Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.03.22 08:50
2719
Д.Амарбаясгалан: Гурил үйлдвэрлэгчид зориудаар эрэлт үүсгэж зохиомлоор үнэ өсгөсөн

УИХ-ын Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан өчигдрийн 2024/03/20 хуралдаанаар Засгийн газраас энэ оны гуравдугаар сарын 18-нд өргөн мэдүүлсэн Гурил, улаан буудайг "Гаалийн албан татвараас" чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийж дэмжсэн. Улмаар УИХ-аар хэлэлцэж байгаа юм. Тэгвэл ЗГХЭГ-ЫН дарга Д.Амарбаясгалангийн байр суурийг хүргэж байна. 

 Д.Амарбаясгалан" Засгийн газар зүгээр суугаагүй ээ. 2022 оноос эхлээд гурилын үнийн өсөлт зах зээл дээр мэдрэгдэх тэр цаг үеэс эхлээд зохиомлоор үнэ өсгөж байгаа аж ахуй нэгжүүдэд шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас тухай бүрд нь асуудлыг шийдэж акт тавьж байсан. 2023 оны нэгдүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүх дээр шийдэгдэхгүй явж байна. Он гарсны дараа шүүх дээр материал дутуу гэдэг шалтгаанаар буцаасан. Тэгэхээр гурил үйлдвэрлэгч нарын зарим нь улс төрчдөд, хууль хяналтын байгууллагад ямар нэгэн байдлаар нөлөөлж ирсэн нь тогтоогдож байна.

Засгийн газар импортын 15 хувийг татварыг тэглэе, тэглэхдээ хугацаа тогтоож 3 сар 6 сар гэж. Квот тогтоож гурилын үйлдвэрүүдэд эрхийг нь өгч оруулж ирдэг байсан. Энэ бүгдийн үр дүн нь гардаггүй, нөлөөлөлд бүрэн автаж хөдөлгөөн орохгүй байгаа учраас энэ удаагийн хуулийн төсөл нь хугацаагүйгээр хэмжээг өгч, стандартын шаардлага хангасан гурилыг ганцхан Оросын холбооны улсаас биш бүх газраас оруулж ирэх боломжийг нээлттэй болгож өгье гэж байгаа юм. 

Засгийн газар ямар нэгэн байдлаар гурилын үнэ тогтоохгүй, зах зээлийнхээ журмаар үнэ нь тогтоогдож явах учиртай. Гагцхүү импортын татварыг тэглэх, хугацаагүй оруулж ирэх тусгай зөвшөөрлийг олгохгүйгээр стандартын шаардлага хангасан гурил оруулж ирэх нөхцөлийг нь бүрдүүлж өгснөөрөө шийдэгдэнэ гэж үзэж байгаа.

2022 онд Монголд  дотоодын үйлдвэрүүд 235 мянган тонн гурил үйлдвэрлэж байсан бол 2023 оны дүнгээр 190 мянган тонн болж 45 мянган тонноор үйлдвэрлэл буурсан.

Орж  ирж буй импортын хэмжээ 10 мянган тонн байгаа. Ингээд үзэхээр 3 жилийн дотор гурилын үйлдвэрлэл, нийлүүлэлт нь 40 мянган тонноор багссан байгаа юм. Зах зээлийнхээ онолоор бол зориудаар эрэлт үүсгэж, хомсдол бий болгож зохиомлоор үнэ өсгөсөн нөхцөл бий болсон. Тийм учраас энэ хуулийн төслийг боловсруулж өргөн барьж байна" гэв.