Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Улс төр
2024.04.25 16:40
3372
Тооноор орж ирэх түшээд нэр цэвэр байна гэх ч хөшигний ард ханцуйн дотроо наймаалцаж буй

Энэ удаагийн УИХ-ын сонгууль ихээхэн анхаарал татаж буй. Гишүүдийн 76-г тойргоос, үлдсэн 48-ыг нь пропорциональ буюу намын жагсаалтаар нэр дэвшүүлнэ. Иймд горилогчид бүс бүсийн зүг хэдийнээ  хөдөлж тойргоо усалж эхэлсэн бол жагсаалтад багтах сонирхолтонгууд тэрбум тэрбумаар өвөртлөөд намынхаа хаалгыг манаж зогсоо.

Тэгвэл МАН-аас “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан тохиолдолд тухайн хүнийг УИХ болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад төрлийн гэмт хэрэгт шүүхийн эцсийн шийдвэр гарсан бол нэр дэвшүүлэхгүй гэж журамдаа заасан. Харин Сонгуулийн тухай хуулийн  29.9-т Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно гэж заасан байдаг.

Бага хурлаар баталсан журмаар бол ямар нэг байдлаар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдан шалгагдаж буй л бол шүүхээр эцэслэн шийдэгдээгүй байсан ч нэр дэвших эрхгүй байхаар тусгаж өгсөн байна.  

Үүгээр бол МАН-аас ямартай ч нэр цэвэр гишүүдээ сонгуульд сойх бодлогыг энэ удаа барьж байна. Гэвч бодит байдал дээр өнөөдөр парламентад сууж буй Ардын намын гишүүдээс нэр цэвэр торойж үлдэх гишүүд ховор. Тэгэхээр шаардлагад нийцсэн гишүүд дахин нэг удаа сонгогдохоор зүтгэж болох ч авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, хууль шүүхийн хаалга онголзуулж явсан түшээд Төрийн ордноос үг дуугүй явах ёстой болох юм, угтаа...

Харин тойрогт нэр дэвшихгүйгээр тооноор орж ирэх гишүүдийн тухайд өөр зүйл яригдана. Хэдийгээр авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдогсдыг жагсаалтад багтаахгүй гэж байгаа боловч хөшигний ард тэд ханцуйн дотроо наймаалцаж буй. Хэн мөнгөө төлнө, тэр дуугаа захиална гэдэг дээ.

Эрх баригч намаас төрд шургалсан ч шүүхээр хэрэг нь шийдвэрлэгдээд байгаа гишүүдээс дурдвал, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан,  Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа эрх мэдэл албан тушаалын давуу байдлаа ашиглан, бусдад давуу эрх олгосон үндэслэлээр 40 сая төгрөгөөр торгон, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жилээр хасах шийдвэр гаргасан юм.

Мөн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргээр Т.Аюурсайханд гурван жилийн хорих ял оноож, ₮1.8 тэрбумыг хураан улсын орлого болгох шийдвэр гарсан

Хөгжлийн Банкны хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн тухайд анхан шатны шүүхээс 6 жилийн хорих ял сонссон ч давж заалдахаар хэргийг анхан шатны шүүх рүү дахин буцаасан.

Бүрэн эрхээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан Ж.Мөнхбатын хувьд нүүрсний хэрэгт холбогдон хэргийн явц  үргэлжилж буй.

Харин хэрэг төвөгт нэр холбогдож, намынхныхаа чихийг халууцуулаад амжсан гишүүдээс нэр цохвол Н.Наранбаатар, Ш.Раднаасэд, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Ж.Сүхбаатар, Б.Баттөмөр, Д.Бат-Эрдэнэ, Ц.Сэргэлэн, Ц.Анандбазар гээд үргэлжилнэ.

Мөн шоронгийн өрөөнөөс гишүүний суудалд заларсан Ж.Эрдэнэбатыг ч мартаж болохгүй. 

Засгийн газраас ч 2024 оныг Авлигатай тэмцэх жил болгон зарлаж, Ерөнхий сайд түүчээлж буй энэ цагт эдгээр гишүүд дараагийн сонгуульд горилох аваас Ардын намд, ялангуяа Засгийн тэргүүний авлигатай тэмцэнэ гэж ам ангайх бүртээ хэлж буй үгс амны уншлага төдий болоод өнгөрнө.  Ард түмний итгэлийг ч ахин авахаасаа “дашийн шог” болох биз!

Ардчилсан намын тухайд ч тэр. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тийшээ тарж бутран өөр өөр зүгийг харж яваа тэдний хувьд жагсаалтаар оруулж ирэх улс төрчдөдөө хамгийн их анхаарлаа хандуулахгүй бол улс төрийн тогоонд тэдний нэр төдийхөн л үлдэх цаг ойрхон бий.