Б.Нарангоо
Ерөнхий редактор
Сонгууль
2024.03.15 11:52
3740
Хаврын чуулганы эргэн тойронд

Хаврын отгон чуулган өнөөдөр нээлтээ хийж байна. 76-уулаа нэг кабинетэд сүүлийн удаа хуралдаад ирэх жилээс улам олуулаа хуралдана. Тэгвэл хаврын чуулганаар улс төрд суудалтай намууд сонгуулийн жилийн тактикаа боловсруулж, хэн нь тодорч хэн нь хойш суухаа тодорхойлох эгзэгтэй үе дээрээ иржээ.

МАН-ын хувьд ил биш ч далдуур эрх мэдлийн төлөөх дайн хийж, нэр дэвших квот авахын тулд горилогчид, их хурлын дарга, ерөнхий сайдад аль болох их харагдахыг хичээх болсон. Нөгөөтэйгүүр эрх барьж байгаа хүн дуугаа захиална гэдэгчлэн хэн нэр дэвшихийг их хурлын дарга тодорхойлж ч магадгүй болоод байна. Учир нь Их хурлын индэр дээрээс спийкер “Хаврын чуулган авлигын эсрэг эрх зүйн шинэчлэл хийх чуулган болно” гэж  зарласан.

Энэ үгний цаана сонгуульд нэр дэвших магадлалтай таалагдах, таалагдахгүй хүмүүсийнхээ авлигын хэргийг дэлгэж, гэнэтийн тааварлашгүй хэргийн шүүх хурлууд ар араасаа үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй болоод байна.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар “ногоон” автобустай нэр холбогдон нэр дэвших боломжгүй болсон. УИХ-ын дарга асан З.Энхболд мөн л бүгд найрамдах уншуулж, нийтийн албанд нэр дэвших эрхээ таван жилээр хасууллаа. Үүний араас хэний ч авлигын хэргийг ил тод болгохыг тааварлашгүй. Ер нь туг тахиулж,  нэр дэвших эрхгүй болж байгаа нь Ж.С, З.Э нар болохоос угтаа бол бүгд л ямар нэг байдлаар “но”-той.

АН нам дотроо гурав хуваагдаж, тэр нь дотроо мөн  22 фракцид хуваагдана гээд геометрийн прогресс шиг юм АН-д хөвөрсөн. АН ардчилагчид учраас ил цагаахнаар эрх мэдлийн төлөөх дайнаа хийдэг гэж өөрсдийгөө өмөөрөх нь ч бий. Намын даргын төлөөх сонгуулиа хэд хэд хийсний эцэст өнгөрсөн оны  Л.Гантөмөрийн ялалт бусдынхаа дэмжлэгийг хүртэж буй.

Одоо тэрээр шуудайнд байгаа үхрийн эврийг эвлүүлж, намынхаа нэр хүндийг өсгөх ажлыг хийхийн хажуугаар хөшигний ард эрх баригчтай сонгуулийн тохироо хийж байгаа гэх шум ордны гадуур нисэлдэж байна.

ХҮН намын хувьд 2020 оны сонгуульд парламентад нэг л суудал авсан ч АН дотроо нанчилдаантай байх хугацаанд Т.Доржханд ганцаараа сөрөг хүчний үүрэг гүйцэтгэсэн. Нөгөө талаар МАН-ын халаасанд орсон гэж дөрвөн жил дуудуулсан тус намынхан ирэх сонгуульд илүү хүчтэй өрсөлдөнө гэх таамаглал улс төр судлаачдын дунд бий. Иймээс ч өрсөлдөгч хоёр нам ХҮН нам руу ихээхэн анхаарлаа хандуулж байгаа юм.