Д.Намуунцэцэг
Ажлын алба сэтгүүлч
Нийгэм
2024.03.25 21:58
4102
ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧИД КЛАСТЕРИЙН СИСТЕМЭЭР ХАМТРАН АЖИЛЛАЖ МОНГОЛ МАЛЫН АРЬС, ШИРИЙГ ҮНЭ ЦЭНД ХҮРГЭЖ БАЙНА

Ерөнхийлөгчийн Үйлдвэр,  үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр арьс шир боловсруулах “МОН ИРЭЭДҮЙ” ХХК болон “БЕСТ ШҮЕС” гутлын үйлдвэрт ажиллалаа. Эдгээр хоёр үйлдвэр нь хоорондоо кластерийн системээр хамтран ажиллаж монгол малын гаралтай арьс шир, түүхий эдийг эцсийн бүтээгдэхүүн болгон үнэ цэнд хүргэж байна.

 “Мон ирээдүй” компанийн хувьд байгалийн баялаг болох арьс, шир зэрэг түүхий эдийг хагас боловсруулан олон улсын зах зээлд гаргахын зэрэгцээ бог малын арьсаар зөөлөн савхи, гутлын дотор эдлэлийн зориулалттай савхи, бодын ширээр гутлын дээд бие, цүнхний зориулалттай арьс, ширийг үйлдвэрлэдэг байна. Мөн салбартаа анхлан 2020 онд  Олон Улсын Чанарын Удирдлагын Тогтолцоо ISO 9001 стандартыг хэрэгжүүлэн арьс ширний салбарыг нэг шатаар ахиулж буй үндэсний шилдэг үйлдвэрлэгч компани юм.

 “БЕСТ ШҮЕС” ХХК нь 2001 онд гутал, цүнх, арьсан эдлэлийн үйлдвэрлэл, худалдаа, засвар үйлчилгээний чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байна. Анх дөрвөн хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа эхэлж байсан бол одоо нийт 100 гаруй хүнийг ажлын байраар хангаж байгаа бөгөөд гутал үйлдвэрлэлийн салбартаа тэргүүлэгч  компани болон өргөжсөн байна.  Мөн 2024 оноос эхлэн хөнгөн үйлдвэрлэлийн салбартаа түүхийн шинэ хуудсыг нээж анх удаагаа гутлын түрийнд гадуур улыг шууд цутгадаг автомат машиныг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн ажиллаж байна.