Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.15 19:46
1559
“Цагаан алт-Үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд хөнгөн, аж үйлдвэрийн салбарынхан хэлэлцлээ
 
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх хөнгөн үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг шат ахиулах, тэр дундаа малын гаралтай түүхий эдийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр бий болгох, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор “Цагаан алт-Үндэсний хөдөлгөөн” хэрэгжүүлэх гэж байна. Тэгвэл “Цагаан алт-Үндэсний хөдөлгөөн” хэрэгжүүлэхтэй холбогдуулан ЕТГ, ХХААХҮЯ, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам болон мэргэжлийн холбоод, салбарын үйлдвэрлэгчдийн дунд урьдчилсан хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг нээж ажлын хэсгийн ахлах Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн зөвлөх З.Мэндсайхан “Цагаан алт-Үндэсний хөдөлгөөн”-ий зорилго, төлөвлөгөө, санхүүжилт сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн ажлын хэсгийн гишүүд болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх Ч.ДаваабаярМонгол Улсын Ерөнхийлөгчийн эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай нар оролцож, харилцан санал солилцсон юм.

“Цагаан алт-Үндэсний хөдөлгөөн” 3 жил үргэлжлэх бөгөөд 1.8 их наяд төгрөгийн санхүүжилттэй

“Цагаан алт-Үндэсний хөдөлгөөн”-ий зорилго, төлөвлөгөө санхүүжилт, олон улсын зах зээлд гарах боломж болон ноос, ноолуур, арьс ширний салбарын өнөөгийн байдал цаашдын хөгжлийн боломж зэрэг асуудлаар талууд хэлэлцэж, хөнгөн аж үйлдвэрийн салбарынхны саналыг сонслоо.

“Цагаан алт-Үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд салбарын хууль эрх зүй, хөрөнгө оруулалт, санхүүжилт, татварын орчин, түүхий эд бэлтгэлийн тогтолцоог сайжруулах, үйлдвэрүүдийн суурилагдсан хүчин чадлын ашиглалтыг дээшлүүлэх, техник, технологийн шинэчлэл хийх, дотоод, гадаад зах зээлд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэхэд томоохон түлхэц болно гэдгийг бодлого тодорхойлогчид үзэж байна.

  • Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлснээр ноолуурын салбарын борлуулалтын орлого одоогийнхоос 4-5 дахин, арьс, шир, нэхийний борлуулалтын орлого 2-3 дахин нэмэгдэх боломжтой гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.
  • “Цагаан алт-Үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд 2023 онд ноолуурын бүрэн боловсруулалтыг 20 хувиас 2028 онд 40 хувьд хүргэнэ
  • “Цагаан алт-Үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд 2023 онд ноосны бүрэн боловсруулалтыг 25 хувиас 2028 онд 55 хувьд хүргэнэ
  • “Цагаан алт-Үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд 2023 онд арьс ширний 30 хувийг боловсруулж байгаа бөгөөд 2028 онд 50 хувьд хүргэнэ