Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.20 12:19
1325
Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашъя

Улсыг өмчийг хувьчилж авчхаад зориулалтын бусаар ашигладаг, дамлан зардаг,түрээсэлдэг асуудлууд хөвөрсөөр байна. Тухайлбал III хорооллын хуучин ахуйн үйлчилгээ байсан барилгыг нийслэлийн өмчийн харилцааг олон жил шимэгчилсэн хүмүүс 500 мянган төгрөгөөр түрээсэлж аваад цааш нь 20, 30 саяар дамлаж, бизнес эрхлэгчдэд түрээслүүлдэг асуудал байгааг зарим эх сурвалжууд мэдээлж байна.  

Мөн  Өргөө 2 кино театраас Мэдээлэл технологийн үндэсний паркаа авах тухай ч мэдэгдлүүд гарсан. 2010 оноос хойш УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын “Нью Тур Сафарис” ХХК нь /Өргөө-2/ кино театрын зориулалтаар МТҮП-ын байрны хойд хэсгийн талбайг 1 мкв нь 5,000-9,000 төгрөгөөр түрээсэлж байсан бөгөөд өнөөдрийг хүртэл өөрийн нэр дээр төрийн өмчийг дамжуулан түрээсэлж их хэмжээний ашиг олсоор байгаа юм.

Төрийн өмчийг олон жил үнэгүйдүүлж, нөгөө талд нь хэсэг бүлэг хүмүүс шимэгчилж ирсэн гэж хэлэхэд болно.

Удаах энэ мэт асуудал бол Төв цэнгэлдэх хүрээлэнгийн газар юм. 1993 оны Өмч хувьчлалын комиссын тогтоолоор хүрээлэнгийн 30 хувийг “ягаан тасалбар”-аар, 2000 онд дахин 19 хувийг иргэн Т.Нямдаваад худалдаж төр-51, ААН-49 хувийн эзэмшүүлжээ.

Харин 2005 онд төв цэнгэлдэхийн 2 дугаар павилоныг Нийслэлийн Өмч хувьчлах комиссын тогтоолоор “Говийн Од” ХХК-д худалдсан тул “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн захирал Т.Нямдаваа нь нийслэлийн өмчийн хувийг бууруулж 49 хувь болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж 51 хувийг эзэмших болжээ.

Тус хүрээлэнгийн мэдэлд анх 38.6 га газрыг спортын зориулалтаар олгосон ч өнөөдөр 12.6 га газар л үлдсэн.2007-2017 оны хугацаанд 26 га газрыг нь бусдад шилжүүлэн зарсан. Харамсалтай нь наад зах нь улсын баяр наадмаа үзэх иргэдэд төвөг учруулж цэнгэлдэх хүрээлэнг тойроод 6000 айлын орон сууц баригдчихсан.

Төв цэнгэлдэх хүрээлэнд нийслэлээс жил бүр урсгал засвар хийдэг. 2008 оноос хойш урсгал засвар, тохижилтод 4.6 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ төсөв хувь эзэмшилд тооцогдоогүй. Нийслэлийн төсвөөс 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийчхээд байхад хувь эзэмшил өсөхгүй. Харин хувийн компанийн эзэмшил их хэр нь ногдол ашиг олигтой өгөхгүй, байгаа газраа

Нэг талдаа бид энэ их өмч хөрөнгүүдийг түрээс нэртэй хүмүүст шимэгчлүүлж байхаар дуудлага худалдаагаар шударга борлуулах шаардлагатай байна.

Харин нөгөө талдаа нийслэл жил бүр үүсэж байгаа өмч хөрөнгүүдээ бүртгэсэн шиг бүртгэж, хамгаалсан шиг хамгаалах хэрэгтэйг энэ мэт тод жишээнүүд харуулж байна. Үе үеийн засаг дарга нарын эрх ашигт захирагдаж Нийслэлийн өөрийн гэсэн өмчүүд  хумигдсаар байгааг харж байна.