Баялаг бүтээгч
2024.03.25 14:04
1934
Ч.Даваабаяр: "Цагаан алт" хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх томоохон дэмжлэг болно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнгөрөгч өдрүүдэд мал аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын болон гаднын зах зээл рүү гаргаж буй "Монпеллетс" ХХК, "Могол ноос" ХХК, "Блю Скай Кашемир" ХХК-ийн үйлдвэрүүдэд ажиллалаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хөнгөн үйлдвэрийн салбарынхантай хийсэн тус уулзалтуудад Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр, УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Г.Ганболд тэргүүтэй бусад албаны хүмүүс оролцлоо. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр:

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал" үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш үндэсний үйлдвэрлэгчид, иргэд, аж ахуй нэгжүүдэд тодорхой хэмжээний дэмжлэгүүд хүрч, ахиц дэвшилтэй явж байна. "Хүнсний хувьсгал" хөтөлбөр өргөжин тэлж зөвхөн хүнс үйлдвэрлэл бус давхар хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг дэмжих шаардлагатай. Учир нь манай улс жилдээ 30 мянган тонн ноос ашигладаг. Ашигласан ноосны тал хувь нь бүтээгдэхүүн болж, үлдсэн нь хаягдал болдог. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хонины ноосыг 100 хувь эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдүүлэх, хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжин “ЦАГААН АЛТ” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэхийг чиглэл болгосон. Энэ хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газраас ажлын хэсэг байгуулагдсан.

"Цагаан алт" хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, технологийн шинэчлэл хийх, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх томоохон дэмжлэг болно.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч өөрийн биеэр ноос, ноолууран бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг баялаг бүтээгчидтэй уулзан, салбарын тулгамдаж буй асуудал, санал хүсэлтийг сонсож байна.