Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.03.26 17:47
2743
ШҮҮХИЙГ ШҮҮЕ

2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарласан ч тэмцэл тийм ч өрнөлтэй бус үргэлжилж байна.

ЖДҮ, нүүрсний хулгай, хөгжлийн банк, боловсролын зээлийн сан, ногоон автобусны хэрэг, газрын наймаа гээд ганц хоёрхон жилийн дотор л хэдэн их наядын хулгай, авлига хээл хахуулийн дуулиант хэргүүд ар араасаа хөврөн гарсаар. Гэтэл иргэдийн боломжийг жишим ч үгүй хулгайлсан хэргийн ард хэн нуугдаа вэ гэдэг тоглоомыг нийтээрээ тоглож, хэлэлцүүлж аалзны тор мэт сүлжилдсэн хэргийн зангилааг хайж явсаар эцэстээ шүүхийн хаалганы гадна эрлийн үзүүр мухарддаг жишиг тогтож байна гээд хэлэхэд хилсдэхгүй нөхцөл байдал өнөөдөр хэдийнээ үүсжээ.

Олон олон сонсголыг сонссон иргэдийн дөнгүүр хэд нь хэн нь хэний ард байгаа вэ, хэний гараар хулгай явагдсан бэ гэдгийг анхааралтайгаар ажиглаж байсан ч нүглийн нүдийг гурилаар хуурна гэгчийн үлгэр л биеллээ олсон.

Учиг нь, сүржин даржин сонсголуудаар хулгайд нэрвэгдээгүй салбар, төрийн түшээд бий юу гэдгийг эргэн харах хүртэл хэмжээнд чих дэлдийж, нүд бүлтрэм зүйлс яригдсан ч “гарзгүй” хэдэн улс төрчид, жижиг гарын хулгайчдаараа туг тахичхаад өнгөрсөн нь цөөн биш.

Үүнийг өнөөгийн Засгийн тэргүүн ч “Авлигын эсрэг тэмцэл адармаатай ч алхам алхмаар урагшилсаар өнөөдөр шүүхийн шатанд тулаад зогсож байна” хэмээн батлан хэлж байв. Тиймдээ ч Авлигын дагнасан шүүх байгуулахаар зориг шулуудсан талаараа УИХ-д танилцуулсан. Нөгөө талаараа уг шүүхийг байгуулах нь улс төрчид нэгнээ намнах “махны машин” болох вий гэдгийг эсрэгцүүлэн бодох ёстойг ч бас мартаж болохгүй.

Тэгвэл нэр нөлөө бүхий улс төрчид хэрэгт холбогдож хууль шүүхийн хаалга онголзуулж явсаар давж заалдаад мултардаг, ял сонссон ч яаж ийгээд буруугүй болчихдог энэ жишгийн хөрсийг хуулахын тулд шүүхийг шүүж гэмээнэ сая нэг бугласан идээ бээр шахагдан гарах биз ээ!