол” Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөлд тусгасан гэж мэдэгдлээ. Энэ хууль батлагдвал байгалийн баялгаас өр биш өв үлдэнэ, Засгийн газраас биш хөндлөнгийн, хараат бус удирдлагатай байх Үндэсний баялгийн сантай болно гэж АН найдаж байгаа юм байна. Эрх баригч МАН-ын боловсруулж, өргөн барьсан бас нэгэн хуулийн төсөл хаврын чуулганыг хүлээж байгааг мөн дурдан сануулъя.
Аль ч намынх нь өргөн барьсан төсөл хууль болсон бай Үндэсний баялгийн сангийн хуулийг хэлбэрэлтгүй, тогтвортой, дагаж мөрдөх нь чухал. Сонгууль сонгуулийн үр дүн, улс төрийн намаас хамаарсан тогтворгүй бодлогыг эцэс болгохгүй бол хэчнээн “зочлох жил”, “тэмцэх жил” зарлаад хөгжихгүй нь үнэн. Баялгийнхаа үр өгөөжийг эзэн болсон иргэд нь нээлттэй компаний ногдол ашиг хэлбэрээр урт хугацаанд, тогтвортой хүртдэг Норвеги лугаа улс болох цаг хэзээ вэ?
Ш.Буманбаяр