Г.Лхагвадулам
Ажлын албаны сэтгүүлч
Баялаг бүтээгч
2024.04.09 22:31
27801
Хаягдал аккумляторыг дахин боловсруулж, экспортлоход БЭЛЭН

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр /2024.04.09/ хаягдал аккумлятор дахин боловсруулах “Электрокем Монгол” үйлдвэрт ажиллалаа.

Техник, технологи хөгжихийн хэрээр аюултай хог хаягдлын хэмжээ хэрээс хэтэрч, дэлхий ертөнц тэрхүү хог хаягдлыг дааж давшгүй хэмжээнд хүрч байна. Автомашин энгийн хэрэглээ рүү шилжиж, нэг гэр бүл хэд хэдэн автомашинтай байх нь энгийн үзэгдэл болсон юм. Албан бус мэдээллээр манай улсад 1 сая 200 мянган автомашин явж байна гэх мэдээлэл бий. Тэгэхээр энэ тооны  аккумляторын цэнэг дуусч, ашиглалтаас гарч шинээр авч засч сэлбэх байдлаар аюулт хог хаягдал үйлдвэрлэгдэж байна гэсэн үг. Харин манай улсад жилд дунджаар 7000 тонн аккумляторын хог хаягдал гардаг гэх судалгаа бий.

Налайх дүүргийн 3-р хороонд байрлах "Электрокем монгол" үйлдвэр тэрхүү байгальд хортой хүнд металлыг Итали технологи, Энэтхэг тоног төхөөрөмжөөр эх орондоо дахин боловсруулж, гурван төрлийн түүхий эд гарган авч байна.

Тус үйлдвэр хог хаягдлаас давсан хүчин чадалтай буюу жилд 12 мянган тонн хаягдал аккумляторыг дахин боловсруулж, хар тугалга, хуванцар, гөлтгөнө гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бэлэн болсон бүтээгдэхүүнээ Солонгос, Хятад улс руу экспортлохоор эхний уулзалт, хэлцэл хийсэн байна.

“Электрокем Монгол” ХХК нь энэ оны гуравдугаар сарын 26-ны өдөр албан ёсоор аюултай хог хаягдал болох ашиглалтаас гарсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейг дахин боловсруулах үйлдвэрийн нээлтээ хийсэн бөгөөд одоогоор 30 орчим хүнийг байнгын  ажлын байраар хангаж байна. 

Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.Даваабаяр "Хортой хог хаягдал болох аккумляторыг байгальд ээлтэй байдлаар дахин боловсруулж байгаа анхны үйлдвэр ашиглалтад орсон нь олзуурхууштай. Байгаль экологид хор хөнөөлтэй, хүний эрүүл мэндэд хорт хавдар хүртэл үүсгэх чадалтай  химийн нэгдэл энэ дотор явж байгаа гэсэн үг шүү дээ. Цаашид төрийн болон хувийн ААН, иргэд бүгд   хог хаягдлын зөв менежментийг  хэвшүүлж сурах нь чухал байна. Энэ нь эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангахад том хувь нэмэр оруулахаар байна" гэлээ.

“Электрокем монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ө.Одонсүрэн: “Манай үйлдвэр ашиглалтаас хасагдсан хар тугалгат-хүхрийн хүчлийн батарейнаас үүсэх хаягдал хар тугалгыг 98 хувь, хүхрийн хүчлийн уусмалыг 98 хувь, 10 гаруй химийн бодисыг үйлдвэрийн хаягдалгүй, бүрэн автомат байгаль орчинд ээлтэй технологиор хоргүйжүүлэн цэвэршүүлж, дахин боловсруулан эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой” 

“Электрокем монгол" үйлдвэрийн Ерөнхий инженер М.Авирмэд "Олон газраар явж үйлдвэр судлаад манай улсад тохирсон байгаль экологид ээлтэй Энэтхэг тоног төхөөрөмжийг сонгосон. Манай үйлдвэр байгуулагдахаас өмнө хар тугалга боловсруулах үйлдвэргүй байгаль орчинд шууд хаягддаг тэр хэрээр  маш их бохирдол үүсгэдэг байсныг бид шийдэхээр үйлдвэрээ нээсэн. Бидэнтэй батерей  импортлогчид, уул  уурхайн компаниуд, зам барилга ложистикийн компаниуд, дата сервер сэргээгдэх эрчим хүч хэрэглэгчид, хоёрдогч түүхий цуглуулах цэгүүд хамтарч ажиллах боломжтой. Гадны улсад бол хортой хог хаягдлыг устгаж өгч байгаа гэдгээр төлбөртэйгөөр хаягдал аккумлятор авдаг. Одоогоор бид компаниудтай эхний уулзалтаа хийгээд явж байна" гэлээ. 

Саяхныг болтол хуучирч, цэнэг нь дууссан, суусан аккумляторыг хаана, хэрхэн хаяхаа мэддэггүй байлаа. Хөдөө орон нутагт малчны туурь бүрт машины болон мотоциклын аккумлятор хаягдан үлдэж хоцорсон байсан цаг ард үлдэж, түүнийг дахин боловсруулдаг  болжээ. 

Аккумляторын хүхэрт хар тунгалаг  хамгийн хортой, хүнд химийн нэгдэл. Газар булагдсан, хаа сайгүй хаягдсан аккумляторт олон жилийн дараа задрал явагдаж ойр орчноо бохирдуулж эхэлдэг.  Агаарт дэгдсэн тэрхүү хар тугалга бохирдсон хөрс усаар амьсгалын замаар дамжин цус, ясанд хуримтлагдан мэдрэлийн болоод шээсний замын өвчлөл үүсгэхээс гадна хорт хавдар үүсгэх аюултай.  Тиймээс хэрэглээд дууссан аккумляторыг дахин боловсруулж экспортын бүтээгдэхүүн болгож байгаа нь  эдийн засгийн ач холбогдолтойгоос гадна хорт хог хаягдлыг зөв менежментээр боловсруулах  дэлхийн дулаарлын эсрэг хийж буй бидний томоохон хувь  нэмэр юм.



Сэтгүүлч Б.Нарангоо