Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.21 17:47
2916
Хэнд нь итгэх вэ?

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан өчигдрийн 2024/03/20 хуралдаанаар Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн. Тус хурлын үеэр Хүнс хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулууныг буруутгаж, ЗГ-т худал мэдээлэл тараасан учраас гишүүд буруу ойлголттой болсон хэмээн мэдээлсэн. 

Чухам хэн нь зөв ярьж, хэн нь үнэн ярьж байгаад олон нийт төөрөгдөж байна.  

ШӨХТГ-ын дарга асан С.Мөнхчулуун" Байнгын хорооны хурлыг үзсэн. Миний хувьд Засгийн газрын хуралд ямар нэгэн мэдээлэл өгөөгүй, тэр тухай ярьсан сайд өөрөө буруу мэдээлэл өгсөн гэж бодож байна. 2022 онд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа хяналт,шалгалтын ажлыг эхлүүлээд 2023 оны эхэнд шалгалт дууссан. Шалгалтаас үзэхэд цөөхөн хэдэн компаниуд давуу байдлаа ашиглаад үгсэн хуйвалдаж үнээ нэмж байгаа нь тогтоогдсон.

Гаднаас импортын гурил оруулж ирэх нь монопол байдлыг задална, манай улсын хэмжээнд нийтдээ гурилын 10 компани үйл ажиллагаа явуулж байна. Хэт өрсөлдөөнгүй зах зээл бий болсон. Өрсөлдөөн бий болгож, монопол байдлыг задалж байж өөрчлөгдөнө. Чанартай хямд гурил орж ирээд, иргэд аваад эхлэхээр дотоодын компаниуд хүссэн хүсээгүй өрсөлдөөд дагаад үнэ нь буух л болно. Миний хувьд тухайн үед Засгийн газарт гурилын үнэтэй холбоотой мэдээлэл буруу танилцуулсан зүйл байхгүй" гэв. 

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга гурилын үнэд шалгалт хийгээд акт тавьсан нь эцсийн байдлаар шүүх дээр ШӨХТГ -ын талд гараагүй юм байна лээ. 

Хоёрдугаарт ШӨХТГ -ын дарга байсан С.Мөнхчулуун маш худал мэдээллийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, гишүүдэд буруу ойлгуулсан байна лээ. Нэг тонн улаан буудайг 700 мянган тонноор аваад 2,8 сая төгрөгөөр гурилаа зардаг гээд. Өнгөрсөн жил улаан буудай нэг тонн нь 1 саяас 1,2 сая, хамгийн бага нь 900 мянган төгрөгийн үнэтэй байсан. Энэ үнийг байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүд мэдэж байгаа" гэв.