Б.Лхагвадолгор
Улс төр мэдээллийн албаны сэтгүүлч
Улс төр
2024.03.28 16:33
4159
Зогсонги байдалд орсон ипотекийн зээлийн 15 мянган өргөдөл хүлээгдэж байна

Арилжааны банкууд зөвхөн хэрэглээний зээл л олгож байна. Иргэдийн хамгийн их авахыг хүсдэг зээл бол ипотекийн зээл. Харамсалтай нь зогсонги байдалд ороод байна. Хүсэлт авч байгаа ч хүлээгдэж буй ипотекийн зээл арилжааны банкуудад хуримтлагдсан. Хоёроос гурван жилийн оочир, иргэдийн өргөдөл ширээн дээр овоорсон байдалтай байна. Ипотекийн зээлийн асуудлаар холбогдох хүмүүсийн байр суурийг хүргэе. 

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин” Үнэт цаасны зах зээл манай улсад хөгжиж байгаа хэдий ч банкууд энэ зах зээлийг давамгайлж байгаа хэвээр байна. Банкуудын багц хэмжээ нь 10 их наяд төгрөг, өөрөөр хэлбэл эдийн засгийн эргэлтэд орохгүй банкуудын баланс дээр зүгээр хүү тооцогдоод байж байна гэсэн үг. Гэтэл зээлийн хүү нь буурахгүй хэвээрээ байна. Тухайлбал жижиг дунд бизнесийн зээл 20 гараад явсан, хэрэглээний зээл мөн адил.

Иргэдийн хамгийн их авахыг хүсдэг зээл бол ипотекийн 6 хувийн зээл. Одоо хүлээгдэж байгаа иргэдийн өргөдөл 15 мянга болсон, сар болгон суларч байгаа эх үүсвэрийг нь тооцох юм бол 2 жилийн оочир үүссэн нөхцөл байдалтай байна. 1,5 их наяд төгрөгийн ипотекийн эрэлт байна гэсэн үг.

Тэгэхээр банкуудын болон ипотекийн тогтолцооны гажуудлаас хурдан гарах хэрэгтэй байна. Үүн дээр үнэт цаасны зах зээл том үүрэгтэй байна гэж харж байгаа. 

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан" Санхүүгийн салбарын гурван тулгуур багны нэг болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх нь эдийн засгийн суурь бүтцэд маш их чухал нөлөөтэй. Ялангуяа эх үүсвэрийн зардлыг буулгах, тэр дотроо хөрөнгийн зах зээлийн хөгжил нь банкны салбартаа шууд хамааралтай. Гадаадын хөрөнгө оруулалт Монголын хөрөнгийн зах зээл дээр чухал байгаа" гэв. 

Ипотекийн асуудалд тодорхой хариулт өгсөнгүй. 

Төв банк: Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкуудын эх үүсвэрээр нийт 7.7 их наяд төгрөгийн зээлийг 122 мянган өрхөд олгоод байна.

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд баримталж буй баримт бичгүүд буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хөтөлбөр хэвийн хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны эхнээс 02 дугаар сарын 16-ны өдрийн эцсийн байдлаар нийт 114.1 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 1.0 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгосон (Дүрслэл 1). Үүнээс Улаанбаатар хотод 66.2 тэрбум төгрөгийг 535 өрхөд, орон нутагт 47.9 тэрбум төгрөгийг 488 өрхөд олгосон.

Хот хөдөөгийн тэнцвэрийг хангах, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас орон сууцны ипотекийн зээлийг орон нутагт тэгш, хүртээмжтэй олгохоор ажиллаж байна.

Өмнөх 5 жилийн дунджаар нийт хөтөлбөрийн зээлийн 17 орчим хувийг нь орон нутагт орон сууц худалдан авч буй өрхөд олгосон бол 2023 онд 32 хувь, 2024 оны 2 дугаар сарын байдлаар 42 хувь болгон нэмэгдүүлээд байна.

Мөн Засгийн газрын 2023 оны “Хот, хөдөөгийн сэргэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолд тусгагдсаны  дагуу жилийн 3 хувийн хүүгийн хөнгөлөлттэй зээлийг 2023 оны 4 дүгээр сараас олгож эхэлсэн бөгөөд 2024 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 118.8 тэрбум төгрөгийн зээлийг 1.4 мянган өрхөд олгож ажилласан" гэдэг хариулт өгөв.  

Ипотекийн зээл зогсонги байдалд орж, хэзээнээс зээл олгож эхлэх нь тодорхойгүй байна. Зогсонги байдалд орсон гэдгийн учир нь 10-15 сая төгрөгийн хахууль өгч чадсан хүмүүс оочир дайрч 100 хүний урдуур орж байна гэдэг эх сурвалжийн мэдээлэл байна. 

Хэзээ Хөрөнгийн зах зээлийн эх үүсвэрээ хөгжүүлж санхүүгийн баталгаатай эх үүсвэр бий болж ипотекийн зээл хэвийн үргэлжлэх вэ? Тодорхойгүй байна...