Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.04 16:56
1507
Н.Учрал: Чингэлтэй дүүргийн иргэд төрийн 478 үйлчилгээг “хурдан” цэгээс шуурхай авна

Чингэлтэй дүүргийн 22 дугаар хорооны оршин суугчид төрийн үйлчилгээ авахын тулд Төв шуудангийн “ХУРДАН” цэг, Чингэлтэй дүүргийн нэг цэгийн үйлчилгээг зорьж, ойролцоогоор 8 км замыг туулж 2-3 цагийг зарцуулдаг байсан.

Тэгвэл өнөөдрөөс эхлэн хорооныхоо байрнаас төрийн 478 төрлийн үйлчилгээг хурдан, шуурхай авч, цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжтой боллоо.

Өөрөөр хэлбэл Чингэлтэй дүүргийн 24 хорооны иргэд төрийн үйлчилгээг олон цонхоор биш нэг цонхоор авах боломж бүрдлээ. Ингэснээр нийслэлийн 9 дүүргээс Чингэлтэй дүүрэг бүх хороондоо Төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг нэвтрүүлсэн хамгийн анхны дүүрэг болж, төр иргэндээ очиж байна.

“ХУРДАН” цэгээс иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл, жолоочийн лавлагаа, мэдээлэл, эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах, жолоодох эрхийн оноо, шинжилгээний хариу авах, зээлийн мэдээллийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа зэрэг төрийн 43 байгууллагын үйлчилгээнүүдийг авах боломжтой.

 “ХУРДАН” цэг нь нийслэлийн 48 байршил, орон нутагт 82 байршил буюу Монгол улсын хэмжээнд 130 байршилд байгуулагдсан. Мөн хилийн чанадад Австри, Австрали, Америк, Арабын Нэгдсэн Эмират, Болгар, Бельги, Вьетнам, Герман, Египет, Их Британи, Итали, Казахстан, Канад, Кувейт, Лаос, Орос, Өмнөд Солонгос, Польш, Сингапур, Тайланд, Турк, Унгар, Франц, Хятад, Чех, Швед, Швейцар, Энэтхэг, Япон зэрэг 29 улсын 44 байршилд буюу нийт 174 цэгээр дамжуулан иргэдэд төрийн цахим үйлчилгээг үзүүлж байна.

Өнөөдрийн байдлаар “Хурдан” цэгээр нийслэлийн хэмжээнд 139 мянган үйлчилгээ, орон нутгийн хэмжээнд 306 мянган үйлчилгээ, хилийн чанад дахь 29 улсын 44 цэгээр дамжуулан 4500 үйлчилгээ, Монгол Шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК-аар дамжуулан 19 мянган үйлчилгээ, нийт 470 мянган үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд үзүүлээд байгаа юм.

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар тун удахгүй төрийн үйлчилгээний хөдөлгөөнт “ХУРДАН” цэг, өөртөө үйлчлэх 24 цагийн “ХУРДАН” цэгийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Шуудан ХК, Монголын цахилгаан холбоо ХК-тай хамтран төрийн үйлчилгээг иргэдэд хүргэж байна. Чингэлтэй дүүргийн хувьд 5 дугаар хороо болон 14 дүгээр хороонд байрлах Монгол Шуудан ХК-ийн салбаруудаар төрийн үйлчилгээг үзүүлж байна.

Шууд дамжуулалтыг үзэх: