Б.Нарангоо
Ерөнхий редактор
Засгийн газар
2024.03.27 17:12
1114
С.Чинзориг:Д вирусийн эмчилгээний зардлыг улсын төсвөөс даах боломжийг бүрдүүлнэ

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Эрүүл мэндийн сайд С.Чинзориг:

- Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Монгол Улсад элэгний хавдар, нас баралт өндөр байна. ДЭМБ-ын тооцооллоор Монгол Улсад халдвартай 66 мянган иргэн байгаа гэсэн бол элэгний Д вирусын халдвартай иргэдийн ТББ-ын мэдээллээр 150 орчим мянга байгаа гэх судалгаа байна. Харин ХӨСҮТ-д халдвартай нь батлагдсан 3800 иргэн байна.

Би өнгөрсөн хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үдэ хотноо уулзалт хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусын халдвартай иргэдийг Буриадад эмчлэхээр болсон. Уг халдварын ихэнх хувийг тэтгэврээс өөр орлогогүй өндөр настнууд эзэлж байна.

Буриадад нэг сарын эмчилгээний зардал нь 5 сая төгрөг. Эмчилгээ нь асар өндөр учраас иргэдийн зардлыг улсын төсвөөс даах боломжийг бүрдүүлнэ. Жил бүр улсын төсөвт тусгаж санхүүжүүлэх арга хэмжээг авна. Эрүүл мэндийн тухай хуульд халдварт өвчний эмчилгээний зардлыг төр хариуцна гэж заасан.

Мөн АНУ-ын Gilead Sciences компанийн тариаг эмчилгээнд хэрэглэх талаар олон талын хэлэлцээр хийж байна. Монгол Улсад уг эм нь бүртгэлгүй ч гэсэн манай улс 2021 онд уг эмийг эмийн бүртгэлд бүртгэсэн байдаг. Европын холбоо уг тариаг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн. Гэхдээ үнэ нь өндөр. Сарын эмчилгээний зардал нь 10-12 мянган евро. Манай талаас Европын холбоонд зарагдаж байгаа үнээс 8 дахин бага үнээр авахаар ярилцаж байна. Дундын зуучлагч компанигүйгээр ХӨСҮТ, АНУ-ын үйлдвэрээс эм худалдан авч, эмчилгээнд хэрэглэхээр хэлцэл хийж байна. АНУ-ын компанийн эмийг хэрэглээнд нэвтрүүлэхээр бол гааль болон НӨАТ-аас чөлөөлнө. Ингэж байж эмчилгээний зардлыг бууруулна.

Нэг жилийн дотор халдвартай бүх иргэдийг эмчилгээнд хамруулж чадахгүй. Тийм төсөв мөнгө ч байхгүй. Энэ жил "Элэг бүтэн Монгол" хөтөлбөрийн хүрээнд Засгийн газраас долоон тэрбум төгрөгийг улсын төсвөөс баталсан. Өнгөрсөн онд энэ хөтөлбөрийн хүрээнд тусгасан төсвийн мөнгөнөөс зургаан тэрбум төгрөг үлдсэн. Нийт 13 тэрбум төгрөгийг Эрүүл Мэндийн яамны мэдэлд зарцуулах боломж бий. Энэ мөнгөөр Д вирусийн эмчилгээний зардлыг шийдэж энэ ондоо багтааж эхлүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.