Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.01 11:03
2205
Мандатын тооноос цөөн хүн, эсвэл илүү дугуйлбал санал тоолох төхөөрөмж уншихгүй, хүчингүй болно

Өнөөдрөөс эхлэн сонгогчдын нэрийн жагсаалтыг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудаст байршуулсан. Үүнтэй холбоотой Сонгуулийн ерөнхий хорооны Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очиртой ярилцлаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газар дөрөвдүгээр сарын 1-ээс зургаадугаар сарын 28-ыг дуустал сонгогчдын нэрийн жагсаалтыг цахим хуудаст байршуулна.

Эрх, үүргээ хэрэгжүүлэхийн тулд хамгийн түрүүнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн эсэх, бүртгэгдсэн бол алдаа мадаг байгаа үгүйг цахимаар шалгаад нягтлах ёстой.

-27 нам, хоёр эвсэл сонгуульд оролцохоор Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүллээ. Намаас нэр дэвшигчдээс гадна бие даан нэр дэвших хүн цөөнгүй болов уу. Олон мандаттай тойрогт саналын хуудас нүсэр том болох нь ээ. Санал тоолох төхөөрөмжид багтахгүй байх эрсдэл бий юу?

-Үндэсний аудитын газар нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт гаргасан дүгнэлтээ нэгтгээд дөрөвдүгээр сарын 29-өөс өмнө Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ.

Бие даан нэр дэвшигчид дөрөвдүгээр сарын 22-24-ний өдрүүдэд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх бөгөөд тус байгууллага дүгнэлтээ тавдугаар сарын 26-аас өмнө ирүүлэх ёстой.

Нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 14-20-ыг дуустал үргэлжилнэ. Үүний дараа саналын хуудас тодорхой болно. Таны хэлсэнчлэн олон нам, эвсэл, нэр дэвшигч бичигдэх нь тодорхой. Тиймээс сонгогчдод сайтар таниулах, ойлгуулах ёстойгоос санал тоолох төхөөрөмжид багтахгүй, уншихгүй гэсэн эрсдэл байхгүй. Саналын хуудсыг хоёр хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа. Нэг хуудсанд пропорциональ буюу нам, эвслийн санал, нөгөө хуудсанд мажоритар буюу мандатаар нэр дэвшигчдэд санал өгөх байдлаар гэсэн үг.    

-Сонгууль дөхөхөөр нэр дэвшигчдийн зар сурталчилгаа илүүрхэж, сонгогчдод хандсан заавар, мэдээлэл сурталчилгаанд дарагдах хандлагатай болдог.

-Иргэдийг мэдээллээр хангах, сонгуулийн хууль тогтоомжийг сурталчлах, сонгогчдын идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тусгайлсан төлөвлөгөө гаргаад бүх шатны сонгуулийн байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтраад ажиллаж байна.  Тухайлбал, гадаадад байгаа иргэдээ идэвхжүүлэх, мэдээлэл хүргэх үүднээс МОНЦАМЭ агентлаг, Дэлхийн монголчуудын радио, цахим хуудас, олон нийтийн сүлжээ зэрэг боломжит бүх хувилбараар мэдээлэл хүргүүлж эхлээд байна.

-Гадаадад амьдарч байгаа Монголчуудын хувьд тухайн улсынхаа хөдөлмөрийн хуулийн дагуу ажилладаг учраас санал өгөх өдрөө ажлаасаа чөлөө авах боломжоор хангах ч юм уу боломжийг хэрхэн бүрдүүлэх вэ?

-Энэ асуудлыг тооцоолж санал өгөх өдрийг дөрөв болгосон. Салбар комисс нь санал авах өдөр, цаг, байрыг сонгогчдодоо зарлана.

Иргэд маань санал авах өдрөөс таваас доошгүй хоногийн өмнө Дипломат төлөөлөгчийн газраа цахим шуудан, факсаар эсвэл биечлэн сонгуульд оролцохоо мэдэгдэх ёстой. Ингээд зургаадугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрийн аль нэгэнд очоод саналаа өгөх боломжтой. Гадаад улсад байгаа сонгогчид маань пропорциональ аргаар буюу нам, эвсэлд саналаа өгнө.

Манай улс УИХ-ын 2012 оны ээлжит сонгууль, Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулиар гадаад улсад суугаа иргэдийнхээ саналыг авсан туршлагатай. Санал өгөхөө илэрхийлж бүртгүүлсэн иргэдийн 70 хүртэлх хувь нь саналаа өгсөн тоо баримт бий.

-Гадаадад байгаа иргэдээс гадна гэрээсээ хол ажилладаг олон хүн бий. Тэдгээр иргэдийн оролцоог хэрхэн хангах вэ?

-Энэ бол анхаарахаас аргагүй асуудал. Байнга оршин суугаа хаягаасаа өөр газар, тухайлбал уурхайн салбарт ажилладаг 25 мянган иргэн бий гэсэн тоон судалгаа байна. Тэдгээр иргэдийн сонгох эрхийг хангах үүднээс Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч ажиллаж байна. Манай албан хаагчид 21 аймагт ажиллахдаа Хүний эрхийн үндэсний комиссын албан хаагчтай хамтран орон нутгийн удирдлага, уул уурхайн компаниудтай уулзалт хийсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа сонгох эрхийг хангах тодорхой арга хэмжээ аваач гэдэг хүсэлтийг компанийн удирдлагад тавьж байгаа.

-Сонгогчдын хувьд ийм байж. Сонгуульд өрсөлдөх нам эвсэл, нэр дэвшигчдийн хувьд хуулийг янз бүрээр ойлгох, тайлбарлах хандлага бий. Ялангуяа сурталчилгаатай холбоотой болно, болохгүй гэх янз бүрийн ойлголт байгаа.

-Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлнэ. Хуульд юу гэж заасан, түүнийг л биелүүлнэ шүү дээ. Хуультай холбогдох журмууд ч нэг л янзаар хэрэгжинэ. Сонгуулийн хууль тогтоомж болон сонгууль зохион байгуулах үйл ажиллагааны талаар Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 37 намд зөвлөмж, чиглэл хүргүүлж, төлөөллийг нь оролцуулсан мэдээлэл өгөх уулзалтыг гурван ч удаа зохион байгуулаад байна. Сонгуульд оролцоно гэдэг өндөр үүрэг, хариуцлагатай. Хуулиа биелүүлэхгүй бол хариуцлага яригдах нь гарцаагүй.

-Сонгуулийн сурталчилгаа хийх цаг хугацаа маш давчуу байгаа. Шинэ нэр дэвшигчид танигдах боломж тун хомс. Дээр нь томсгосон тойрогт өндөр зардал гарна. Аль хэдийн танигдсан дээр нь баян хүмүүс л УИХ-ын гишүүн болно гэх шүүмжлэл байна л даа?

-Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших, сонгогдох, ажиллах нь том хариуцлага. Улс орныхоо төлөө хууль тогтоох дээд байгууллагад ажиллах төрийн зүтгэлтэн шүү дээ. Тэр утгаараа нийгэмд танигдаагүй, шинэ хүн гэдэг ойлголт нэр дэвшигчдэд байхгүй болов уу. Зардлын тухайд бууруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх зохицуулалтыг Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуульд тусгасан. Тэр дагуу Үндэсний аудитын газраас зардлын дээд хэмжээг тогтоосон.

Сонгуульд нэг нам, эвслээс зарцуулах зардлын дээд хэмжээг 6.4 тэрбум төгрөг, нэр дэвшигчээс зарцуулах хэмжээ тойргоос хамаараад 895 саяас 1.5 тэрбум төгрөг байхаар тогтоосон.

Өмнөх сонгуулиар нэг аймагт нэр дэвшигчээс зарцуулж болох зардлын дээд хэмжээ дунджаар 400 сая төгрөг байсан бол томсгосон тойргийг аймагт харьцуулахад энэ дүн өсөөгүй. Хотын Сүхбаатар, Чингэлтэй болон Сонгинохайрхан дүүрэг 2020 оныхоос буурсан байх жишээтэй. Сонгуульд зарцуулах зардлыг дагаад хандив зайлшгүй яригддаг. Хувь хүн 10 сая хүртэл, хуулийн этгээд 30 сая хүртэл төгрөгийн хандивыг нам эвсэл, нэр дэвшигчид өгч болохоор хуульчилсан.

-Жагсаалтад орох нь хэдэн тэрбумын ханштай гэх мэдээлэл ч нууц биш болсон. Хэн их хандив өгсөн нь жагсаалтад эрэмбэлэгдэж байх шиг байна.

-Хуульд тодорхой заачихсан зохицуулалт. Жагсаалтаар нэр дэвшигчийн өгсөн хандивын дээд хэмжээ тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээний 50 хувиас хэтрэхгүй байхаар хуульчилсан.

-Энэ жил маш олон улс оронд сонгууль болж байна. Манай сонгуулийг ажиглах, сурвалжлах гадаадын ажиглагч, сэтгүүлчид хэр олон байгаа вэ?

-Сонгууль ажиглах, сурвалжлах нь бүрэн нээлттэй. Олон улсын ажиглагч, сэтгүүлчид Монгол Улсын сонгуулийн үйл ажиллагааг дэлхий нийтэд мэдээлж, сурталчлахаас гадна анхаарах асуудлыг тодорхойлдог өндөр ач холбогдолтой. 

Тухайлбал, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн газар өөрийн гишүүн орнуудад явуулж байгаа сонгуулийн үйл ажиллагааг өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиглаж, тайлан, зөвлөмжөө гаргадаг. Тэдний зөвлөхүүд гуравдугаар сард манай улсад ажиллаж Сонгуулийн ерөнхий хорооны дарга болон бусад байгууллагын удирдлагуудтай уулзалт хийгээд буцсан. Уулзалтын тайлан, дүгнэлтдээ үндэслэн сонгууль ажиглах цар хүрээ, ажлаа төлөвлөх юм билээ. Манай сонгуулийг ажиглахаар олон тооны ажиглагч, хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөлөгчид ирдэг.