Б.Нарангоо
Ерөнхий редактор
Ярилцлага
2024.05.10 15:47
2987
Б.Солонгоо: Зүүн бүсийн аймгууд хилийн долоон боомт бүхий хөгжлийн онц давуу талтай 

“Тойргийн шийдэл” контент энэ удаагийн дугаартаа ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоог урьж ярилцлаа. Тэрбээр Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийг хамарсан тойрогт нэр дэвшихээр горилж буй юм. Түүнтэй мөн цаг үеийн асуудлаар ч дэлгэрэнгүй ярилцлага өрнүүлэв. 

 Эрүүдэн шүүлт тулгасан хэмээн шүүхээр ял шийтгүүлсэн хүн УИХ-д горилж буй нь, залуу хуульчийн хувьд харамсмаар 

-Б.Хурц нарыг шийтгэсэн шүүхийн шийдвэрийг Засгийн газар нууцаас гаргалаа. Хуулийн хүрээнд яг ямар процесс өрнөхөд нээлттэй болж байгаа юм бэ? 

-Засгийн газрын хуралдаанаар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой шүүхийн шийдвэрийг нууцаас гаргахаар шийдвэрлэлээ. Өмнө нь бид холбогдох хүсэлтийг тавьж, энэ дагуу ТЕГ ажилласан. Улмаар энэхүү гурван шатны шүүхийн шийдвэрийг нууцаас гаргаж болно гэсэн дүгнэлт гарсан.  

Товчхондоо Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн Б.Хурц тэргүүтэй хүмүүст ял оногдуулсан шүүхийн шийдвэр нууцад байсан юм. Холбогдох хуулийн дагуу прокурорт шилжээгүй, архивт хадгалагдаагүй байсан. 

Харин үүнийг нууцаас гаргаж байж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар иргэний журмаар нэхэмжлэл гаргах болон нөхөн төлбөр авахад дэмжлэг болно. Дэмжлэг болох баримтууд уг шүүхийн шийдвэрт тусгагдсан. 

Ажлын хэсэг тэдний эрхийг хамгаалах, олон улсын хүний эрхийн байгууллагуудад асуудлыг уламжлах, энэ чиглэлд хамтран ажиллах, санал дүгнэлтийг ЗГ-т хүргүүлэх үүрэгтэй.  

Бид эрүүдэн шүүлтийн хохирогч болсон иргэдэд дэмжлэг, зөвлөмж өгдөг олон улсын байгууллагуудтай холбогдсон. Харин үргэлжлүүлэн ажиллахад Б.Хурц тэргүүтэй хүмүүст ял оногдуулсан шүүхийн шийдвэр нууцаас гарсан нь нэмэр тус болно.  

-Олон нийтэд нээлттэй тавигдах боломжтой юу? 

-Хувь хүний нууцад холбогдох мэдээллүүд бий. Прокурорт хүсэлт гаргаж, танилцах боломжтой. Уг материалыг прокурорын архивт шилжсэний дараа иргэд, сэтгүүлчид хүсэлт тавих боломжтой. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ч өөрсдөө үзэх боломжтой болно.  

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрхийг хамгаалах ЗГ-ын ажлын хэсэг сарын өмнө байгуулагдсан. Өмнө нь ЗГ-ын хэмжээнд энэ асуудал яригддаг байсан. Гэхдээ яг ажлын хэсэг байгуулж ажиллах болсон гол түлхэц, нөхцөл байдал нь юу вэ. Сонгууль дөхсөн болохоор гэж ярьж, бичиж байна? 

-Алив иргэний зөрчигдсөн эрхийг хамгаалах үүрэг Засгийн газарт бий.  

Нэг жил гаруйн өмнө Х.Нямбаатар сайд мэдээлэл өгсөн. Ингэхдээ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг яллагдагчаар татсан прокурорын тогтоол хүчингүй болсныг мэдээлсэн. Улмаар тэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр иргэний журмаар нэхэмжлэл гаргаж болох нөхцөл бүрдсэн. 

Харин энэ нэг жилийн хугацаанд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар нөхөн төлбөр аваагүй байна. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь удаа дараа буцааж байсан. 5-6 жилийн хугацаанд эрх чөлөөгөө хасуулж, хүнд дарамт шахалтад байж, ноцтой хүн амины хэргийн үйлдэгч гэж улс орон даяар мэдээлэгдсэн хүмүүсийн хувьд нөхөн төлбөр авах асуудал зайлшгүй яригдах ёстой. 

Тэдний эрхийг сэргээхтэй холбоотой дорвитой ажил хийгдсэнгүй. Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулсан.  

Нөгөөтээгүүр, УИХ-ын сонгууль дөхөж буйтай холбоотойгоор, С.Зориг агсны хэрэгт тэднийг гэм буруутай мэтээр ойлгуулсан хэвээр байна. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гурван шатны шүүхээр ял шийтгэсэн тогтоол бүхэлдээ хүчингүй болсон шүү дээ. Тодорхой улс төрийн зорилгоор өнөөдөр ч гэм буруутай мэтээр мэдээлж, мэдэгдэл хийж байгаа нь хариуцлагагүй үйлдэл. 

Нөгөө талаар, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутай гэсэн сэтгэгдлийг нийгэмд үлдээж, эрх ашгийг нь хохироосоор буй энэ үйл ажиллагаанд ЗГ анхаарал хандуулах ёстой гэж үзсэн.  

Тодорхой жишээ дурдвал, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Хүн амины хэрэг үйлдсэн алуурчдыг ЗГ сулласан” гэж буруу ташаа мэдээлэл түгээсэн. Засгийн газар шүүхийн хараат бус байдалд нөлөөлөх боломжгүй. 

Цаг хугацааны хувьд, “Сонгууль дөхсөн үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг хөндлөө” гэсэн болгоомжлол иргэдийн дунд байна. Монгол Улсын иргэн хэн ч бай эрүү шүүлтийн хохирогч болох ёсгүй. Мөн эрх нь зөрчигдсөн бол түүнийг сэргээх механизм ажиллах ёстой. Ажиллахгүй бол ажиллуулах ёстой.  

Залуу хуульч хүний хувьд харамсалтай санагддаг зүйл бол, эрүүдэн шүүлт үйлдсэн гэж шүүхээс ял авсан хүн өнөөдөр УИХ-д нэр дэвшинэ гээд, өмнө нь үйлдсэн хэргийнхээ тухайд мэдэн будилж, өнөөдөр хүртэл Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг буруутай мэт ойлгуулж байгаа явдал. 

Тэгэхээр бид намуудад ч бас уриалах нь зүйтэй юм болов уу. Хүний эрхийн ноцтой зөрчил гаргасан этгээд ард түмнийг төлөөлнө гээд явж буй нь эмгэнэлтэй зүйл л дээ.  

-Тэд хэдэн удаа шүүхэд нэхэмжлэл гаргаад, буцаагдсан юм бэ? 

-Бид ШЕЗ-өөс мэдээлэл авч, өмгөөлөгч нартай уулзсан.  

Б.Содномдаржаагийн хувьд хараахан нэхэмжлэл гаргаагүй. Эмчилгээ хийлгэж байгаа, хугацаа болоогүй гэсэн байр суурьтай байсан. 

Т.Чимгээгийн хувьд гурван нэхэмжлэл гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй. Харин сүүлд гаргасан дөрөв дэх нэхэмжлэлийг хүлээж авсан гэдэг мэдээлэл ирсэн.  

Энэ бол шүүхийн бүрэн эрхийн асуудал юм. Бид мэдээлэл авах байдлаар ажиллаж байгаа. Бидний хувьд шүүхийн хараат бус, бие даасан байдалд нөлөөлөх аливаа үйлдэл хийж болохгүй. Нэхэмжлэл болон нөхөн төлбөртэй холбоотой шүүхийн үйл ажиллагаа бидэнд хамааралгүй.  

Харин манай улс Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцод нэгдэн орж, тодорхой үүргүүд хүлээсэн. Үүгээрээ, тэдэнд нөхөн төлбөрийг цаг алдалгүй, хангалттай хэмжээнд өгөх үүрэгтэй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ч иргэний журмаар нэхэмжлэл гаргахтай холбоотой зохицуулалт нь бий.  

-Шүүх нөхөн төлбөр олговол л эрхээ хамгаалууллаа гэж үздэг үү. Тэгвэл, ажлын хэсгийн үүрэг яг юу юм бэ?  

-Энэ төрлийн нэхэмжлэлийг төрийн эсрэг гаргаж буй. Төрөөс хохирлыг барагдуулна, эргээд төсвийн, татвар төлөгчдийн мөнгө. Тэгэхээр нөхөн төлбөрийг буруутай этгээдүүдээс гаргуулах асуудлыг прокурорын байгууллага нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой.  

Цаашид шүүхийн шийдвэр хэрхэн гарахаас шалтгаалж, үргэлжлүүлэн эрхээ сэргээлгэхийг хүсэх эсэх нь тодорхой болно. Ажлын хэсэг энэ чиглэлд олон улсын хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллах боломжтой.  

-Сэдвийг энэ асуултаар хаая. Сүүлийн үед С.Зориг агсны хэрэг дахин яригдаж эхэлснээр олон нийт “Бүхэлд нь нууцаас гарга” гэж шаардаж байна л даа. Холбогдох материалуудыг сүүлийн жилүүдэд нууцаас хангалттай гаргасан гэж ойлгодог. Нууцаас гарсан болохоор тодорхой шинэ нөхцөл байдлууд үүсжээ гэж. Энэ ойлголт зөв үү? 

-С.Зориг агсны хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа.  

Харин хэргийн материалыг ил тод, нээлттэй болгоно гэдэг хуулиар боломжгүй зүйл. Шалгагдаж байгаа хэрэгтэй холбогдуулж, шаардлагатай бол олон нийтэд прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгдөг шүү дээ. ЦЕГ дээр ажлын хэсэг үргэлжлүүлэн шалгаж байна. Өмнө нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын яллагдагчаар татагдан шалгагдсан, ТЕГ дээр байсан хэрэг 2021 онд нууцаас гарсан.  

Тэгэхээр С.Зоригийн хэрэгт холбоотой алив материал нууцад байхгүй, өөрийн чинь хэлдгээр дийлэнх нь гарсан гэсэн үг. 

Гэхдээ олон нийтэд мэдээлэх боломжгүй, аль ч улсын хууль ийм. Мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх эрсдэлтэй. 

С.Баярцогт ХоГ-ний ажлын хэсгийг ахалж байхдаа "Туркоиз Хилл Ресурсес"-т хөрөнгө оруулж, ашиг сонирхлын зөрчил гаргасан 

-Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй байгаа. Одоо манай талаас сануулж, нэг талдаа гарах ёстой ямар сэдэв байгаа вэ?  

-Хамгийн том асуудал бол татварын маргаан.  

1.3 их наяд төгрөгийн гурван актын маргаан Лондонгийн олон улсын арбитрын шүүх дээр үргэлжилж байна. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гурав дахь татварын актыг тавьсан. Мөн хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрөөгүй, дөрөвдүгээр сарын 30-нд улмаар нэмэлт нэхэмжлэлийн шаардлага болгож арбитрын шүүхэд хүргүүлсэн. Манай ЗГ-ын зүгээс хариу тайлбар өгөх хугацаа долдугаар сарын сүүлээр.  

Бид олон улсын хуулийн фирмтэй хамтарч, байр сууриа хамгаалахаар ажиллаж байна.  

Энэ бол 1.3 их наядаар хэмжигдэх бус, ер Оюу толгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаар ажиллаж, орлого эрс өссөн тохиолдолд манай улс хангалттай хэмжээний татварын орлого авах эсэх тухай асуудал юм. Иймд татварын маргаанд бид зайлшгүй ялах шаардлагатай.  

Ялагдвал татварын орлогын хувьд энэ төсөл Монголд ашиггүй болно.  

ХоГ-ний болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлууд бий. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг УИХ-тай зөвшилцөлгүй, Дубайн гэрээнд татварын агуулга тусгасан. Үүнийг хууль зөрчсөн гэж татварын албанаас үздэг. Цаашид талууд аливаа маргаангүй байя гэвэл энэ асуудалд ойлголцох ёстой.  

2022 оны арванхоёрдугаар сард Оюу толгойн хэлэлцээний эхний амжилт гарсан шүү дээ. Монголын Засгийн газрын эзэмшдэг 34  хувьд ноогдох 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглүүлсэн. Ингэхдээ ямар нэг асуудалд буулт хийгээгүй, тохиролцоогүй. Буулт хийлгүйгээр тэглүүлсэн нь өөрөө амжилт байсан.  

Харин одоо татварын маргаан үлдсэн.  

-34 хувь ноогдох өр тэглэгдсэний ач холбогдлыг олон нийт төдийлөн ойлгодоггүй юм билээ? 

-Ингэснээр бид “Оюу толгой” ХХК-ийн ноогдол ашгийн 34 хувийг, яг хөрөнгө оруулагч талтай ижил нөхцөлөөр авах боломжтой болсон.  

Өмнө нь энэ 34 хувиа санхүүжүүлэх зорилгоор манай тал зээл авсан байсан. Өндөр хүүтэй. Нэмээд улирал бүр хүүгээс хүү нэмж тооцогддог. Ирээдүйд авах ноогдол ашгаас энэ зээлийг төлнө гэж тохирсон байсан хэрэг. Гэтэл зээлийг төлөх хэмжээнд ноогдол ашиг авах эсэх нь ч эргэлзээтэй байсан. Өнөөдөр тэр өр байхгүй болсон.  

-Харин татварын маргаан дээр та ямар гарц хардаг вэ. ХоГ-нд өөрчлөлт оруулахаас аргагүй сэдэв биш үү? 

-ХоГ-г өөрчлөхгүй байр суурийг “Рио Тинто” илэрхийлдэг. Их лобби хийдэг л дээ.  

Үүнтэй холбоотой асуудал хөндөгдөхөд ЗГ-ын эсрэг сөрөг мэдээ, мэдээлэл гардаг. Хөрөнгө оруулалтын орчин тогтворгүй боллоо гэх мэдээллүүд түгдэг. Сүүлийн дөрвөн жил ЗГ-ын ажлын хэсэгт ажиллахдаа үүнийг анзаарсан.  

Нөгөө талаар, ХоГ байгуулагдаад 15 дахь жилдээ золгох гэж байна. Энэ гэрээгээр маргаан их үүсэв үү, эсвэл талуудын харилцаанд дэмжлэг болж ирэв үү? Маргаан үүссэн нь дийлэнх. Алив маргаангүй урагшилъя гэвэл татварын асуудалд нэг талдаа гарах ёстой.  

Харин үүний тулд ХоГ-нд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй гэж би ажлын хэсгийн гишүүний хувьд боддог.  

30 жилийн хугацаатай гэрээнд бол нөхцөл байдлаас шалтгаалан өөрчлөх санал гаргах боломжтой. Энэ дэлхийн аль ч улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчим. Цаашид “Рио Тинто”-г аль болох энэ асуудалд уян хатан хандаасай гэж боддог. Тэдний олон улсад өөрсдийгөө сурталчилдаг бодлогод нь шударгаар татвар төлнө, татвараас зайлсхийсэн алив үйлдэл гаргахгүй гэсэн агуулга бий. Үүнд нь ч нийцэх болов уу. 

Түүнчлэн ХоГ-ний эхний төслийг Монголын тал боловсруулаагүй. Хөрөнгө оруулагч талаас боловсруулж, санал болгосон. ЗГ-аас тэр төсөлд ажилласан. 

Гэвч хэн гэрээний төслийг эхэлж боловсруулна, тэр өөрийн талд давуу байдал үүсгэнэ. Иймд бид стратегийн ач холбогдолтой төслүүд дээр гэрээ байгуулахдаа, анхны төслийг өөрсдөө боловсруулж, санал болгож байх ёстой. Дараагийн сургамж бол, мэдээж ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх. 

Хуульч хүний хувьд надад маш харамсалтай санагддаг зүйл бий. Ялангуяа ЗГ-ын ажлын хэсгийн гишүүнээр дөрвөн жил ажилласны хувьд, ХоГ-тэй холбогдуулж хэлмээр байгаа юм.  

Тухайн үед гэрээний төслийг гадаадын хөрөнгө оруулагчтай хэлэлцэн тохирох ажлын хэсгийг С.Баярцогт ахалж байсан. Мөртлөө “Туркоиз Хилл Ресурсес” компанид хөрөнгө оруулсан байдаг. Тухайн үед “Айвэнхоу Майнз” нэртэй байсан.  

Өөрөөр хэлбэл, ХоГ байгуулагдсаны дараа хувьцааны ханш өснө гэдэг хүлээлттэйгээр, ЗГ-ыг төлөөлж буй ажлын хэсгийг ахлагч нь хөрөнгө оруулна гэдэг том зөрчил. 

Энэ зөрчлийг гаргасан хүн өнөөдөр дахиад нийтийн албан тушаал хашна гээд, УИХ-ын сонгуульд горилж буй нь харамсалтай санагддаг.  

-С.Баярцогт “Туркоиз Хилл Ресурсес”-ийн хувьцааг ААН-ээр худалдаж авсан байсан юм уу?  

-Түүнийг шүүхээр шийтгэсэн тогтоолд энэ тухай тодорхой тусгагдсан байдаг. Сэдвийн хүрээнд илүү дэлгэрүүлж ярих нь дэмий байх.  

Анх санаачлахдаа ийм амжилтад хүрнэ гэж төсөөлөөгүй. Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт манай талд том хөшүүрэг болсон  

-Оюу толгойн хэлэлцээний ихэнх гол ажлыг та деталь түвшинд нь гардан нугалсан. Идэвхтэй ажилласан хугацааг одоо эргэж харахад, тодорхой хэмжээнд өөртөө “тоож” боддог амжилт юу байдаг вэ? 

-2020 оны наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс (Тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан) Оюу толгойн хэлэлцээний ажлын хэсэгт орж ажиллах санал ирсэн л дээ.  

Тухайн үед би хувийн хэвшилд, бизнесийн чиглэлээр хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг ажилтай байсан.  

Харин төрийн албанд орж ажиллаад, Оюу толгой төсөлд холбогдох олон маргаантай асуудал бийг олж харсан. 2019 онд 92-р тогтоолыг УИХ-аас баталсан байсан. Уг тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд бид ерөнхий ажлаа зохион байгуулсан.  

Хуульч хүний хувьд маш их зүйл уншсан. Мэдээллийн зөрүүтэй байдал үүссэн байв. Манай талын мэдээлэл маш ерөнхий, явцуу, дүн шинжилгээ хийхэд төвөгтэй. Харин “Рио Тинто”-д илүү мэдээлэл байсан. Юун түрүүнд мэдээллийн тэнцвэргүй байдлыг арилгах чухал байсан.  

Их хэмжээний материал, мэдээлэлтэй нухацтай танилцсан нь манай талд эерэгээр нөлөөлсөн байх гэж боддог. Давуу тал бий болгох гол хөшүүргийг атгасан. 

Тухайн үед гүний уурхайн төсөл гацаж, зардал хэтэрсэн байсан. Манай талд ирэх үр өгөөж улмаар буурсан. Ноогдол ашиг авах битгий хэл, өрөө ч төлөхөөргүй дүр зурагтай болсон байсан. 2050 онд 22 тэрбум ам.долларын өртэй үлдэнэ гэдэг тооцоолол угтаа “Рио Тинто”-гоос өгсөн санхүүгийн мэдээлэлд байсан юм. Тэд 2021-2051 он хүртэлх санхүүгийн загварчлал хийсэн байсан л даа.  

-Засгийн газрыг л ингэж тооцоолж гэж боддог байсан? 

-Тийм биш. Намайг ажлаа авснаас дөрвөн сарын дараа энэ мэдээлэл ирсэн.  

Би уншаад, ажлын хэсгийн гишүүний хувьд төдийгүй иргэний хувьд итгэж чадаагүй. Гэртээ очоод тооцоолол бүрийг нь нягталж үзсэн. Тэр шөнө нойр хүрээгүй. “Арай ч дээ” гэмээр нөхцөл байдалд очсон байсан. 

Ер нь биднийг их шахаж байсан л даа. Гүний уурхайн нэмэгдсэн зардлыг баталж өг. Эсвэл төслийг зогсооход хүрнэ гэж. Зардал хэтэрснийг “Геотехникийн шалтгаан, нөхцөл байдал бидний хяналтад байгаагүй” гэж тайлбарлаж байсан. Нэг үгээр, “Төсөл Монголд ашиггүй болохоос өөр арга алга” л гэдэг байсан.  

Харин ОУ-ын мэдээллүүдийг авч үзэхэд өөр. Жишээ нь, Ричард Боули энэ асуудлаар шүгэл үлээж байсан. Бид түүнтэй холбогдсон. Мэдээлэл хуваалцсан. Бидэнд аль болох хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргах нь зүйтэй, “Рио Тинто”-д бүрэн дүүрэн итгэж болохгүй гэж зөвлөсөн.  

Ингээд бид “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хуралд санал оруулсан л даа.  

Энэ Монголын тал ТУЗ-д санал гаргаж, түүнийхээ араас явсан бараг анхны тохиолдол болсон болов уу. Ашиг сонирхлын зөрчил үүсэх тул “Рио Тинто”-гийн төлөөлөл гишүүдийг саналын эрхгүй оруулсан. Ингэж хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт гаргуулах асуудлыг ТУЗ дээр шийдвэрлүүлсэн. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” ХХК-ийн түүхэнд анх удаа ТУЗ дээр Монголын ЗГ-ын болон “Туркоиз Хилл Ресурсес”-ийн төлөөллийн саналаар асуудал шийдвэрлэгдсэн.  

Тухайн үед ТУЗ-д манай Засгийн газрын төлөөлөн ажиллаж байсан Э.Баясгалан, З.Ган-Очир нар үнэхээр мэргэжлийн ур чадвараа дайчилсан.  

Хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт наймдугаар сарын эхээр гарч, олон улсын хэвлэлүүдэд ч мэдээлэгдсэн. Энэ дүгнэлт маш том түлхэц болсон. 

Үүнийг анх санаачилж, Засгийн газарт танилцуулж явахдаа ийм хэмжээний үр дүнд хүрнэ гэж төсөөлөөгүй.  

Гэхдээ манай эрх ашигт нийцсэн, “Рио Тинто” шууд үгүйсгэж чадахааргүй дүгнэлт гарсан.  

Одоо гүний уурхайн зардалд аудит хийгдэх ёстой. “Эрдэнэс Оюу толгой” ХХЗ-ийг үүн дээр анхаарч ажиллаасай гэж боддог. 

Энэ бол идэвхтэй хөдөлмөрлөх, өнгөрсөн 30 жилийн алдааг засалцах хариуцлагатай нас  

-Та олон улсын тавцанд хүлээн зөвшөөрөгдөхөөр шаргуу хөдөлмөрлөж байсан хуульч хүн. Анх Засгийн газарт ажиллах санал хэрхэн ирж байв?  

-Би өөрийгөө улс төрийн ажил хийнэ гэж огт төсөөлж байгаагүй. Мэргэжлээрээ л ажиллана гэж боддог байлаа.  

2007 онд ЗГ-ын тэтгэлгээр Унгарт төгсөж ирээд, Монголдоо ажилласан. Дараа нь Их Британи, АНУ-д хоёр удаа магистр хамгаалсан. Сайн хуульч болъё гэж л шаргуу, ачаалалтай ажиллаж байсан. Хуульч бүрийн хүсэл мөрөөдөл бол олон улсад хүлээн зөвшөөрөгдөх. Харвардын хуулийн сургуульд сурсан нь, Нью-Йоркод шалгалт өгч, Нью-Йоркийн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй болсон нь үүний л тулд. Мөн Английн хуулиар зөвлөгөө өгөх эрх авсан байсан.  

Өөрөөр хэлбэл сайн боловсон хүчин болъё л гэж хөдөлмөрлөж байсан. Харин 2014 онд Харвардад хамгийн олон монгол оюутан суралцаж таарсан л даа. Таван Монгол оюутан Харвардын харьяа сургуулиудад суралцаж байлаа, тэр үед. Тэдний нэг өнөөдөр Монгол Улсын Ерөнхий сайд болсон байна. Л.Оюун-Эрдэнэ Харвардын харьяа Кеннедигийн сургуульд Төрийн удирдлагаар. Харин бизнесийн чиглэлээр О.Батнайрамдал, өдгөө МАН-ын Нарийн бичгийн дарга. Харин докторантаар өнөөгийн УУХҮ-ийн дэд сайд Б.Уянга суралцаж байсан.   

Ижил төсөөтэй тал нь, бид бүгд л жирийн айлын хүүхдүүд байсан. 

Тэр оюутан ахуй цагт эх орноо хөгжүүлэх сэн, Харвард дахь энэ орчин нөхцөл Монголд маань бий болоосой гэж ярьдаг, мөрөөддөг байлаа. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өсөх ирээдүйтэй улстөрч гэж огт мэдээгүй. Учир нь бид улс төр сонирхдоггүй, урдах ажлаа хийж явсан залуус. Тэр ч бидэнтэй улстөрч маягаар харьцаж байсангүй.  

2015 онд бид тус тусын сургуулийг төгсөж, салбар салбартаа ханцуй шамлан орсон. Хэнд нь ч улстөрд орно гэсэн төсөөлөл байгаагүй. Харин Л.Оюун-Эрдэнэ биднийг Монголын улс төрд залуу боловсон хүчин орж, ажиллах нь зөв гэдэг эрмэлзлээр татаж чадсан.  

Өнгөрсөн 30 жилд манай улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээр олсон нь их, алдсан нь ч их. Авлига, албан тушаалын гэмт хэрэг, ашиг сонирхлын зөрчил гаарсан. Нийгэмд маань ялгаатай байдал их болж байна. Залуу хүний хувьд үүнд эмзэглэн ханддаг.  

Улмаар хуваагдал, ялгаатай байдлыг өөрчлөх, эх орноо хөгжүүлэхэд хүчин зүтгэхийн тулд төрийн албанд орох шийдвэрийг өөртөө гаргасан даа.  

-УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн байгаа юу. Үе солигдож, 80-аад оныхон улс төрд ч мөн адил хийж бүтээх цаг хэдийнэ ирчихлээ шүү дээ?  

-Өдгөө ХЗДХ-ийн дэд сайд буюу улс төрийн албан тушаал хашиж байна. Энэ бол намын УЗ-өөр хэлэлцэгддэг албан тушаал. Залуу, шинэ хүнд итгэл хүлээлгэсэнд хүндэтгэн, талархдаг. Энэ итгэлийг дааж, үр бүтээлтэй ажиллах сан гэж боддог.  

Эхэлсэн ажлыг үргэлжлүүлэх, дараагийн шатанд гаргах хэрэгтэй. Дэд сайдаар ажиллачихаад л болих бол нөгөө талаас намын итгэлийг хөсөрдүүлсэн хэрэг болох байх. Нэгэнт эхэлчихлээ. Харин ямар хэмжээнд хүрч чадах вэ, тэр хүртлээ ажиллаад үзье гэсэн эрмэлзлээр нэр дэвших хүсэлтээ намдаа өгсөн. Намын УЗ, Бага хурлаар надад мандат олгох эсэхийг шийдвэрлэнэ.  

Хөгжилд бид бүгд өөр өөрийн хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Манай хүн ам харьцангуй залуу. Энэ залуу үедээ аль болох их хөдөлмөрлөж, хувь нэмрээ оруулбал нийгэм хурдацтай хөгжих боломжтой. 80-аад оныхонд том үүрэг хариуцлага ирлээ гэж боддог. Зарим нь 40 нас хүрээд эхэллээ. Энэ бол одоо хийж бүтээх нас. Илүү ихийг бүтээх, өнгөрсөн 30 гаруй жилд үүссэн алдааг засах хариуцлагатай үе. 

Нөгөөтээгүүр, Улаанбаатар хотын болон орон нутгийн амьдралын хэмнэл, бараа үйлчилгээ, боловсролын чанарт ялгаатай байдал гаарчээ. Үүнд зайлшгүй анхаарах нь бидний үүрэг болж байна. Хэсэг бүлэг нь тасарч, үлдсэн нь бага орлого, бага боломжтой амьдарна гэдгийг миний хувьд хүлээн зөвшөөрч чаддаггүй.  

-Тийм ч болохоор бүсчилсэн хөгжлийн концепцыг ид хэрэгжүүлэх цаг үе дээр ирээд байна. 2024 оны УИХ-ын сонгууль тодорхой хэмжээнд үүний эхлэл болох байх. Бүсүүдийн хөгжлийн гарцыг хаана хаанаа тодорхойлох чухал үе эхэлчихлээ? 

-Жишээлбэл, зүүн бүсийг дурдаж болно. Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг багтана. Би өнгөрсөн хугацаанд зүүн бүсэд олонтой томилогдож ажилласан. Манай аавын аав мөн Дорнодын уугуул хүн. Тийм болохоор Дорнодод очих бүр их дотно санагддаг.  

Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймаг ялгарах томоохон онцлогтой. Энэ бол ОХУ, БНХАУ-тай хиллэсэн долоон боомттой явдал. Энэ боломжийг ашиглаж, тээвэр ложистикийн салбар хөгжүүлэх нь зүй.  

Дорнод аймгийн хувьд Эрээнцав боомтоор ОХУ-тай төмөр зам, автозамаар холбогддог. Тэдгээрийг үргэлжлүүлэн Бичигт боомттой, цаашлаад БНХАУ-тай холбож чадвал зүүн бүсийн хөгжилд томоохон түлхэц болно.  

Мөн зүүн бүс бэлчээр сайтай. Уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх боломж бий. 

Түүхэн болон байгалийн аялал жуулчлалын маршрут хөгжүүлэх ч өргөн боломжтой. Хэнтий бол Их эзэн Чингис хааны мэндэлсэн өлгий нутаг, түүхэн олон үйл явдлын “архив”. Дорнод, Сүхбаатар ч мөн ижил. Байгалийн үзэсгэлэнт газар ч ихтэй.  

Аялал жуулчлал хөгжүүлбэл тэнд өрхийн аж ахуй, бизнесийн салбар ч дагаад хөгжинө. Хилийн долоон боомттой гэдэг аль ч бус нутагт байхгүй том давуу тал юм.  

Одоо ихэнх сумд автозамаар холбогдоогүй байна. Иймд автозам болон гүүрэн байгууламжаар орон нутгийг холбох шаардлагатай нь анзаарагддаг. Холбогдох ажлууд төлөвлөгдсөн.  

Мөн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу, бүс бүсийн онцлогоос шалтгаалж татварын ялгаатай бодлого баримтлах чиглэл гарсан. Орон нутагт хөдөлмөр эрхэлж буй иргэдэд энэ нь илүү хүртээмжтэй нөхцөл байдал бий болгоно гэж хардаг.