Б.Нарангоо
Ерөнхий редактор
Орон нутаг
2024.03.28 17:28
1814
Дундговь аймаг жүдо бөхийн аваргаа тодрууллаа

Дундговь аймаг 2022 оныг “Хүний хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, жилийн ажлын хүрээнд аймгийн Засаг дарга Ц.Мөнхбатын санаачилгаар Жүдо бөхийн спортыг хөдөө орон нутагт хөгжүүлэн, өсвөр, залуу үеийг спортоор дамжуулан өв тэгш бие бялдар, тэсвэр хатуужилтай бие хүн болгон төлөвшүүлэх зорилгоор тус онд Монголын Жүдогийн академийн Дундговь аймагт дахь салбарыг байгуулснаар сонирхогч хүүхэд, залуусыг жүдогийн спортоор хичээллэх боломжийг бүрдүүлсэн байна.

Монгол Улсад хөгжөөд 51 жилтэй золгож байгаа жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах Эрэгтэйчүүдийн 45 дахь, Эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнийг 2022 онд Дундговь аймагтаа анх удаа зохион байгуулсан юм.

Ийнхүү Жүдогийн спортыг тууштай хөгжүүлэх зорилгоор академийн багш, дасгалжуулагчдыг КЮҮ-ДАН системийн дасгалжуулагчийн сургалтад хамруулан, мэргэжлийн дасгалжуулагч, Үндэсний шүүгч нарыг бэлтгэснээр жүдо бөхийн спортыг сонирхогчид, хичээллэгсдийн  тоо жилээс жилд өсч байна. Энэ сарын 24,25-ны өдрүүдэд зохион байгуулсан Жүдо бөхийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд аймгийн төвийн ерөнхий боловсролын таван сургууль, Хулд, Өндөршил, Гурвансайхан, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Өндөршил сумдын нийт 200 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулжээ.