Г.Цэнд-Аюуш
Эрэн сурвалжлах шуурхай мэдээллийн сэтгүүлч
УИХ-ын гишүүн
2024.04.17 15:38
1349
Ц.Сандаг-Очир: Эмийн сонсгол дээр нэр нь зарлагдсан болгон буруутай биш

Төрийн ордонд эмийн үнийн өсөлтийн нөхцөл байдлыг нотлох, баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол гурав дахь өдрөө болж байна. 

Нээлттэй сонсголоор эмийн хүртээмж, эмийн үнэ ба шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал үргэлжлэх бөгөөд гурван өдөр нийт 127 гэрчийг дуудаж сонсох юм.

Харин УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироос тус сонсголын талаар ямар байр суурьтай байгаа нь тодрууллаа. Тэрээр, Эрүүл мэндийн байгууллагуудын эрх бүхий байгууллагуудын, энэ дотор эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн даатгалын газар, эм эмнэлгийн газрын хяналт зохицуулалтын газар, гааль, эмийн үнийн зөвлөл зэрэг маш олон хамаарал бүхий компаниуд байна. Энэ байгууллагуудын удирдлагад 2018-2023 оны хугацаанд ажиллаж байсан, шийдвэр гаргаж байсан, эрх бүхий албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүдийг өчигдөр зарласан. Энэ бол шинжээчийн гаргаж ирсэн асуудал. Түр хорооны гишүүд өчигдөр өглөө материалтай танилцсан. Урьд өмнө нь огт танилцаагүй байсан гэсэн үг. Хэн хамааралтай байсныг өчигдөр түр хорооны гишүүд мэдсэн. Яагаад гэхээр хянан шалгагч шинжээчийн ажил хараат бус, түүнд хэн ч нөлөөлөх ёсгүй. Тэр гаргаж ирсэн зүйлийг нь бид нар холбогдох хүмүүсээс нь асууж тодруулж байна. Гэхдээ нэрийг нь зарласан бүхэн гэмтэн буруутан биш гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тиймээс шийдвэр гаргалтын хүрээнд эм бүртгэх асуудал дээр зайлшгүй шаардлагатай эмийг жагсаалтад бүртгэж авах асуудал дээр хугацаа сунгах, лиценз олгох зэрэг бүх асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргах түвшинд албан тушаалтнууд нөлөөлсөн үү үгүй юу гэдгийг цаашид нарийн судалж байж энэ албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдээрээ ингэж давуу байдал олгосон байна гэж гаргаж ирэх ёстой. Тэрнээс зарлагдсан болгон буруутай биш.