Б.Нарангоо
Ерөнхий редактор
Эдийн засаг
2024.04.26 11:41
1209
Ж.Дэлгэрсайхан: Стратегийн ордыг төр авах асуудал нь эдийн засгийн хувьд буруу жишиг

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн Ирээдүйн өв сангийн тухай, Хуримтлалын сангийн тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн төслүүдийг эцэслэн баталсан юм. Энэ үеэр ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Уул уурхайн ил тод байдал хангагдана. Стратегийн ордууд бирж дээр нэлттэй компани болно, олон улсын аудитад байнга ордог болно.  Ил тод байдал дээшилнэ.  Өв залгамжилж байгаа тохиолдолд 30 хувийн татвар тавих эрх зүйн орчин хийгдэж байна” гэсэн юм. Тэгвэл Монгол Улс стратегийн 16 орд нэрлэснээс тодорхой хувь нь хувийн хэвшилд  харьяалагдаж буй. Эдгээр хувийн хэвшлийн  орд газрыг хэрхэх нь хуульд яг таг нарийн заагаагүй байгаа нь эдийн засагчдын төдийгүй эдгээр орд газар эзэмшигчдийн анхаарлын төвд байна. Улс орны эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий томоохон ордуудыг түргэн хугацаанд эргэлтэд оруулах нь мэдээж ач холбогдолтой. Гэвч томоохон төслүүдийн хувьцааг биржээр дамжуулан хөдөлгөх нь эдгээр төслөө гацаах, зогсоох ч сөрөг талтай байж мэднэ.

Баялгийн сангийн тухай хуулиар Эдийн засагч Ж.Дэлгэрсайханаас байр суурийг нь тодрууллаа.  

-Баялгийн сангийн тухай хууль батлагдлаа. Уг хуульд стратегийн ордын нөөц ашиглалт, хуваарилалтын тухай тодорхой заасан. Тэгвэл олон улсад стратегийн орд гэх үзэл санаа байдаг уу?

Баялгийн  сангийн тухай хуулийг дэмжиж байгаа. Монгол Улсын хувьд уул уурхайн баялгаас өгөөж хүртэхдээ хангалттай зөв зохицуулалттай биш байсан. Үүнийг нэгдмэл санд оруулж төрөлжүүлэн  зохицуулж байгаа нь сайн хэрэг. Маш сайн жишгийн эхлэл гэж харж байна.

Гэхдээ олон улсын хувьд стратегийн орд байдлаар шууд тодорхойлсон зүйлийн талаар сонсоогүй. Харин стратегийн нөөц хэмээх ойлголт бол бий.

Энэ нь байгалийн баялгаас их хамааралтай хөгжиж буй улс төдийгүй өндөр хөгжилтэй улсууд эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдалтай холбоотой нөөцүүдийн тухай асуудал юм. Эдгээр нөөц нь бусад салбарын хөгжлийг дэмжиж улс орны бие даасан эдийн засгийн болон батлан хамгаалах чадавхийг нэмэгдүүлэхэд шаардлагатай нөөцүүдийн тухай асуудал юм. Бидний хувьд тодорхой нөөц бус ордыг стратегийн гэж байгаа нь зөв эсэхийг эргэн харах нь чухал. Тухайн орд нь хэний эзэмшилд байхаас үл хамааран нээлттэй, ил тод үйл ажилагаатай, хөндлөнгийн хяналт, олон нийтийн оролцоо гэх мэт засаглалын сайн тогтолцоотой байж л сая үр ашигтай байж чадна. Үүний дээр улс төрийн нөлөөллөөс ангид байх асуудал ихээхэн чухал. Үүний дараа тэдгээрээс бий болсон үр дүн, мөнгөн хөрөнгийг хөгжлийн төлөө, иргэдийн амьдралын чанарын төлөө зөв ашиглаж чадвал үр ашигтай удирдлага гэж би хувьдаа ойлгодог.

Харамсалтай нь тэр нөхцөл өнөөдөр бүрдээгүйгээс бид зарим талаар баялгийн орлогыг шууд хуваарилах асуудал руу илүү их хандах байдалтай болж байгаа нь хөгжлийн түвшин хангагдаагүй манай улсын хувьд эрсдэлтэй зүйл юм.

-Хувийн өмчийн эзэмшилд байгаа стратегийн гэгдэх ордын ашиглалт, зарцуулалт энэхүү хуулиар 34 хувь  гэгдэж байгааг та хэрхэн харж байна вэ?

 -Хувийн өмчид байгаа стратегийн ордуудын 34 хувийг төр авах байдлаар зохицуулагдах талаар яригдаж байгаа. Гэсэн хэдий ч сая баялгийн сангийн хуульд яг тэр зохицуулалт нь тусгагдаагүй. Стратегийн ордыг төр авах асуудлыг өнгөц харахад зөв мэт харагдана. Учир нь өнөөдөр нийгэмд байгаа ойлголт нь хэдэн хүн нийтийн баялгийг хувааж аваад идээд байгаа гэсэн сэтгэхүй бөгөөд зарим талаар энэ нь үнэн байх.

Гэхдээ бид буруу этгээдэд ордоо өгдөг, үр ашиггүй байдаг, улс төрийн болон бусад давуу талаа ашиглан байгалийн баялгийг, үр дүнг цөөн хүнд ашигтай байх тогтолцоо засаглалаа өөрчлөх талаар илүү анхаарах шаардлагатай. Тэгэлгүй төр нь тодорхой этгээдэд олгоод буцаагаад дуртай үедээ авдаг энэ байдал нь эдийн засгийн хувьд ихээхэн буруу жишиг юм.

   Дараагийн гол зохицуулалт нь нэг ордод нэгдмэл сонирхолтой этгээдийн эзэмших хувь хэмжээ нь 20 хувиас давахгүй байх ёстой гэсэн асуудал. Энэ нь мөн дээрхийн адил  өнгөц харвал засаглал сайжрах, нэг хүн стратегийн ордыг эзэмшихгүй байх гэх мэт давуу талтай мэт харагдана. Үүнд ч ард түмэн, олон нийт таатай хандах хандлагатай байх шиг байна. Гэхдээ 20 хувиас дээш эзэмшихгүйгээр Монголд төслийг хэрэгжүүлэх боломжтой юу? Энэ нөхцлөөр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид төслүүдэд орох уу? гэх мэт байдлаар эдийн засгийн бодит нөхцөл байдлыг өнөөгийн манай орны улс төр, эдийн засаг, гео эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан харвал эдийн засгийн өсөлт хөгжилд сөрөг нөлөөлж болзошгүй гэж үзэж байна. Мөн энэ асуудал дээр хэлэлцэж байгаа байдлыг харахад төр өөрийн хувийг нэмэх, хувийн хэвшлийн хувийг бууруулах байдлаар харагдаж байгаа нь анхаарал татаж байна. 

 Товчхондоо өнөөгийн манай орчны нөхцөл байдалд 20 – хувьтай стратегийн ордуудад хөрөнгө оруулах эсэх нь үнэхээр эргэлзээтэй. Энэ нь таван өөр талууд нэгдэж төслийг хэрэгжүүлэх тухай асуудал.