Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
Орон нутаг
2024.04.17 14:00
1238
Х.Нямбаатар: Дагуул хотуудыг хөгжүүлж, дүүргүүдийг хот болгоно
Өнөөдөр засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. 
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл болон нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төслийн талаар хэлэлцэж шийдвэрлэлээ. Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд төрийн өмчийн их дээд сургуулиудтай холбоотой зарим арга хэмжээний талаар хэлэлцсэн байна.
 
Хотын дарга Х.Нямбаатар:
Улаанбаатар хот 1960 онд БНМАУ-ын гурав дахь Үндсэн хууль батлагдсаны дараа засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн шинэчлэлийг хийсэн. Монгол Улсын нийслэл тухайн үед дөрвөн дүүрэгтэй байхаар шинэчилж байв. Тэр үед хүн ам нь 150 мянга орчим байсан. Тэр цагаас хойш 30 жилийн дараа 1993 онд Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа Улаанбаатар хотын шинэчлэлийг хийхэд хүн амын тоо 600 мянгад хүрч, дүүргийн тоог зургаа болгож байсан. Дараа нь 2024 онд Улаанбаатар хотын бүртгэлтэй хүний тоо 1.7 саяд хүрсэн. Харин энэ шинэчлэлтийг одоогоос 30 гаруй жилийн өмнө хийж есөн дүүрэг 204 хорооны бүтэц зохион байгуулалттай болгосон. Хотын төв хэсгийн Бага тойруу дотор 86 га талбайд улсын төрийн, нутгийн захиргааны бүх байгууллага төвлөрсөн нь түгжрэлийн гол үндэс болж байна. Энэ багахан газарт хотын таван зүгээс өдөртөө гурван сая зорчих хөдөлгөөн хийж байна. Алслагдсан дүүрэгт эрүүл мэнд, соёл, боловсролын үйлчилгээ харилцан адилгүй байна.
Хотын даргын орлогч П.Сайнзориг: 
Төрийн үйлчилгээг иргэдэд ойр байлгах үүднээс анхан шатны үйлчилгээг шилжүүлэх гэж байгаа. Хорооны ажилтан дээшээ мэдэгдэнэ гэдэг хариу өгдгөөс болж иргэд бухимддаг. Тиймээс дүүргүүд дээр төвлөрсөн эрх мэдлийг хороод руу шилжүүлж, дүүргүүдийг хот болгоно. Цаашид эдийн засгийг тэлж, ажлын байр гаргана. Мөн татварын орлогуудыг 80\20 гэсэн харьцаагаар хувааж дагуул хотуудыг хөгжүүлнэ.