Н.Буяндэлгэр
Урлаг соёл, шуурхай албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.11 11:39
1516
ХЭҮК: Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймгуудад хүхэрлэг хийн хэмжээ MNS4585:2016 стандартаас 1.2-2.5 дахин их байна

Хүний эрхийн үндэсний комиссоос Хангайн болон баруун бүсийн аймгууд дахь хүний эрхийн тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж байна. 

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтийн хүрээнд:

Хангайн бүсийн аймгийн төвүүдэд ашиглаж буй уурын зуух, тээврийн хэрэгсэл, гэр хорооллын айл өрхийн ахуйн халаалтын зуухны утаа, уул уурхайн үйл ажиллагаанаас үүдэлтэй цагаан тоосжилт зэрэг нь агаарын бохирдол нэмэгдэх шалтгаан болохын зэрэгцээ  зарим аймагт ундны цэвэр усны хангамж тулгамдсан асуудал болж байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ренчинлхүм, Цагааннуур суманд ундын цэвэр усны худаггүйн улмаас иргэд нуурын уснаар ундаалж буй нь цэвэр усаар хангагдах эрх зөрчигдөх шалтгаан болж байна.

Мөн Өвөрхангай, Баянхонгор, Орхон аймгуудад хүхэрлэг хийн хэмжээ MNS4585:2016 стандартаас 1.2-2.5 дахин их байна.

Агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлээс дурдвал,

  • Орхон аймаг дахь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын үйлдвэрийн технологийн хаягдлаас үүдэлтэй цагаан тоосноос улбаалж Орхон аймгийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна.

Цагаан тоосжилтын бүсэд Жаргалант сум, Говил, Баянцагаан багийн нийт 2452  өрхийн 9484 иргэд оршин сууж амьдарч байгаа бөгөөд үйлдвэрийн хүдэр олборлолт нэмэгдэхийн хэрээр хаягдал элсний хэмжээ сүүлийн 5 жилд 807,1 сая тонноос 969,2 сая тонн болж нэмэгдсэн байна.

Цаашид цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг буруулах чиглэлээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 18 дугаар хуралдаанаар хөтөлбөрийн хугацааг 2031 он хүртэл  сунгаж, хэрэгжүүлэхээр тогтсон байна.  

  • Мөн Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт байрлах аймгийн Мал эмнэлгийн газрын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн барилгын газар болон ойр орчмын газрын хөрс их хэмжээгээр пестицидээр бохирдож, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ноцтойгоор зөрчигдөх нөхцөл бүрдсэн тул зөрчлийг арилгуулахаар 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 1/23 дугаартай Комиссын гишүүний Зөвлөмжийг Булган аймгийн Засаг даргад хүргүүлсэн боловч хэрэгжилт хангалтгүй байна.

Хүүхдийн сурч боловсрох эрхийн хүрээнд:

Хангайн бүсийн хувьд ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүрэлцээг нэмэгдүүлэх, шинэчлэх, дотуур байрын орчин нөхцөлийг сайжруулах хэрэгцээ шаардлагатай байна.

Бүсийн хэмжээнд ерөнхий боловсролын нийт 141 сургуулийн 150 дотуур байранд 12,097 хүүхэд, үүнээс малчин өрхийн 10,351 хүүхэд  амьдарч байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2021 оноос хойш ЕБС-ийн дотуур байрны үйл ажиллагаанд төлөвлөгөөт хяналт шалгалтыг үе шаттай зохион байгуулж байна. Энэ хүрээнд Хангайн бүсийн 6 аймагт үйл ажиллагаа явуулж буй 150 дотуур байрнаас 22 байранд хяналт шалгалт хийхэд барилгын насжилт дууссан, цаашид ашиглах боломжгүй талаар мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан, зориулалтын бус, галын болон ослын стандарт шаардлага хангахгүй, ундны цэвэр усны хүрэлцээ дутмаг, боловсон ариун цэврийн өрөө болон усны өрөөгүй, унтлагын өрөөнд камер суурилуулсан зэрэг ноцтой зөрчлүүд илэрсэн. Тиймээс илэрсэн зөрчлийг арилгуулахаар аймгийн Засаг даргад нарт Комиссын гишүүний шаардлага, зөвлөмж хүргүүлэн хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг дурдвал:

Булган аймгийн Орхон, Тэшиг, Хутаг-Өндөр, Булган сум болон Ерөнхий боловсролын сургууль болон Мэргэжил, сургалтын төвийн дотуур байранд хяналт шалгалт хийсэн. Шалгалтын үр дүнг үндэслэн аймгийн Засаг дарга, Боловсрол, шинжлэх ухааны газрын даргад Комиссын гишүүний зөвлөмж хүргүүлсэн. Зөвлөмжийн хэрэгжилт 41 хувьтай буюу хангалтгүй гэж дүгнэгдсэн.

Түүнчлэн Орхон аймгийн Ирээдүйн-Одод ЕБС-ийн дотуур байранд хийсэн шалгалт хийсэн. Дотуур байрын барилга нь зориулалтын бус, стандарт шаардлага хангахгүй гэсэн мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр акт тавигдаж, үйл ажиллагааг нь зогсоосон байна. 

Мөн Хөвсгөл аймгийн Цагааннуур, Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хийсэн хяналт шалгалтаар хүүхдүүд -40 градусын хүйтэнд эрүүл ахуйн шаардлага хангаагүй жорлонд бие засдаг, сургууль, сургуулийн дотуур байр, халуун усны газрын цахилгааны монтаж аюулгүйн норм стандарт зөрчсөн, цонх, хаалга цантаж хөгцөрсөн, хана туурга мөөгөнцөртсөн, хичээлийн сургалтын өрөө болон биеийн тамирын заалыг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын ширээ, сандал хуучирч эвдэрч, гэмтсэн, гэрэлтүүлэг хангалтгүй, үдийн хоолны норм стандартад хүрдэггүй зэргээр сурагчдын сурч, боловсрох эрх ноцтой зөрчигдөж байсан нь илэрсэн. Шалгалтын үр дүнг үндэслэн Комиссын гишүүний шаардлагыг Хөвсгөл аймгийн Засаг даргад хүргүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа гэв. 

Шууд дамжуулалтыг үзэх: