Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.03.28 10:46
1396
Газар тариалангийн салбар уналтад орвол эргэн сэргэхэд 8-10 жил шаардлагатай

Газар тариалан эрхлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, гарц гаргалгааг хэлэлцэх уулзалт боллоо. Уулзалтын үеэр Засгийн газрын хэлэлцэж буй улаан буудай болон гурилын гаалийн албан татварыг тэглэвэл тариалан эрхлэгчдэд хэрхэн нөлөөлөх тухай ярилцсан юм.

Тариаланчид:

“Үндэслэлгүйгээр үнээ өсгөсөн гурван гурилын компанийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийхийн тулд газар тариалан, гурил үйлдвэрийн салбарыг тэр чигт нь уналтад оруулж болохгүй.  

Газар тариалангийн салбар уналтад орвол эргэн сэргэхэд  дор хаяж 8-10 жил шаардлагатай.

Атрын гуравдугаар аяны үед Монгол улсын Засгийн газар 200 мянган тонн буудайг экспортод  гаргана гээд чадаагүй. Бид өмнөх алдаагаа давтаж болохгүй. Энэ зөвхөн гурван компанийн асуудал биш бүхэл бүтэн хоёр салбарын асуудал.

Өнгөрсөн онд улсын хэмжээнд нийт 642.2 мянган га талбайд тариалалт хийсэн нь өмнөх оныхоос 23.6 мянган га-гаар өссөн үзүүлэлттэй гарсан. Засгийн газраас дотоодын зах зээлээ хамгаалах ёстой” гэв.

Газар тариалангийн бүс нутгаас сонгогдсон гишүүд:

ХХААХҮЯ-ын бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун: “Атрын гуравдугаар аяны үндсэн үр дүнд газар тариалангийн салбар хөгжиж өдий зэрэгтээ яваа учраас дутуу дулимаг шийдвэрээр энэ салбар уналтад орох вий гэсэн болгоомжлол байгаа. Одоогоор засгийн газар гаалийн татвар тэглэх эсэх асуудлыг хэлэлцэх шийдвэр гараагүй байна.”

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: "Аливаа улс оронд стратегийн гэж тодорхойлсон бүтээгдэхүүн байдаг бол түүнийгээ төрийн бодлогоор хамгаалаад явж байх ёстой. Чөлөөт өрсөлдөөний зарчмаар үйл ажиллагаа явуул гэх байр суурь илэрхийлбэл түүнийг стратегийн гэж тодорхойлох шаардлагагүй болно. Тиймээс улаанбуудайн үйлдвэрлэлийг стратегийн ач холбогдолтой гэж үзэж байвал түүнийг төр нь хамгаалах бодлого гаргах ёстой. Хамгаалах бодлогоо татварын бодлогоор хийгээд хэрэгжүүлээд явж байх ёстой юм. Нэг талдаа хэрэглэгч нарын хувьд үнэтэй гурил хэрэглэж байгаа нь тодорхой. Үүнийг хэрхэн зохицуулах вэ гэхээр монопол байдаг юм уу  зах зээлийн зохицуулалтын хуулиараа зохицуулагдах ёстой. Үгүй бол нэг үйлдвэрлэгчээс хамааралтай , нэг бизнесээс болж нөгөө бизнесийг унагаж болохгүй”

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: “Гурилын үнийн хөөрөгдөлтэй тэмцэх нь зөв боловч хамгийн их эрсдэлийг тариаланчид үүрдэг. Үнэ тодорхойгүй, цаг агаар, байгалийн аюулт үзэгдэл гэх мэт эрсдэл ихтэй. Гурилын импортын татварыг чөлөөлбөл манай гурилын үйлдвэрүүд ажиллахаа больж, энэ салбар уналтад орно. Тиймээс зөв бодлого, төлөвлөлтөөр гурилын үнийг барих хэрэгтэй” гэв.