Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.02.27 18:51
3837
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөгт мэндчилгээ дэвшүүллээ

Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр оролцож Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлалаа.

Эрхэм хүндэт эрдэмтэн судлаачид аа!​

Хүндэт зочид, төлөөлөгчдөө!

Монгол Улсад Ургамал Хамгааллын Шинжлэх Ухааныг хөгжүүлэхэд оюун ухаан, авьяас билэг, хүч хөдөлмөрөө зориулж ирсэн Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн үе үеийн ажилтан албан хаагч, эрдэмтэн судлаачид Та бүхэнд энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

​Монгол улс шинжлэх ухааны үндэстэй газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлсэн 60 гаруй жилийн хугацаанд үр тариа, төмс, хүнсний ногооны ургацыг ургамлын өвчин, хөнөөлт шавж, хог ургамал, мэрэгч амьтдаас хамгаалах улмаар эрүүл, чанартай бүтээгдэхүүнээр ард иргэдийг хангах арга, технологиудыг үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлэхэд УХЭШХ чухал хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж байна.

​Хүндэт зочид оо!

Монгол Улс, Дэлхийн Хүнс Хөдөө Аж Ахуйн байгууллага, Ургамал Хамгааллын Олон улсын конвенц, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран “Нэг Эрүүл мэнд” цогц бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, ард иргэдээ эрүүл аюулгүй, баталгаатай хүнсээр хангах, иргэдийн амьдарч байгаа орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Та бүхний энэ зорилт Монгол Улсын Төрийн тэргүүний санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний агуулга, зорилготой нийцэж байгааг дуулгахад нэн таатай байна.

Уг зорилтын хүрээнд Монгол Улсын Их Хурал, Засгийн газраас ”Алсын хараа-50”, “Атар-4” тариалангийн тогтвортой хөгжлийн аян, Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэрэг бодлогын баримт бичгүүдийг батлан, дунд болон урт хугацааны зорилтоо тодорхойлон, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаагийн бодит илрэл нь Ургамал Хамгааллын Эрдэм Шинжилгээний Хүрээлэнгийн шинжлэх ухаанч үйл ажиллагаа юм.

Ургамал хамгааллын салбарын хөгжлийн стратегийг хэрэгжүүлэхэд эрдэмтэн, судлаач, эрдмийн хамт олон та бүхний идэвхтэй хамтын ажиллагаа, бүтээлч санаачилга, хичээл зүтгэл их байсныг цохон тэмдэглэж байна.

УХЭШХ-ийн эрдэмтэн судлаачдын хийсэн Тариалангийн газрын хог ургамал, хортон шавж, хөнөөлт мэрэгч, ургамлын өвчний судалгааны дүнгээс харахад тариалангийн талбай, бэлчээр, ойд 400 гаруй зүйлийн хөнөөлт шавж, 300 гаруй зүйлийн өвчин, 200 гаруй зүйлийн хог ургамал, 5 зүйл хөнөөлт мэрэгч амьтад тархаж, үр тарианы ургацыг 2.6-10.7%, төмс хүнсний ногооны ургацыг 13-20%, жимс жимсэгний ургацыг 16-17%, бэлчээрийн ургацыг 10-40%-иар тус тус бууруулж байгааг илрүүлсэн нь тэдгээртэй тэмцэх байгаль орчинд халгүй, орчин үеийн үр дүнтэй арга, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хэрэгцээ шаардлагыг улам нэмэгдүүлсэн.

​Эрдэмтэн судлаач Та бүхний судалгаа шинжилгээний үр дүнд бий болсон ололт амжилт, шинэ технологи, инноваци нь Монгол Улсын хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал”, “Тэрбум мод”, Эрүүл монгол хүн” хэмээх харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөнүүдтэй хоршиж, улс орны тогтвортой хөгжилд үлэмж хувь нэмэр оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.

Төрийн тэргүүн эрдэм шинжилгээ, инновацийн үйл ажиллагаанд гадаад, дотоодын хамтын ажиллагааг өргөжүүлэх, судалгаа, туршилтын үр дүнг эргэлтэд оруулах, лабораторийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, олон улсын хамтарсан судалгаагаар дамжуулан шинэ технологийг боловсруулж хэрэгжүүлэх, мэдлэг солилцох түншлэлийг бий болгохыг дэмжих болно.

​Монгол Улсын Ургамал хамгааллын салбарын хөгжлийн төлөө ажиллаж байгаа нийт эрдэмтэн судлаачид, УХЭШХ -ийн үе, үеийн эрдмийн хамт олон та бүхэнд болон хүрээлэнгийн үйл ажиллагаанд амжилт хүсье.

Та бүхний ихийг бүтээж хөгжлийг түүчээлэх үйлсэд нь амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

МОНГОЛ УЛСЫН​​​​​ ЕРӨНХИЙЛӨГЧ​​​​​ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ