Б.Батчимэг
Улс төр мэдээллийн албаны ахлах сэтгүүлч
Нийслэл
2024.04.26 16:16
471
“Хүүхдийн тоглоомын талбайд зөвхөн төр биш, ААН, иргэн хамтдаа анхаардаг тогтолцоо хэрэгтэй”

Зөвхөн Сүхбаатар дүүргийн байшин хороолол дундах хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг шалгахад 73.2 хувь нь шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гарчээ.

Ингэхээр Улаанбаатар хотын хэмжээнд авч үзвэл хүүхдийн тоглоомын талбайн чанар стандарт хэр түвшинд үнэлэгдэх нь зүй ёсоор анхаарал татна.

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг байр сууриа илэрхийлэхдээ “Бид хүүхдэд хайртай дүр үзүүлдэг ч бодит байдал дээр хайрлаж чадахгүй байна гэсэн үг. Энэ асуудалд зөвхөн төрийг буруутгах нь өрөөсгөл. Төр, ААН, иргэн бүгд хамтдаа анхаарч байж үр дүн гарна. Хэн хариуцах ёстойг тодорхой болгож, эзэнжүүлж, иргэд шаардлага тавьдаг тогтолцоо хэрэгтэй” хэмээж байв.

Ерөөс хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулах, стандарт хангах чиглэлд хэн анхаарах, хариуцах нь өнөөдөр тодорхой биш. Нэг талаас төр, төсвийн мөнгөөр, боломжит газар нь барих ёстой гэж ойлгодог. Нөгөө талаас барилгын компаниуд орон сууцны хороололдоо дагавар байдлаар шийдэх нь зүй гэдэг. Гэвч дунд нь хаягдаж, нэр төдий хийсэн тоглоомын талбайнууд хүрэлцээгүйн дээр стандарт шаардлага хангахгүй байна.

Нийслэлийн Засаг дарга О.Номинчимэгийн сүүлийн үед төвлөрч, эрх зүйн орчинг нь тодорхой болгохоор ажиллаж буй сэдвүүдийн нэг нь энэхүү хүүхдийн тоглоомын талбай юм.