Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.03.26 17:42
3062
Н.Мөнхсүрэн: Нэг л өдөр хилээ хаахад идэх гурилгүй, тээрэмдэх будаагүй, үйлдвэрүүд нь дампуурчихсан нөхцөл байдалтай байх нь

Засгийн газраас гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн мэдүүлээд байгаа юм. Энэ хүрээнд Гурил үйлдвэрлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэнгээс байр суурийг нь тодрууллаа. 

Тэрээр" Гурил, улаан буудайг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл дээр "Гурил үйлдвэрлэгчдийн холбоо"-оос нэг ч удаа байр сууриа илэрхийлээгүй байгаа. Гурил үйлдвэрлэгч нарт өмнө гарч байгаагүй маш хүнд нөхцөл байдал тулгараад байна. Үнийн өсөлттэй холбоотойгоор гаалийн албан татвараас 100 хувь чөлөөлнө гэдэг бол түүхий эд бэлтгэн нийлүүлдэг газар тариалангийн салбарт шууд утгаараа нурж унах, зогсох байдалд хүрээд байна. 

Зарим газар тариалан эрхлэгчид улаан буудайг 500 төгрөгөөр аваад 3000 болгож зарж таваас зургаа дахин нугалсан гэж хариуцлагагүйгээр ярьж байна. Гурилын холбооны зүгээс баримттай мэдээллийг ард түмэнд дэлгэж хууль, дүрмээ баталдаггүй юм уу? гэж хэлмээр байна. 

Аль дуртай үйлдвэр дээрээ очоод худалдан авсан улаан буудайн гэрээ болон тухайн нийлүүлсэн харилцагч тариаланчид руу шивсэн и-баримтыг нь жилийн эцсийн тайлан, ашиг зэргийг нь шалгаад үзэх хэрэгтэй.

Үнэхээр 5-6 нугалсан бол тэр хуулиа батлах хэрэгтэй, Засгийн газрын эрх бүхий томоохон төлөөлөгч нь хүртэл ямар ч баримтгүйгээр ард түмний тархийг угааж улс төрийн шоу юм шиг байр сууринаас аж үйлдвэрийн салбар, газар тариалангийн салбар, стратегийн гол салбар луу гаа дайрч байгаа нь ямар эрх ашгийн сонирхол байна вэ? гэдэг дээр хардаж байна. 

Гурил үйлдвэрлэгчид газар тариалан эрхлэгчдээс улаан буудайг үнэгүйдүүлж авдаг зүйл байхгүй, тоо баримт гэрээтэйгээ байгаа. Баримтаа гаргаад ир гэж хэлмээр байна. 

Хүнсний аюулгүй байдлаа авч хэлэлцэхгүйгээр гаднаас хараат болох гэж байна, нэг л өдөр хилээ хаахад бид идэх гурилгүй, тээрэмдэх будаагүй, газар тариалан, гурилын үйлдвэр нь дампуурчихсан нөхцөл байдалтай байх нь байна шүү дээ" гэв. 

Шууд дамжуулалт үзэх: