Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ерөнхийлөгч
2024.03.18 14:34
2921
“Шинэ Хархорум” хотыг байгуулснаар 285 мянган ажлын байр бий болно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгосон.

 

Энэ хүрээнд “Шинэ Хархорум” хотын алсын хараа, хөгжлийн тэргүүлэх чиглэл, ирээдүйн хотын дүр төрх, инженерийн шийдлийг тодорхойлохдоо олон улсын шилдэг архитектор, хот төлөвлөгч, инженерүүдийн шинэлэг санаа, шийдлийг тусгах зорилгоор хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлал боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа. 

Сонгон шалгаруулалтыг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны хооронд явуулна.

Шалгаруулалтад дотоод, гадаадын байгууллага, баг оролцох боломжтой бөгөөд оролцогчид мэргэжлийн есөөс доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байх юм.Улмаар шилдгүүдийн төлөөллийг “Шинэ Хархорум” хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад оролцуулахаар төлөвлөөд байна.

Сонгон шалгаруулалтын шагналын сан 1.6 тэрбум төгрөг байх юм.

Үзэл баримтлалын хүрээнд мөн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийн түүх, археологийн олдвор, соёлын дурсгалт газрыг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, олон нийтэд сурталчлан таниулах менежментийг тодорхойлно.

"Шинэ Хархорум” хотод 500 мянган хүн оршин суух бөгөөд 285 мянган ажлын байр бий болж, үүнийг даган бүс нутгийн хөгжлийг тэтгэх гол хот болно гэж тооцоолж байна.

Тухайлбал, хот төлөвлөлтийн талбайн  50 хувь нь ногоон байгууламж, 30 хувь нь барилгажих талбай, 20 хувь нь авто зам  байх юм.Хот байгуулахтай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд аваад байна.