Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.03.22 14:43
2934
Ноос, ноолуурын үнэ цэнийг өсгөж буй “Блю Скай Кашемир” ХХК-ийн даавууны үйлдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ажиллалаа
 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх монгол ноос, ноолуурын үнэ цэнийг өсгөж буй “Блю Скай Кашемир” ХХК-ийн даавууны үйлдвэрт ажиллалаа. Тус үйлдвэр нь ямааны ноолуур, хонины ноос, сарлагийн хөөвөр, тэмээний ноосыг боловсруулан утас болгож, хөнжил, даавуу, алчуур, шааль, ороолт, малгай, өмд, цамц, пальто зэрэг 1000 гаруй нэр төрлийн нэхмэл, сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Сүлжмэл бүтээгдэхүүнийхээ 80 гаруй хувийг гадаад зах зээлд экспортолдог бөгөөд цаашид экспортын зах зээлээ илүү тэлэх зорилготой

Үндэсний үйлдвэрлэгчид Монгол хонины ноосыг нь ямааны ноолуураас ялгагдахааргүй боловсруулдаг болжээ. Ингэснээр хонины ноос, ямааны ноолууртай харьцуулахад эдэлгээ удаан, чанарын хувьд ижил байгааг үйлдвэрлэгчид хэлж байна.

Тус үйлдвэр одоогоор хүчин чадлынхаа ердөө 30 гаруй хувийг ашиглаж байна. Энэ нь дотоодын зах зээл, төрийн худалдан авалт хангалтгүй байгаатай холбоотой гэдгийг “Блю Скай Кашемир” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаяр онцоллоо. Тиймээс Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон холбогдох албаны хүмүүст хандаж ижил төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэгдүүлж дотоодын зах зээлээ хамгаалах, төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж өгөхийг хүслээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр: Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хөнгөн аж үйлдвэрийн салбарыг дэмжих чиглэлд анхаарч бодлого төлөвлөгөөгөө боловсруулж байгаа. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн тамгын газарт ажлын хэсэг байгуулагдсан. Өнөөдөр бид хонины ноосыг бүх шатанд боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй үндэсний үйлдвэрүүдэд ажиллалаа. Үндэсний үйлдвэрлэгчид маань малын амьсгалаас бусдыг нь ашигладаг болжээ. Тухайлбал хонины ноосыг угаагаад хаягдсан доод сортын ноосоор органик бордоо үйлдвэрлэж байна. Мөн хонины ноосоор хамгийн нарийн утас үйлдвэрлэж тэр утсаар нь бүх төрлийн даавуу үйлдвэрлэж дотоод, гадаадын зах зээлд нийлүүлж байна. Ингээд харахад энэ салбар кластерийн системээр хөгжих эхлэлийг тавьж чадсан байна. Харин эдгээр үйлдвэрүүдийг төр бодлого төдийгүй худалдан авалтаараа дэмжвэл Монгол Улсын эдийн засагт томоохон үр нөлөө үзүүлж чадна. Өнөөдөр бид үйлдвэрлэгчдэд тулгамддаг асуудлыг сонслоо. Үе шаттай шийдвэрлэх олон ажил гэж харагдлаа.