Б.Нарангоо
Ерөнхий редактор
УИХ
2024.03.20 17:34
1361
Ч.Ундрам: Газар тариалангийн салбар орших уу эс орших уу?

Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2023 оны хэрэгжилт, Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайлан өнөөдөр боллоо.

Тайлангийн хурлын үеэр  УИХ-ын гишүүн Ч.Ундрам: "ЗГ-ын хийж байгаа ажил бүхэлдээ ард иргэдийн амьдралыг сайжруулах, ажлын байр бий болгох үндсэн том зорилтууд байгаа. 2023 онд хийсэн ажлын үр дүн өнөөдөр бодитоор харагдаж байх ёстой. Нарийн зүйл заалт бүрээр нь харахаар өмнөөс нь  ичээд байх юм. Тухайлбал хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулалтыг нэмэгдүүлсэн дээр 90 хувь гэж дүн тавьжээ. Өнөөдөр манай малчид махаа зарж чадахгүй байна. Тариалангийн нийт эргэлтийн талбай ашиглалтыг сайжруулж, голлох нэр төрлийн тармилаар дотоодын хэрэгцээг бүрэн хангаж , бусад таримлын ашиглалтыг нэмэгдүүлсэн нь  100 хувь гэжээ.

Газар тариалангийн салбарын хувьд атрын аянуудад зориулсан тэр их хөрөнгө үр дүнгүй байна гээд одоо шал өөр арга хэмжээ авах гээд байна. Тариаланчид, гурилын үйлдвэртэйгээ бараг байлдах гээд байгаа юм бишүү. Нэг талаас улаанбуудайг нь экспортлохыг нь хорьчихож байгаа юм. Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас үнийг нь доош нь тавьж байгаа юм. Тэгснээ та нар сайхан амьдраарай гээд хаячихаж байгаа юм.Газар тариалангийн өнөөдөр  салбар орших уу эс орших уу гэдэг дээр байна. ЗГ-ын оруулж ирж байгаа импортын татварыг тэглэх, хэмжээгүйгээр оруулж ирэх зөвшөөрөл орж ирэх гэж байна. Үүний цаана хэдэн зуун тариалан эрхлэгчид байгаа.

Тариалан эрхлэгчид улаан буудайг экспортлох эрх байхгүй. Гэтэл дотооддоо зар гэж байдаг. Хамаг гурилыг нь оруулаад ирэхээр хэн тариа будааг нь авах юм вэ.

Бордоо, ургамал хамгааллын бодис, тусгай үрийн будаа нь татвартай үнэтэй орж ирж байна. Тэгэхээр тариаланчдаа харж хамгаалах хэрэгтэй банйа. Ганцхан гурилын үйлдвэртэй ярих биш цаана нь тариалан эрхлэгчид бас байгаа “ гэлээ. Үүний хариуд ХХАХҮ-ийн сайд Х.Болорчулуун: "Аливаа улс газар тариалангаа төрийн бодлогоор дэмжин ажилладаг. Газар тариалан байж МАА, хөнгөн хүнсний үйлдвэр нь хөгжиж байдаг. Манай улс хуучин нийгмийн үед бараг сая тонн үр тариа хурааж авж байсан. Харин “Атрын III аян “ эхлүүлж байж энэ салбар сэргэсэн. Гурил оруулж ирэхээр газар тариалан давхар уналтанд орно гэж байна. Яамнаас гурилын үнийг тодорхой хэмжээнд интервенц хийе, 25 мянган тн улаан буудайг тодорхой хугацаагаар оруулж ирэхээр байнгын хороон дээр оруулсан ч хэмжээгүй  хугацаагүй болгох асуудал хурцаар яригдлаа. Гэхдээ эцсийн шийдвэр УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж шийдэгдэнэ. Мэдээж хугацаагүй, хэмжээгүй оруулж ирэх нь стратегийн хүнс учраас цаашид нөлөөлөх нь гарцаагүй” гэсэн юм.