Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.03.25 12:41
2717
16 жилийн түүхт “Блю Скай Кашемир” нь монгол ноосны үнэ цэнийг өсгөн ээрмэл, сүлжмэл, нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна

“Блю Скай Кашемир” ХХК нь үнэгүйдээд байгаа ноосыг 2008 оноос хойш эцсийн бүтээгдэхүүн болгон баялаг бүтээж байна. Ийнхүү ямааны ноолуур, тэмээ болон хонины ноос, сарлагийн хөөвөр зэрэг малын гаралтай түүхий эдийг будах, ээрэх, сүлжих, нэхэх “Үйлдвэр технологийн иж бүрэн цогц үйлдвэр” 16 жилийн турш кластераар ажиллаж иржээ.

Тус компани нь  жилд 250 тн ноос ноолуур будах, 60 тн  ээрмэл утас үйлдвэрлэх, 500 мянган уртааш метр нэхмэл бүтээгдэхүүн, 70 мянган ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн, үйлдвэрлэх хүчин чадалтай Итали, Герман, Япон, Англи улсуудын сүүлийн үеийн дэвшилтэт машин тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон. Нэхмэлийн үйлдвэр нь эцсийн гүйцэтгэн боловсруулалтаа өөрсдөө эх орондоо хийж гүйцэтгэдэг давуу талтай ба нийт 150 гаруй ажилчидтай үйл ажиллагаагаа явуулдаг.

“Блю Скай Кашемир” ХХК нь Монголын цагаан алт гэгдэх хонины ноосоор бусад ижил төстэй үйлдвэрүүдтэй кластераар хамтран ажиллаж, хонины бүдүүн ноосны ноолуурлаг хэсгээр үйлдвэрлэсэн ээрмэл утсаар Монголд анх удаа даавуу үйлдвэрлэж, эцсийн гүйцэтгэн боловсруулалт хийх инновацыг нэвтрүүлэн бүрэн нутагшуулжээ.

Ийнхүү малын гаралтай ноос, ноолуураар төрөл бүрийн даавуу драп, нарийн даавууг олон улсын ижил төрлийн бүтээгдэхүүний жишигт нийцүүлэн үйлдвэрлэж боловсруулдаг болсон нь оёдлын салбар  хөгжих, байгалийн гаралтай натурал, экологийн цэвэр түүхий эд материалаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үндэсний брэндийг бий болгоход Монгол Улсад стратегийн ач холбогдол бүхий шийдэл болсон.

Тухайн үйлдвэрийн онцлог:

  • Монголын анхны даавуу бүрэн боловсруулах үйлдвэр
  • Монгол хонины ноосоор бүх төрлийн даавууг хийдэг
  • Хүний биед хамгийн эрүүл даавуу үйлдвэрлэдэг учир дүрэмт хувцас, ламын хувцас гэх мэт өдөр тутмын хувцасны захиалга авдаг
  • Кластер системээр бусад ААН-үүдтэй хамтрал сайн
  • Анхан шатны болон будахын лаборатори бий
  • Монголдоо ганц Итали технологитой
  • Үндсэн бүтээгдэхүүн болох ноосон бүтээгдэхүүн нь дулаан хадгалалт, насжилтаараа ноолуураас илүү хэрэглээ даадаг

“Блю Скай Кашемир” ХХК нь нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийнхээ 80 хувийг Англи, Итали, Норвег, Герман, ОХУ, Чех, Солонгос, Тайван, Япон, АНУ, Австрали болон Канад улсуудад экспортолж байна.