Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.02.26 16:21
5227
Л.Оюун: Ноогдол ашгаа авсны дараа иргэд хэрэглэх үү, хөрөнгө оруулалт хийх үү гэдгээ шийдэх хэрэгтэй

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ноогдол ашгийг гуравдугаар сард тараах, дөрөвдүгээр сараас тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхтэй холбоотой МУИС-ийн багш доктор Л.Оюунаас тодрууллаа.

-Ирэх сарын 25-наас “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ноогдол ашиг тараах гэж байна. Иргэд, эдийн засагчид эсрэг тэсрэг байр суурьтай байна. Та үүнийг хэрхэн харж байна?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК-аас иргэдэд эзэмшүүлсэн 1072 ш хувьцаа бол халаасны хувьцаа л даа. Тиймээс компани ашигтай ажилласан ч, алдагдалтай ажилласан ч ноогдол ашиг тараадаг.  Иймээс "Эрдэнэс Тавантолгой" ХК үүрэг хүлээсэн гэдэг утгаараа ноогдол ашиг тарааж өгөх ёстой. Арилжаалагддаг хувьцаа байсан бол алдагдалтай ажилласан бол тараахгүй байж болно. Халаасны хувьцаа учраас ямар ч байсан ноогдол ашиг тараах ёстой байдаг. Ноогдол ашгийн хувь хэмжээг ТУЗ дээр хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх ёстой.  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн  ТУЗ-д иргэдийн төлөөлөл байгаа  эсэхийг мэдэхгүй байна.  Компанийн зүгээс хувьцаа эзэмшигчиддээ мэдээлэл өгөх ёстой байсан. Гэтэл тооцооллоо ч нарийн хийлгүйгээр шууд тэдэн төгрөг тараана гэж зарлаж байгаагаас сэжиг төрж байна. Эдийн засгийн тооцоололгүй, өмнөх жилүүдэд ноогдол ашиг тарааж байгаагүй хэр нь 2022,2023 оны ашиг гээд  шууд зарлаж байгааг нь буруу л гэж хараад байна. ТУЗ компанийн дүрмийн дагуу  мэдээллээ хувьцаа эзэмшигчиддээ ил тод мэдээлж, ажилламаар байна.

-Ноогдол ашиг авахын оронд үйлдвэрүүдэд хөрөнгө оруулалт хийсэн бол гэх давалгаа сошиал орчинд хүчтэй байна?

-Эхлээд иргэдийг ноогдол ашгаа аваг гэж бодож байгаа юм. Авсныхаа дараа өөрсдөө зарцуулах уу,  Монгол Улсад хэрэгтэй шаардлагатай боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Сүүлийн үед боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулах хэрэгтэй гэх давалгаа сошиал орчинд хүчтэй явж байна.

Үүнийг харин “Эрдэнэс тавантолгой” ХК соргогоор ашиглаж, хөрөнгө оруулах хүсэлтэй иргэдийг зохион байгуулмаар байна. Иргэд ч мөн хөрөнгө оруулалт хийсэн газраасаа эргээд ноогдол ашиг аваад явах  хэрэгтэй.

-4.1-нд тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 хувиар нэмэх гэж байна. Зах зээлд эргэлдэх мөнгөний хэмжээ нэмэгдэх нь эргээд ямар хор уршигтай вэ?

-Мэдээж гүйлгээнд байгаа бэлэн мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Тэгэхээр инфляц нэмэгдэж, үнэ өснө. Үүнийг мэдэж байгаа үед ЗГ, Төвбанкнаас гүйлгээнд байгаа мөнгийг буцааж татах арга хэмжээ авах хэрэгтэй. Үүний нэг нь дээр дурьдсанчлан шаардлагатай хөрөнгө оруулалтыг иргэдээс эргээд татах байж болно. Инфляцийн эсрэг арга хэмжээ авахгүй бол юмны үнэ өсч, иргэдийн амьжиргаанд нөлөөлж эхэлнэ. Монголбанкны мэдээлснээр 7,6 хувьтай байгаа  инфляцийг сонгуулийн өмнө ямар нэг байдлаар бариад, сонгуулийн дараагаас өсөх байх гэж харж байна. Дотоодын үйлдвэр хөгжсөн улсад бэлэн мөнгөний нийлүүлэлт хийж, үйлдвэрүүдээ дэмжих нь бий.

Гэхдээ дотоодын үйлдвэрлэл сул хөгжсөн манай улсын хувьд энэ мөнгө импортын барааг л дэмжинэ. Энэ нь инфляцийг өдөөж, сөрөг нөлөө л үзүүлнэ.