Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.21 16:51
3038
С.Мөнхчулуун: Хямд,чанартай импортын гурил ороод ирэхээр дотоодын компаниуд хүссэн хүсээгүй үнээ буулгана

ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуунаас гурилын үнэтэй холбоотой мэдээллийг ЗГ-т буруу танилцуулсан уу? гэдэг асуудлаар тодрууллаа. 

Тэрээр" Байнгын хорооны хурлыг үзсэн. Миний хувьд Засгийн газрын хуралд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, тэр тухай ярьсан сайд өөрөө буруу мэдээлэл өгсөн гэж бодож байна. 2022 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа хяналт,шалгалтын ажлыг эхлүүлээд 2023 оны эхэнд шалгалт дууссан. Шалгалтаас үзэхэд цөөхөн хэдэн компаниуд давуу байдлаа ашиглаад үгсэн хуйвалдаж үнээ нэмж байгаа нь тогтоогдсон.

Тухайн үед хяналт, шалгалт хийгээд харахад 2022 оны 11-р сард 1 кг гурилын худалдаанд гарах өртөг 830-890 төгрөгөөр тогтоогдож байна гэж үзсэн.  Худалдаанд байгаа гурил 1 кг нь 1800 орчим төгрөгийн үнэтэй байсан, тэгэхээр хангалттай ашиг олж байхад жилд долоо, найман удаа гурилынхаа үнийг нэмэгдүүлж байдаг томоохон 3 компани нэг өдөр, нэг тушаалаар үнээ нэмж байгаа нь яалт ч үгүй үгсэн хуйвалдаж байгаа гэсэн үг.

Гурил үйлдвэрлэгчдийн холбоо гэдэг байгууллага нь хүртэл хэвлэлийн хурал хийж үнээ нэмнэ гэж байгаагаас илт харж болно. 

Тиймээс ШӨХТГ-аас шалгалт хийж арга хэмжээнүүдийг авсан. УИХ-аар шийдвэр гаргуулаад экспортын квот тогтоосон, ингэснээр гаднаас орж ирэх өрсөлдөөнийг хязгаарлаж байгаа асуудал. Мөн дотооддоо тариалж байгаа улаан буудайн гурилыг гадагшаа экспортлох дээр нь хориг тавьсан.

Тэгэхээр гурилын үйлдвэрүүдэд гаднаас өрсөлдөгч байхгүй учраас нийт өртгийнх нь 89 хувийг эзэлдэг улаан буудайг гадагш нь экспортлуулахгүй болохоор гурил үйлдвэрлэгчид л худалдан борлуулах боломжтой. Ингээд хоёр талаасаа дэмжлэгийг авч байгаад үгсэн хуйвалдаж үнээ нэмдэг асуудал байсан. 

Гаднаас импортын гурил оруулж ирэх нь монопол байдлыг задална, манай улсын хэмжээнд нийтдээ гурилын 10 компани үйл ажиллагаа явуулж байна. Хэт өрсөлдөөнгүй зах зээл бий болсон. Өрсөлдөөн бий болгож, монопол байдлыг задалж байж өөрчлөгдөнө. Чанартай хямд гурил орж ирээд, иргэд аваад эхлэхээр дотоодын компаниуд хүссэн хүсээгүй өрсөлдөөд дагаад үнэ нь буух л болно" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: