Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.03.22 14:50
3252
Хөнгөн үйлдвэрийн салбарыг татварын бодлого болон төрийн худалдан авалтаар дэмжинэ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Могол ноос” ХХК-ийн үйлдвэрт ажиллалаа.

Монгол Улс 30 гаруй сая хоньтой, жилдээ 36 мянган тн ноос ашигладаг. Цаашид хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, түүний дотор ноос бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах тогтолцоо бүрдүүлэх ёстой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үзэж байна. Энэ хүрээнд ноос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг баялаг бүтээгчидтэй уулзан, тулгамдаж байгаа асуудал, гарц, шийдлийг хамтдаа эрэлхийлж байна.

  • Тус компани “Могол” брэндийн ноосон даавуу, драп, пальто, пиджак, нэхмэл шааль, ороолт, сүлжмэл зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

Үйлдвэрээ өргөтгөн хүчин чадлаа гурав дахин нэмснээр жилд 5,000 тн ноос, ноолуур угаах боломжтой болсон бөгөөд бүтээгдэхүүнийхээ 80 хувийг экспортод гаргадаг. Үүний зэрэгцээ самнах болон ээрмэл утас, оёдлын үйлдвэрлэл эрхэлж байна.

Тус компани Монголдоо анх удаа хонины ноосноос ноолууран ширхгийг ялган авч нарийн утас үйлдвэрлэж байгаагаараа онцлогтой.

Манай улс жилд импортоор 450-500 тн ээрмэл утас авдаг бөгөөд “Могол” үйлдвэр нэхмэл, сүлжмэлийн 300 тн бүдүүн ээрмэл утас үйлдвэрлэдэг. Хүчин чадлаа бүрэн ашиглавал дотоодын хэрэгцээг бүрэн хангах боломж байна.

Дотоодын үйлдвэрүүдийн нарийн ээрмэл утасны хэрэгцээ жилд 25 тонн байдаг. Харин “Могол ноос” ХХК-ийн хүчин чадал жилийн 150 тонн юм байна.