Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.18 12:49
2785
Эрдэнэт үйлдвэр "Зэсийн баяжмалын" 5-10 хувийг биржээр арилжина

Засгийн газраас хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны түр журам”-ыг баталж, 2023 оны 59 дүгээр тогтоолоор Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааг  “Монголын хөрөнгийн бирж” ХК-иар гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэж, 2023 оны 1 дүгээр сараас нүүрсний арилжааг нээлттэй, дуудлага худалдааны зарчмаар борлуулах ажлыг эхлүүлсэн. 

Биржээр арилжиж эхэлснээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, худалдаалах үнэ өсөж, далд эдийн засаг ил болж, худалдан авагч тал аливаа зуучлагчгүйгээр шууд худалдан авах тогтолцоо бүрдэж, төсвийн орлого нэмэгдсэн зэрэг олон эерэг үр дүн гарч байгаа гэдгийг Засгийн газраас ч мэдээлсэн. 

Тэгвэл зэсийн баяжмалыг биржээр гаргах ажил ямар шатанд явж байгаа болон хэчнээн тонныг гаргах төлөвтэй байгаа талаар Эрдэнэт үйлдвэрийн захиал Г.Ёндонгоос тодрууллаа. 

Тэрээр" Эрдэнэт үйлдвэр 2024 онд 560 мянган тонн зэсийн баяжмалыг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс Засгийн газрын шийдвэрийн дагуу 5-10 хувийг биржээр арилжаалахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Ерөнхийдөө 30 мянган тонныг биржээр арилжаална. 

Үнэ бол зах зээлийнхээ шугамаар явна. Лондонгийн металлын биржээр цэвэршүүлэлтийн зардал, хайлуулалтын зардал, металургийн хасалт зэргийг хасаад Лондонгийн металлын биржийн үнээр явдаг. Гэрээнүүд бүх компаниудтай ижилхэн хийгддэг, компани тус бүртээ өөр гэрээ хийнэ гэж байхгүй. Ирэх жил биржээр арилжих баяжмалын тоо нэмэгдээд явна. 

Тээвэрлэлтийн хувьд гэрээ байгуулснаас хойш 25 хүртэлх хоногийн хугацаанд ачих боломж байгаа. Гол нь Улаанбаатар төмөр зам Хятадын төмөр замтай тоо, хэмжээгээ тохирдог. Улаанбаатар төмөр замын зөвшөөрөл, гаалийн дүгнэлт хоёр дээр 15 орчим хоногийн хугацааг алддаг. Хоорондоо харилцан тохиролцож тээвэрлэлтийг 30 хоногт багтаах боломж байгаа. Эрдэнэт өртөөнөөс Эрээн өртөө хүртэл 4-7 хоног явдаг. Хамгийн гол нь Улаанбаатар төмөр замын даргын зөвшөөрөл, гаалийн дүгнэлт дээр хамгийн их хугацаа алддаг" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: