Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Эдийн засаг
2024.04.11 16:25
1313
Монгол улсын эдийн засаг 2024 онд 4.1 хувь, 2025 онд 6 хувиар өснө

Азийн хөгжлийн банк 2024 оны 4 дүгээр сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа 2023 онд 7,0 хувийн өсөлттэй байсан Монгол улсын эдийн засаг 2024 онд 4,1 хувиар өснө хэмээн тооцоолсон байна. Эдийн засгийн 2024 оны өсөлтөд уул уурхайн салбар болон төсвийн зардлын өсөлт эергээр нөлөөлөх ч, Монгол улсын хэмжээнд сүүлийн жилүүдэд тохиогоогүй хатуу өвөл, зудын гамшиг нүүрлэснээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбар агших төлөвтэй байна. Харин 2025 онд хөдөө аж ахуйн салбар сэргэж, уул уурхай болон үйлчилгээний салбар өссөнөөр ДНБ-ий өсөлт хурдасч 6,0 хувьд хүрнэ гэж таамаглажээ. 

2023 онд ашигт малтмалын олборлолт өсөж, экспорт нэмэгдсэнээр төлбөрийн урсгал тэнцэл болон төсвийн тэнцэл ашигтай гарч, гадаад валютын улсын нөөц сайжран, Монгол улсын эдийн засаг эрчимтэй өссөн.

Инфляцын түвшин өмнөх оноос буурсан хэдий ч өндөр хэвээр байна. Уул уурхайн салбарын өсөлт, түүний дотор зэсийн баяжмалын үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх хүлээлттэй байгаа Оюу толгойн уурхай нь эдийн засгийн 2024, 2025 оны өсөлтөд түлхэц үзүүлнэ гэж тооцоолжээ.

"Монголын эдийн засаг 2023 онд маш сайн гүйцэтгэлтэй байсан бөгөөд энэ хандлага үргэлжилнэ гэж бид таамаглаж байна" хэмээн АХБ-ны Монгол улс дахь Суурин төлөөлөгч Шэннон Коулин хэлээд "4 дүгээр сарын эхний байдлаар зургаан сая гаруй толгой мал хорогдсон, хохирол авчирч буй зудын гамшиг энэ оны эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөхөөр байна. Энэ нь Монгол улс уур амьсгалын чиглэлээр авсан амлалтуудаа биелүүлж, эрсдэлд тэсвэртэй байдлаа сайжруулахад уур амьсгалын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн чухлыг сануулж байна. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг татахын тулд институцийн чадавхийг бэхжүүлж, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах шаардлагатай" хэмээн онцлон тэмдэглэв.