Э.Билгүүтэй
Сэтгүүлч
Ерөнхийлөгч
2024.04.12 14:09
1248
У.Хүрэлсүх: Сургалтын чанар, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал хоёр дахь өдрөө “Корпорейт хотел энд конвейшн центр”-т үргэлжилж байна. Их хуралд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргээс сонгогдсон төлөөлөгч 1,200 багш оролцож, багшийн хөгжлийн 3 тулгуурт бодлого, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл сэдвээр илтгэл сонсон хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа,

Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ,

Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эх орныхоо өнцөг булан бүрээс улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын түлхүүр билээ. Тийм ч учраас аливаа улс орны хөгжил дэвшлийг ард иргэдийнх нь боловсролын түвшин, хувь хүний хөгжил, амьдралын чанараар нь үнэлдэг билээ.

XXI зууны монгол хүн хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг өвлөн уламжлуулдаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, насан туршдаа суралцах чадвартай, сахилга хариуцлагатай, ёс суртахуунтай, хүмүүжил төлөвшилтэй иргэн байх учиртай.

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа нь эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, эх оронч, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй монгол хүн, Монгол Улсын иргэн юм.

Монголчууд бид багш, ном, эцэг эх гурвыг гурван эрхэм хэмээн дээдлэн шүтэж, эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай.

2023 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд ойрын жилүүдэд бүтээлч, задлан шинжлэх сэтгэлгээтэй, хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй ажиллах чадвартай, нийгэмдээ манлайлал, нөлөөлөл үзүүлж чадах мэргэжилтэн чухал болж байгааг дурджээ.

Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүний үүрэг, хариуцлага нэн чухал гэлээ.