Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.03.21 15:01
3747
Сонгуулийн ирц-“Шүдний өвчин”

2024 он бол улс төрийн тогоон дахь амьдрал буцалсан жил. Ард түмэн төрд өөрийн төлөөллөө сонгох хариуцлагатай жил...

“Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын бүх ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

Тэгвэл сонгуульд оролцож саналаа өгнө гэдэг нь төрийн эрх барих, эрх чөлөөгөө эдэлж буй хэрэг. Монгол Улсын иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, төлөөллийн байгууллагыг өөрсдөө бүрдүүлж байгаа үндсэн арга нь сонгууль. Иргэд хэдий чинээ сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгнө төдий чинээ эргээд амьдралд нөлөө үзүүлдэг гэсэн үг юм. Гэтэл иргэд, ялангуяа залуучууд сонгуульд саналаа өгөх нь жилээс жилд багасаж буй тоон мэдээлэл бий. Тодруулбал, Монголчууд бид түүхэндээ анх удаа 1992 онд сонгуульд 95.2 хувьтай оролцсон бол түүнээс хойш жил дараалан энэ тоо буурсан баримт бий.

1996 онд 88.4, 2000 онд 82.4, 2004 онд 81.8, 2008 онд 76.5, 2012 онд 65.4 хувь нь оролцсон байдаг. Харин 2020 оны УИХ-ын сонгуулийн ирц хамгийн бага буюу 73.6 хувьтай байсан бөгөөд энэ мэтээр сонгуулийн ирц жил ирэх тусам буурсаар иржээ.

2016 оны УИХ-ын сонгуульд ойролцоогоор 410 мянган залуус санал өгөх эрхтэй байснаас 50.8 хувь нь л идэвхтэй оролцсон гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, 18-25 насны залуусын сонгуулийн идэвх хамгийн муу буюу хоёр хүн тутмын нэг нь л саналаа өгчээ. Харин 60-аас дээш насныхны 100 хүн тутмын 97 нь сонгуульд оролцсон нь хамгийн өндөр үзүүлэлт юм. 

Залуусаас сонгуульд яагаад саналаа өгөхгүй байгаа талаар тодруулахад ихэнх нь “Улс төр надад хамаагүй”, “Итгэл хүлээхээр нэр дэвшигч байхгүй”, “Миний саналаар дутахгүй”, “Сонгосон ч мөрийн хөтөлбөрөө биелүүлдэггүй” зэргээр хариулсан байдаг аж.

Гэтэл сонгууль гэдэг зөвхөн улс төр сонирхогчийн асуудал биш. Нийт иргэдийн өдөр тутмын амьдралд нөлөө үзүүлдэг гол хүчин зүйл. Залуус оролцож байж өөр өөрсдийн дуу хоолойгоо төрд хүргэх, түүгээрээ дамжуулан амьдралын чанараа дээшлүүлэхийг шаардах эрхээ эдэлнэ. Товчхондоо, сонгуульд оролцохгүй, сонголт хийхгүй байна гэдэг эсэргүүцэл биш өөрийн дуу хоолойгоо хаалгаж, өөрийн үзэл бодлоо өөр нэгнээр шийдүүлж байна гэсэн үг.

Тэгвэл энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт 2024 оны зургаадугаар сарын 28-ны баасан гарагийн өдөр болох юм. Та энэ өдөр өөрийн ирээдүйг хэнээр чиглүүлэхээ сонгох чухал сонголтын өмнө зогсох тул хариуцлагатай байхыг уриалж байна.

Дашрамд дурдахад, Ээлжит сонгуулийн санал авах өдөр нь бүх нийтээр амарна. Санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчид тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэй.

Санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах; соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулах; гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төв ажиллах зэрэг үйл ажиллагааг хориглодог.