Д.Мөнхжаргал
Ажлын албаны сэтгүүлч
Нийгэм
2024.04.23 11:47
1514
Монгол, Хятадын махны холбоод уулзаж, хоёр орны махны худалдааг хөгжүүлэх талаар санал солилцлоо
 

Монголын махны холбоо, БНХАУ-ын махны холбооны анхны уулзалт 2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Бээжин хотод зохион байгуулагдлаа. Тус уулзалтаар Мах, махан бүтээгдэхүүний худалдааны бодлогын холбогдох зохицуулалтууд, худалдааг хөгжүүлэх бодит боломжууд, дотоод болон олон улсын зах зээлийн өөрчлөлт, хөгжил,  хэрэглэгчдийн чиг хандлага, зах зээл ба нийлүүлэлтийн сүлжээний төрөл бүрийн түвшинд тулгарч буй сорилт, шаардлагын талаар харилцан ярилцаж, хоёр орны махны худалдааг хөгжүүлэх боломжит загваруудын талаар санал солилцлоо.

Тус арга хэмжээнд Монголын талаас БНХАУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ, Монгол Улсын Мал Эмнэлэгийн Ерөнхий газар, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун, “Хүнсний Хувьсгал” ТББ-ын Дэд тэргүүн Т.Мөнхтөр, Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Н.Батсуурь, болон Монголын махны салбарын төлөөлөгчид, Хятадын талаас БНХАУ-ын Гаалийн Ерөнхий Газар, БНХАУ-ын Мал эмнэлэгийн байгууллага, Хятадын махны холбоо, Хятадын махны салбарын төлөөлөгчид болон хоёр орны бизнесийн байгууллагын төлөөлөл тус тус оролцлоо.