Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.03.28 13:22
3962
Иргэддээ "жулдсан" төлөөлөх чадамжгүй парламент

2020 онд Улсын Их Хурал 76 гишүүнтэйгээр бүрдэж байв. Үүний олонх нь Ардын намынхан. Тэгвэл өдгөө парламентад дөрвөн гишүүний суудал эзгүйрч үлджээ.

Тодруулбал, 2020 оны аравдугаар сард Д.Сумьяабазар, 2023 оны мөн аравдугаар сард Х.Нямбаатар нар хотын даргын суудал руу шилжин явсан бол Ж.Мөнхбат, Т.Аюурсайхан нарын бүрэн эрхийг түдгэлзүүлснээр 72 болж хоцорсон юм. Мөн Ё.Баатарбилэг, Б.Энх-Амгалан нар хэрэг төвөгт орооцолдож эхнээсээ ял сонсож буй тул Төрийн ордноор эргэлдэхээ азнаж буй.

Гэвч эдгээр торойж үлдсэн хэдэн гишүүд ард түмнийг төлөөлөх чадамжаа хэдийнээ алджээ. Учиг нь УИХ-ын нэгдсэн Чуулган бүрэн ирцэндээ хүрэх тохиолдол “нэн ховор” үзэгдэл болсонд байгаа юм.

Тиймдээ ч УИХ-ын дарга Чуулганы танхимыг бүтнээр нь харуулах зориггүй болсон. Өнөөдөр гэхэд 72 гишүүнээс  60 орчим хувийн ирцтэйгээр хуралдлаа. Гэхдээ ихэнх нь ирцээ бүртгүүлчхээд гараад явдаг, санал хураалтын үеэр орж ирж үлгэн салган кнопоо дарчхаад л яваад өгдөг байдал үргэлжилсээр байна. УИХ-ын Чуулганы хуралдааны ирцээс гадна Байнгын хороодын хуралдаан ч ирц хүрэхгүй шалтгаанаар хурал хойшилж, цаг алдах нь олонтаа. Гэтэл парламентын хамгийн чухал хэсэг нь байнгын хороод. Өчнөөн олон асуудал, хуулийн төслүүд ирц хүрээгүйн улмаас гацаж, өнөөгийн энэ бугшсан нийгмийг бүрдүүлэхэд томоохон түлхэц  болж байна.

Төрийн эрх барих дээд байгууллага нь ийм “жижигхэн” түвшинд байгаа нь парламент өөрөө ард түмний төлөөллийг бүрэн хэрэгжүүлэх чадамжгүй болсныг харуулж буйгаас гадна иргэд, олон нийт ч үүнийг дагаад улс төрөөс “харшилж” төрд итгэх итгэлгүй болсон.

Тэгвэл энэ удаагийн 126 гишүүнтэй парламент хэрхэн бүрэлдэж, төр гэх тодотголоо авч үлдэж чадах уу, эсвэл бүр мөсөн нуран унах уу гэдгийг харах л үлдэж байна.